Ц.Оюун-Эрдэнэ: Түүхийн судалгаатай, үйл явдалтай Монгол зураг ховор

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Ц.Оюун-Эрдэнэ: Түүхийн судалгаатай, үйл явдалтай Монгол зураг ховор

Ц.Оюун-Эрдэнэ: Түүхийн судалгаатай, үйл явдалтай Монгол зураг ховор

"NEWS" агентлаг "Шинэ нэр" булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол зургийн салбарт шинээр тодрон гарч ирж буй залуу зураач Ц.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Монголын соёлын биет болон биет бус өвийг уран зурагт буулган, хойч үедээ үлдээх эрхэм зорилго тээж явдаг нэгэн


ЦЭДЭНПИЛ ОЮУН-ЭРДЭНЭ: 1985.03.01.

Төгссөн сургууль:

2008 онд Дүрслэх Урлагийн дээд сургууль

Мэргэжил: Зураач

Одоо эрхэлж буй ажил: Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгт ерөнхий зураач

Сошиал хуудас: Oyun-Erdene Tsedenpil /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ

-Би дүрслэх урлагийн дээд сургуулийг 2008 онд төгсмөгцөө дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгт ерөнхий зураачаар ажилд орсон. Ингээд тус нийгэмлэгээс Монголын сүм хийдүүдийн тухай зураг зурах санал тавьсан юм. Улмаар "Эрдэнэ зуу хийд" хэмээх бүтээл минь төрсөн. Энэ зургийг зурах гэж дөрвөн жилийн хугацаа зарцуулсан. Ингэхдээ “Эрдэнэ зуу хийд”-д очиж, германы эрдэмтдийн 1891 оны үед гаргасан кадастрын зургийг судалж, хамба лам Х.Баасансүрэнтэй уулзаж, аялагчид, жуулчдын авч үлдээсэн гэрэл зургууд, түүхийн сурвалжит ном зэргийг судалж, судалгааны ажилдаа орсон.

“Эрдэнэ зуу” хийд өөрийн гэсэн онцлог түүхтэй. Эрт үед тус хийдэд “Цамба эргэх ёслол”, “Майдар эргэх ёслол” гээд шашны хоёр том ёслол болдог байсан гээд тухайн үеийн бүх үйл явдлыг энэ зурагтаа буулгасан. Ер нь монгол зураг, тэр дундаа дэлгэмэл зураг зурахын тулд урт удаан хугацааны судалгаа хийх шаардлага гардаг. "Эрдэнэ зуу" хийдийн бүтээлээрээ би Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шагналыг хүртсэн маань миний анхны том амжилт байлаа.

Монгол зургийн арга барил, техник бусад уран зургаас хэр ялгаатай вэ?

-Монгол зургийн арга барил, материалын хувьд бусад уран зургаас маш их ялгаатай. Монгол зургийг монгол хүн л зурж чадна. Энэ бол дэлхийд Монголын нэрийн хуудас болох ганц урлаг гэж боддог. Ихэнх хүмүүс “Монгол зураг” гэхээр бурхны зураг гэж ойлгодог. Хандлага нь ч тийм. Иймээс би монгол зургийн арга барил, техникийг олон нийтэд таниулан сурталчлах хүсэлтэй явдаг. Бидний сайн мэдэх М.Шарав гуайн “Монголын нэг өдөр” гээд зураг бий. Тэр зураг бол ялт ч үгүй Монголчуудын нэг өдрийн ахуй амьдралыг нэг дор харуулсан дэлгэмэл бүтээл.

Монгол зургийн арга барилаар хэр олон зураач бүтээлээ туурвидаг юм бэ? 

-Жил бүр дүрслэх урлагийн монгол зургийн ангийг олон оюутан төгсөж байна. Тэдний хоёроос гурав нь л зураач мэргэжлээр ажилладаг. Монгол зураг бол маш их тэвчээр шаардсан урлаг. Энэ чиглэлээр бүтээлээ туурвиж буй олон зураач бий. Гэхдээ яг дэлгэмэл, олон үйл явдлыг нэг дор харуулсан, олон дүрслэлтэй бүтээл туурвиж буй хүн ховор байна. Ихэнх зураачид Монгол зургийн арга барилыг орчин үеийн арга барил, график, дизайнтай хослуулан бүтээлээ туурвиж байна даа. Мэдээж, зураач болгон өөр өөрийн гэсэн дотоод мэдрэмж, өнгө аяс бий шүү дээ. Харин би монгол зургийн арга барилыг эрт дээр үеийнхээр нь авч явахыг хичээж байна.

Одоо ямар зураг дээр ажиллаж байна вэ?

-Яг одоо би “Их Хүрээ”-ний хуулбар зураг дээр ажиллаж байна. Учир нь, энэ зураг нь өөрөө 100 жилийн настай, элэгдэж, хуучирсан бүтээл болжээ. Иймээс энэ үеийн “Их Хүрээ”-ний амьдралыг хойч үедээ уран зургаар илэрхийлэн үлдээхийг тулд хуулбар зургийг нь туурвиж байна.

зураач Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?

-Амжаагүй л явна даа. Сургуулиа төгсмөгцөө “Эрдэнэ зуу” хийд хэмээх том бүтээл дээр дөрвөн жил ажилласан. Үүний хажуугаар эмэгтэй хүн юм болохоор хүүхэд төрүүлнэ гэж явсаар байгаад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж амжаагүй байна. Мөн монгол зураг өөрөө маш эрэлттэй бүтээл. Монголчууд төдийгүй гаднын хүмүүс ч гэсэн ихэд сонирхдог. Зурж дуусаагүй байхад л худалдан авах хүн нь гараад ирдэг. Иймээс одоогоор өөрийн зурсан зураггүй байна. Гэхдээ миний хувьд байнга үзэсгэлэн гаргаад байх сонирхол байдаггүй. Үзэсгэлэн гаргах дээрээ тулбал өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдсөн, зургийн арга барил маань төлөвшчихсөн, нийгэмд өгөөжтэй зурагтай болсон цагтаа л үзэсгэлэн гаргана.

нийтдээ хэчнээн бүтээл туурвиж байв

-Том, жижиг гээд нийт 200 гаруй бүтээл бий. Гэхдээ бүгд л зарагдчихсан.

цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-Түүхийг цаасан дээр хараар бичээд үлдээдэгтэй адил соёлын биет болон биет бус өвийг монгол зурагт буулгаж, хойч үедээ үлдээх юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг. Түүхийн судалгаатай, үйл явдалтай дэлгэмэл монгол зураг өнөө цагт ховор. Бидний мэдэх “Монголын нэг өдөр” зураг л байна шүү дээ. Өдөр ирэх тусам монголчууд хотжиж, түүхэн соёлын дурсгалт газар, тухайн үеийн ахуй амьдрал мартагдаж байна. Энэхүү аж байдлыг тэр чигт нь монгол дэлгэмэл зурагт буулгах юмсан гэж боддог. Өнөөдөр би 100 жилийн тэртээх Улаанбаатар хотын хуулбар зургийг зураад сууж байна. Гэтэл үүнээс бидэнд Чойжин ламын музей болон Богд хааны музей зэрэг цөөн тооны дурсгалт газрууд л үлдлээ. Цаашид эдгээр музей байх эсэхийг нь бид мэдэхгүй. Иймээс мартагдаж, устаж үгүй болохоос нь өмнө дэлгэмэл зурагт буулгаж, өнөө цагийн монголчуудын аж амьдралыг харуулъя гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Бидний хойч үед л үлдэх өв шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж