"100 тэрбумыг шийдвэл 30 мянган өрх байранд орно"

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

"100 тэрбумыг шийдвэл 30 мянган өрх байранд орно"

"100 тэрбумыг шийдвэл 30 мянган өрх байранд орно"

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн (өчигдөр) хуралдаанаараа түрээсийн болон ахмадын орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтээр мэдээлэл сонслоо. 40, 20 дахь жилдээ орон сууц хүсээд шийдүүлж чадаагүй иргэд ч байна. Ийм иргэдийн асуудлыг хэрхэх вэ?

-Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд ирүүлдэг өргөдлийн дийлэнх хувийг түрээсийн болон ахмадын орон сууцанд хамруулж өгөх хүсэлт эзэлдэг. Одоогоор Өргөдлийн байнгын хороо 700 гаруй өргөдөл хүлээн аваад байгаа. УИХ-ын гишүүдэд мөн байранд хамруулж өгөх хүсэлт ирдэг.

Нийслэлийн Захирагчийн албанд 15 мянган ахмад байр хүссэн байгаа, есөн дүүрэгт хэд байгааг хэлж мэдэхгүй нь. Эндээс иргэд ахмадын орон сууц, түрээсийн орон сууцанд хамрагдах сонирхол ямар их байна вэ гэдэг нь харагдана.

Гэвч хүсэлт өгсөн иргэдийн 70-80 хувь нь орон сууцанд хамрагдаж чадаагүй байгаа. Энэ нь зохион байгуулалтаас эхлээд санхүүжилтийг шийдэх амаргүй асуудал олон байгаатай л холбоотой юм. Иргэд ярьж байна, “1992 оноос эхлэн хөөцөлдөөд барсангүй. Байр хүссэн өргөдөл хаана ч яваа юм бүү мэд” гэж…

Нийслэлд иргэдээс ирүүлсэн өргөдлийг дугаарладаг байсан ч өмнөх 4 жилд дүүргүүдэд шилжүүлснээр бүртгэл замбараагүй болсон гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч хэллээ. Эндээс эхлээд цэгцлэх олон ажил байна.

-Засгийн газраас түрээсийн орон сууц, ахмадын орон сууц хөтөлбөрийг баталснаас хойш хэчнээн иргэний асуудал шийдэгдсэн юм бол?

Төрийн орон сууцны корпорац өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүсэлт ирүүлсэн иргэдээс шаардлага нөхцөл хангасан гэж үзсэн 360 иргэнийг түрээсийн орон сууцанд хамруулсан байна. Эрэлт бол үүнээс илүү байгаа.

Мөн тус корпорацид бэрхшээлтэй нэг асуудал үүссэн нь төсөвт 87 тэрбум төгрөгийг суулгахгүй бол өмнөх жилүүдэд Хөгжлийн банкнаас авсан зээл, хүү хоёр нь дарамт учруулах болсон. Засгийн газар цаг алдалгүй энэ асуудлыг шийдчихвэл 900 гаруй айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх бололцоотой юм билээ. 

-Түрээсийн орон сууцны нэг метр квадратын үнэ хэд юм бол. Сарын түрээсийн төлбөр нь зорилтот бүлгийнхэнд нийцэж чадаж байгаа юу?

-ТОСК-ын захирлын өгсөн мэдээллээр “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын түрээсийн орон сууцны 1м2-ын үнэ 6000 төгрөг. Улсаас тогтоосон түрээсийн орон сууцны 1м2-ын үнэ нь гэсэн. Талбайн хэмжээнээсээ хамаарч сарын түрээсийн төлбөр нь тогтдог. Жишээлбэл, 39,3m2 талбайтай байр түрээсэлсэн бол сарын түрээсийн төлбөр нь 240 мянган төгрөг байна.

56,08m2 талбайтай байр түрээсэлж байгаа бол сарын түрээсийн төлбөр нь 340 мянган төгрөг. Зах зээлд байгаа байруудын түрээсийн төлбөртэй харьцуулахад хямд ч  бага, дунд орлоготой иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сарынх нь орлоготой дүйцүүлээд үзвэл зарим талаараа ахадсан. Буулгая гэхэд төр өөр дээрээ ачаа үүрэх болдог гээд асуудал байгаа. Ийм учраас Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Барилга хот байгуулалтын яам, нийслэлтэй хамтраад судалгаа хийнэ.  Одоогийн түрээсийн төлбөр нь зорилтот бүлэгтээ нийцэж чадаж байна уу, бууруулах боломж бололцоо нь юу байна вэ гэдгийг нягтална. 

Уг нь Хөгжлийн банкны зээлийг шийдвэл түрээсийн орон сууцны талбайн хөлсийг бууруулах бололцоотой гэж хэлээд байгаа.

-Нийслэл ахмадын орон сууц, түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хэрэгжилт нь удаан байгаа нь бас л санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой юу?

-Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд таван байршилд баригдаж байгаа ахмадын болон түрээсийн орон сууцанд 10 мянган айлыг хамруулах боломжтой гэсэн мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Баярхүү танилцуулсан.

Энэ оны хувьд 5000 айлыг дээрх орон сууцанд хамруулах санхүүжилтийг шийдсэн юм байна. Үлдсэн байранд 5000 айлыг оруулахын тулд 30-аад тэрбум төгрөг шаардлагатай. УИХ-ын дэмжлэг хэрэгтэй гэдгийг хэлсэн.

-Нийслэл ч, ТОСК ч орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардлагатай гэлээ. Эх үүсвэрийг хаанаас босгох боломжтой гэж харж байна вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх гарц нь орон сууцыг олноор барьж, иргэдээ хамруулах шаардлагатай. Гэтэл санхүүжилт дээр асуудал үүсээд эх үүсвэргүй зогсоод байвал цаг л алдана. Ийм учраас санхүүжилт дээр тодорхой шийдэл гаргах шаардлага байна. Тухайлбал, улсын төсвөөс хэдийг нь шийдэх юм, БНСУ-аас авах жилийн 0.2 хувийн хүүтэй 500 сая ам долларын зээлийг агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулъя гэсэн. Үүнээс хэдийг нь түрээсийн орон сууцанд шилжүүлэх вэ гэдгийг тодорхой болгох. Мөн олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдийн зээл, буцалтгүй тусламж зэргээс 100-гаад тэрбум төгрөгийн асуудлыг шийдчихвэл 2018, 2019 онд багтаагаад 30 мянган  иргэнийг түрээсийн болон ахмадын орон сууцанд хамруулах бололцоо байна. 

-Иргэдийг ахмадын болон түрээсийн орон сууцанд хамруулахын тулд шалгуурыг зөөллөх шаардлагатай гэх асуудал хөндөгддөг. Энэ асуудлыг ажлын хэсэг судлах уу?

-Судалж таарна. Зөвхөн түрээсийн, ахмадын орон сууцаар хязгаарлахгүй,  ипотекийн зээлд хамрагдах шалгуур ч өндөр байгаа. Мэдээж эрсдэл зэргийг тооцож, шалгуур тавих нь зүйн хэрэг. Гэхдээ өнөөдөр зорилтот бүлгийг орон сууцанд түлхүү хамруулж байж, утааг шийдэх учраас тавигдах шалгуурыг зөөллөх амьдралын бодит шаардлага үүсэж байгаа.

Засгийн газрын төвшинд зарим ажлыг эхлүүлсэн гэсэн. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүүг 7, урьдчилгааг 25 хувь болгон бууруулахаар ажиллаж байгаа.  Энэхүү уян хатан нөхцөл нь орон нутагт болон нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан газраас байр сонгосон нөхцөлд үйлчилнэ.

Үүнээс гадна хаа, хаанаа анхаарах нэг асуудал байгаа нь сая нийслэлийн Засаг даргын орлогч хэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон 50 гаруй орон сууц байна. Буулгаад шинээр барихад хөрөнгө шаардлагатай. Гэтэл тэрийг нь компаниуд сонирхдоггүй. Нийслэлээс захдуу байршил муутай гэж үздэг юм байна. Гэтэл газар хөдлөлтөөс эхлээд асуудал үүсэхэд эдгээр хуучин орон сууц нурах эрсдэлтэй. Одооноос эхлээд ажиллах шаардлага байна.

Ийм учраас Өргөдлийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ бүх асуудлыг Барилга хот байгуулалтын яам, ТОСК-ынхонтой хамтарч судлан, тогтоол боловсруулж, Засгийн газарт чиглэл өгнө. 

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж