“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гаднатуйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэжөнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэгбичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Дөчин тавдугаар бүлэг
ӨВЧҮҮ ЦЭЭЖЭЭ ЯРЖ, УЛААН ЗҮРХЭЭ УУДЛААД, ҮҮЛ БОРООТОЙ ШӨНӨ ЭНСРЭЛ ЮҮГЭЭ ДУУЛАВ
Өгүүлэх нь: Фөн Жэ, Пин Эийн сэтгэлийг сэргээж байтал олон эгч дүү нар орж ирсэнд, найр тавин суулгав. Пин Эрийг цай аягалж барьсны дараа Фөн Же инээн: “Та нар чинь өнөөдөр урилгын хуудас тараасан юм шиг ирж байна шүү” гэв. Тань Чүнь:
-Бид хоёр хэргээр ирэв. Нэг нь, миний хэрэг. Нөгөөх нь дөрөвдэх охин дүүгийн хэрэг. Энэ нь Лао тайтайгаас үүсэлтэй юмаа гэсэнд Фөн Жэ:
-Ямар хэргийг тийм их чухал болгодог байна гэж асуув. Тань Чүнь:
-Бид нэг шүлэгчдийн цуглаан байгуулсан боловч эхэлмэгцээ бүрдэн цуглаж чадахгүй байна. Цөмөөр л дүрмээ эвдэх юмаа. Миний бодлоор бол чам шиг ян ялдаргүй хүнээр л “Байцаах түшмэл” болговол сайн байна. Дараа нь дөрөвдэх охин дүүгийн хүрээлэнгийн зургийг зурахад хэрэглэх энэ тэр эдлэл дутуу тул Лао тайтайд хэлсэнд “Хойт ордны буланд хэрэглэж байгаад үлдсэн юм байж магадгүй. Байвал түүнийг авч хэрэглэ. Байхгүй бол худалдаж ав гэсэн юм” гэсэнд Фөн Же: “Би тэр шүлэг мүлгийг чинь зохиож чадахгүй. Харин намайг аваачаад идүүлж уулгавал чаднаа” гэв. Тань Чүнь:
-Чамайг чадахгүй гэхэд, заавал зохиолгох гэхгүй. Бидний дотор алжуу залхууг шалган гаргаж, зохисыг үзэн шийтгэвэл боллоо гэсэнд Фөн Же инээж:
-За та нар намайг битгий мэхэл. Би наадахыг чинь түрүүнд мэдсэн. Юуны бас намайг “Байцаагч түшмэл” болгох учиртай вэ. Харин мөнгө зоос олох долдой болгох гэж л байх шиг байна. Та нар ямар цуглаан байгуулсан ч ээлжлэн мөнгө гаргаж, наргиж наадах нь лавтай. Мөнгө зоос чинь хүрэлцэхгүй болохоор ийм арга бодож намайг урхидаж оруулаад надаар мөнгө гаргуулах гэж байна уу. Энэ та нарын санаа мөн биз гэсэнд цаадуул нь хөхрөлдөж: “Чи зөв тайлж байна” гэцгээв. Ли Шэнь инээж:
-Чи гэгч үнэхээр шил болор мэт гэгээн тунгалаг байна гэсэнд Фөн Же:
-Чи сайндаа их бэргэн болжээ. Чухамдаа чамайг авхай нарт ном бичиг үзүүлж, ёс дүрэм сургаж үйл утас заатугай гэсэн хэрэг. Тэгтэл одоо шүлэгчдийн цуглаан байгуулна гэнэ. Хичнээн зоос орно гэж бодоод чи бусад руу түлхэж байна вэ. Лао тайтай, тайтай нар бол яахав, өргөмжлөлийг хүлээсэн хатангууд. Чи сард арван лан, биднээс хоёр дахин илүү олж байна. Лао тайтай, бусад тайтай нар чамайг өмөг түшиггүй, өнчин бэлбэсэн гэж өрөвдөөд, зардал чирэгдэл нь хүрэлцэхгүй гэж зовно. Бас нэг хөвгүүний хувь гээд бардаагаар арван лан мөнгө илүү олж, шууд Лао тайтай, бусад тайтай нартай адил болсон. Бас хүрээлэн дэх тарианы түрээс хураахад чи мөн л ихэнх хувийг авдаг. Танай агь хөвгүүнээс эхлээд эзэн боол нийлээд арав хүрэхгүй хүний идэж, өмсөхийг мөн нийтийн зардлаас гаргана. Нийтдээ дөрөв таван зуун лан хүрнэ. Одоо чи жил бүр нэг хоёр зуун лан гаргаж эдэнтэйгээ наргиж наадсан ч… одоо хэдэн жил болох вэ. Тэд удалгүй харьд явчихвал чи юунд зоосоо зарах вэ. Чи зоосоо хайрлаад, эднийг турхирч надаас гаргуулаад авбал, би баярлаад л, хамаг юмаа хуурайлуулчихаад мэдэхгүй царайлаад явж байх уу гэж асуув. Ли Шэнь хөхөрч:
-Та нар үүнийг сонсов уу. Би ганцхан үг хэлэхэд л, энэ харин тэрэг тэрэг болохоор балмад үгийг овоолж байна. Ёстой мөнгөний хорхой, зоосны нүхээр шургагч шунахай хүн. Энэ амьтан, эрдэм номтой түшмэл хүний авгай болохоор заяагдаад, ийм хадмын бэр болсон байтлаа ийм л ааш гаргаж сууна. Хэрэв ядуу дорой айлын хүүхэд болж төрсөн бол одоо чухам яах байсан бол. Хамаг амьтныг цөмөлж хаях байх. Өчигдөр чи, Пин Эр рүү яаж гар далайж чадав аа? Тэр шар усыг нохойн гэдсэнд цутгасан байхаа. Би хажуунаас сандарч Пин Эрийг өмөөрөх гэсэн боловч бас ийм нэг “Гөлөгний нүд нээгдсэн” сайн өдөр тохиолдсоны дээр бас Лао тайтайдотроо дургүйцүүзэй гээд ирсэнгүй. Тийм гэвч одоо болтол уур нь намдаагүй байтал би өнөөдөр харин өөрөө эрээд иржээ. Пин Эрд шаахайг нь авч өмсгөвч би мөн ханахгүй. Одоо таны эзэн боол хоёр оронгоо сольбол сая сайн болой гэв. Тэд хөхрөлдөв. Фөн Жэ:
-За би мэдлээ. Шүлэг, зургийн төлөө намайг эрж ирсэн биш. Харин Пин Эрийн өшөөг авахаар ирсэн юм байна. Энэ Пин Эрд ч бас нэг ийм өмөг түшиг байсныг нь би огт мэдсэнгүй. Санавал, миний гарт ямар нэгэн ад оршсон мэт болжээ. Өнөөдрөөс хойш би түүнд ер халдахгүй. Пин охин, нааш ир. Би их найнай болоод авхай нарын нүүр дээр чамд буруугаа хүлээж, архины андуугаа мартлаа гэсэнд бүгд хөхрөлдөв. Ли Шэнь инээж Пин Эрээс: “Болох уу. Би эрхбиш чамд нүүр олохоос нааш зогсохгүй гэж бодсоон” гэсэнд Пин Эр инээж:
-Найнай нар наадаан хийж байна. Энэ чинь миний хэрээс хэтэрч байна шүү гэв. Ли Шэнь:
-За бас юуны хэтрэх вэ. Би байна. Түлхүүрээ хурдан авч эзнээрээ үүд нээлгэн юмаа эртүгэй гэсэнд Фөн Же инээж:
-Сайн бэргэн минь, чи тэдэнтэй хамт хүрээлэнд оч. Би сая эдэнтэй амуу будааны данс бодъё гэж байтал тэртээх хүрээний их тайтай дууджээ. Бас ямар хэрэг болсон юм бол. Ямар ч гэсэн очихоос аргагүй болжээ. Бас та нарын сар шинийн хувцсыг хүнээр оёулах гэж яарч байна гэв. Ли Шэнь бас инээж:
-Эдгээр хэрэг над огт хамаагүй. Чи миний хэргийг л гүйцэтгэвэл хурдхан харьж амармаар байна. Энэ авхай нар намайг тайван байлгахгүй байна гэсэнд Фөн Же:
-За бэргэн минь, надад баахан чөлөө хайрла. Чи надад их хайртай байсан шүү дээ. Одоо яахаараа Пин Эрийн учраас болов уу. Яагаад хайргүй болчихов. Чи урьд нь, хэрэг явдал хичнээн ч их байсан биеэ гамнаж, зав чөлөөгөөрөө сайн амарч бай гэдэг байсан. Гэтэл одоо дунд миний аминд тултал сандаргаж байна вэ. Бусдын шинийн хувцас бас саатвал ямар вэ. Энэ эгч дүү нарын хувцас саатвал чиний ажилд ямар вэ. Лао тайтай чамайг дэл сул явдалд гар дүрсэнгүй, хэрэгтэй юманд дуугарсангүй гэж буруушаахгүй юү. Би өөрөө буруушаагдсан ч чамд яршиг болъё гэж бодохгүй байна гэв. Ли Шэнь инээж:
-Та нар сонсогтүн. Аль зэрэг ярьж байна вэ. Үнэхээр хэлж чадаж байна чи. Би чамаас нэг юм асууя л даа. Чи энэ шүлэгчдийн цуглааныг яамаар байна вэ. Санаагаа хэл гэсэнд Фөн Жэ:
-Энэ чинь юү гэсэн үг вэ. Би тэр цуглаанд оролцож хэдэн юм өгөхгүй бол энэ Да Гуань юань хүрээлэнгээс уравсан болох уу. Энд будаа хороож суухгүй юү. Би маргааш өглөө эрт тамганд мөргөж, тушаал гаргуулаад тавин лан мөнгө гаргаж танай тэр цуглааны зардалд нэмэр болгоё. Би бол шүлэг зохиол бичиж чадахгүй бүдүүлэг хүн. Би байцаасан ч, байцаагаагүй ч, мөнгө гаргахгүйбол та нар намайг явуулахгүй байх гэж бодоод би зовж байна гэсэнд бүгдээр хөхрөлдөв. Фөн Же:
-Би мөд хойт асрыг онгойлгож танд хэрэгтэй зүйлийг цөмийг нь гаргуулна. Та нар үзээд хэрэглэж болохыг нь аваад, дутуу юмаа жагсаалт гаргаад өг. Би авахуулаад өгье. Зураг зурах хэвийг би эсгэж өгье. Зургийн эхийг би олно. Тэр зургийн эх Лао тайтайгийн тэнд байхгүй. Тэртээх хүрээний Жэнь даяагийн тэнд байгаа тул тайтайгаас авна гэж очвол хоосон л ирэх байх. Тэгэхээр би авчруулаад, хэвний хамт Хиан гүн нарт өгч цардуулбал болох уу гэв. Ли Шэнь толгой дохиж,
-Чамайг их зовоолоо би. Ийнхүү гүйгээд туслаад өгвөл бас болно. Би одоо ингээд харина. Хэрэв энэ бүхнийг аваачиж өгөхгүй бол эргэж ирээд түйвээнэ шүү гэж хэлээд авхай нараа дагуулаад явах гэтэл Фөн Жэ:
-Энэ хэргийг өөр хүн үүсгэхгүй. Бао Юй л санаачилсан биз гэсэнд Ли Шэнь:
-Яг түүний учирт ирээд хэлэхээ мартжээ. Цуглааны анхныхыг тэр саатуулсан. Бидний нүүр халаад хэлж эс чадав. Түүнийг яахин залхаавал зохих вэ гэж асуув. Фөн Же жаахан бодоод: “Та нар гэр болгоныхоо шалыг нэг удаа шүүрдүүлчихвэл болох байхаа” гэв. Бүгдээр хөхрөлдөж: “Энэ чинь зүйтэй байна” гээд яван завдтал Лай мөөмөө нэг бяцхан шивэгчин түшсээр орж ирсэнд Фөн Же нар яаран босож: “Буурай ээж суугтун” гээд түүнд баяр хүргэв. Лай мөөмөө ханз ирмэгдэн суугаад:
-Би ч баярлалаа. Эзэд маань ч бас баярлалаа. Эздийн маань энэрэл байхгүй бол надад юуны баяр байх вэ дээ. Өчигдөр найнай та, Цай Кегээр, шангийн эд юмс илгээсэнд миний ач баярлаад үүдэн дээр сөгдөн баахан мөргөсөн шүү гэсэнд Ли Шэнь инээж: “Хэзээ тушаалд орох вэ” гэж асуув. Эмгэн урт шүүрс алдаад:
-Би яаж тэрнийг мэдэж чадах вэ. Өөрсдөө мэдэх биз. Эртийд гэртээ, надад мөргөхөөр нь, сайхан үг хэлж чадсангүй. Дэмий л, хөвгүүн минь, битгий биеэ ноён болов хэмээн дур мэдэн донхолзоорой. Чи одоо гуч насалтлаа хэдий хүний боол гэвч эхийн хэвлийгээс унамагц эзэд ноёдын өршөөлөөр албанаас чөлөөлөгдөөд, эзэн дээдийн элбэг буянаар, эцэг эхийн энэрэл хайраар, эрхэм агь мэт эрдэм бичиг сураад бас инж охин, зарц эмгэн, хөхүүл эх, гарди галбинга мэт энхрийлэн бүүвэйлсээр одоо том болсон тул чи одоо боол гэдэг үгийг яаж бичихийг хэрхэн мэдэх вэ? Зөвхөн жарган цэнгэхийг мэдэхээс биш, өвөг ба эцгийнхээ үйлээ үзсэнийг яаж мэдэх вэ. Хоёр гурван үеэрээ зовж зүдэрсээр арай дөнгөн чам муу амьтныг олтол, бага нялхаасаа өвчин тахал ороосоор сүйтгэсэн мөнгийг цуглуулбал мөн чиний хэрийн мөнгөн хүн цутгаж болох байх. Хорин насанд чинь, эзэн дээдийн өршөөлөөр зэрэг хэрэг олгох замыг чинь засжээ. Удамт айлын үр ач нар өлсөх даарахын зовлонг эдэлж байгаа нь хичнээн олон байна вэ. Чи бол нэг боол хүний үр. Буянаа баруузай! Арван жил баярлаад одоо тэнгэр бурханд даатгаж, бас эзний энэрэлд шүтээд дахин сонгогдон орлоо. Энэ хошууны ноёны зэрэг хэдий бага боловч үйл явдал дээр үнэхээр их. Аль газар ноён суувал даруй тэр орны эцэг эх болно. Чи хэрээн мэдэж, хэвээ сахиж, төр засагт шударгыг гүйцэтгэж, дээд эзний ачийг хариулахгүй бол тэнгэр таалахгүй шүү гэж л сургасан даа гэлээ.
Ли Шэнь, Фөн Же нар баясан инээж: “Чи хэтэрхий их юм боджээ. Тэр бол сайн хүн. Даруй хоёр удаа орж ирсэн боловч ирэлгүй хэдэн жил болчихлоо. Цагаан сар, насны баяраар харж байсаан. Тэр өдөр Лао тайтай, бусад тайтай нарт мөргөе гэж ирсэн. Тэгэхэд шинэ тушаалын хувцсаа өмсөөд их сүрэтй харагдсан. Махалж таргалсан ч юм шиг байсан. Түүний зэрэг тушаал олсонд чи баярлавал зохих байтал үүний төлөө зовдог нь юу юм бэ. Тэр муу бол хэлэх эцэг эх нь байна. Чи дуугүй, жарган суувал л боллоо. Чөлөөгөөрөө сүйхэнд сууж ирээд, Лао тайтайтай тоглож наадаж, элдэв юм ярьж суухад хэн ийм тийм гэх юм бэ. Гэртээ харьсан ч орд харш асар тагт угтана. Хэн чамайг хүндлэхгүй вэ. Өргөмжлөл хүлээсэн хатнаас ялгаагүй л шүү дээ” гэцгээв. Пин Эр цай аягалан авчирсанд Лай мөөмөө яаран босож,
-Охин минь, тэр хүүхдээр аягалуулбал болно. Юунд өөрөө хөдөлнө вэ гэсээр цай ууж суухдаа, найнай мэдэхгүй юү. Энэ хүүхдийг чангалан сургавал зохино. Өдий чанга байхад л, хэрэг хийж, хэрүүл өдөөд ахас ихэсээ зовооно. Мэдэх нэг нь хүүхэд юм болоод алиархлаа гэнэ. Мэдэхгүй нь, эд агуурс, эрх сүрдээ эрэмшиж хүн дарлалаа гэнэ. Эздийнхээ нэр алдрыг ч гутааж байна. Би л дэмий тачаадахдаа, эцгийг нь дуудан ирүүлээд, хоёуланг баахан зэмлэвэл нэг хэсэгтээ намддаг юмаа гээд Бао Юйг зааж “Чиний дургүйлхэхээс айхгүй хэлэх юмаа хэлнээ. Одоо бол Лао е чамайг баахан чангалан сургавал Лао тайтайөмөөрнө. Урьд Лао ег бага байхад өвгөн аав чинь, хэр зэрэг занчдагийг хэн үзээгүй гэх вэ. Лаү е багадаа, яг чам шиг, эзэн дарлагагүй эрх дураар аашилдаг байсан. Тэртээх хүрээний их Лао е хэдий баахан алиа наргианч хүн байсан боловч чиний хэр ийм сүрхий байсангүй байталаа, үе үе занчуулж байсан шүү. Зүүн ордны Жэнь ахын чинь өвөг нь, айхтар хэцүү, чухам нэг “Гал дээр тос цутгасан” мэт догшин зантай, нэгэнтээ хилэн нь хөдөлбөл юун хөвгүүн мөвгүүн бэ. Яг л ялтан шийтгэхтэй адил юм болно. Одоо би нүдээр үзэж, чихээр сонсож байгаа юм шиг болж байна. Тэр Жэнь ах чинь хөвгүүнээ сургах нь., “харин өвөг дээдсийн төлөвтэй боловч баахан хөнгөн хуудам аашилна. Тэрбээр биеэ ер хайхрахгүй мөртөө бас хүүхэд дүү нараа үг авахгүй байна гэнэ. Чи миний үгийн утгыг ойлговол дуртай сонсох байх. Хэрэв ойлгохгүй байгаа бол наанаа дуугүй байвч цаанаа харааж байж магадгүй гэв.
Ийн ярилцаж байтал Лай Дагийн эхнэр ирээд, Жөү Рүйн эхнэр, Ян Зайн эхнэр ирж хэрэг мэдүүлнэ гэв. Фөн Же инээж: “Бэр нь хадам эхээ аваачихаар ирж байна уу” гэсэнд Лай Дагийн эхнэр инээж:
-Би эмээг аваачихаар ирээгүй. Харин найнаа, авхай нар надад туслах, эсэхийг мэдэх гэж ирлээ гэсэнд Лай мөөмөө сонсоод
-Би ер нь зөнөжээ. Гол юмаа огт ярилгүй, эсэн бусан юм баахан чалчжээ. Манай бяцхан хөвгүүн сонгогдон шалгарсан тул ах дүү садан нь бэлгэшээн найрлаж хэдэн удаа архины ширээ засах ёстой юм байгаа биз дээ. Нэгэнтээ л найрлаж байгаа юм чинь, заримыг нь залаад, заримыг нь тоохгүй бол муухай. Бас эзний хишигт шүтэж, энэ зүүдэнд оромгүй гэгээн алдар, гэрэлт нэрийг олсон тул, хөрөнгөө хураалгасан ч дуртай бололтой. Тийнхүү эцэгт нь хэлж гурван өдрийн найр бэлдүүлээд, эхний өдөр нь, манай муу цэцгийн хүрээлэнд хэдэн ширээ засаад, ший дуулуулж, Лао тайтай, бусад тайтай, найнай нарыг залж нэг өдрийг авнаа. Гаднах их танхимд найр бэлтгээд бас л ший дуулуулж Лао е нууд болон агь нарыг залж алдар, гэрэл нэмнээ. Гуравдах өдөр нь ах дүүс, садан төрлийнхнөөсөө авахуулаад хоёр ордонд байгаа хань нөхдөө залж гурван өдөр найрлая гэж байна. Бас эзнийхээ дэлгэр их буянд шүтэж, нэр нүүр олъё гэж байгаа юмаа гэв. Ли Шэнь, Фөн Же нар инээлдэж: “Хэзээ найрлах юм бэ. Бид очноо. Хүсвэл Лао тайтайч очиж мэднэ” гэсэнд, Лай Дагийн эхнэр: “Энэ арван дөрөвний өдрийг сонгосоон. Манай буурай найнайг бас хүндэтгэж байгаа юм” гэв. Фөн Жэ:
-Би өөрөө л лав очно. Бусдыг яахыг мэдэхгүй байна. Эдэнд эрт хэлээрэй дээ. Бэлэг сэлэг, шан хишиг ч мэдэх юм алга. Харин тэнд очоод идэж уучихвал амаа арчаад арилж өгөхөө л мэдэж байна. Битгий шоолоорой гэв. Лай Дагийн эхнэр:
-Найнай яагаад ингэж хэлж байгаа юм бэ. Найнай нэгэнт баярлавал хоёр гурван түмэн лан шагнах нь энүүхэний хэрэг шүү дээ гэв. Лай мөөмөө инээж:
-Би сая очоод Лао тайтайг залсаан. Тайтай заллагыг тогтоосон. Миний энэ хөгшин нүүр ч бас яахав… гээд яван завдсанаа Жөү Рүйн эхнэрийг хараад, нэгийг санасан бололтой эргэж, найнайгаас бас нэг асуух юм байна. Энэ Жөү бэргэний хөвгүүн ямар осол гаргаад хөөгдчих вэ гэж асуув. Фөн Же инээж:
-Яг бэрд чинь хэлье гэж бодож байсан юм. Учир явдал давхацсаар байгаад мартчихаж. Лай бэргэн хариад, түүний хүүг хоёр ордонд үлдээж болохгүй. Дураар нь тавиад явуулчихаа гэж өвгөндөө хэлээрэй гэв. Мөнөөх эхнэр үг дуугүй за гэж хүлээн авав. Жөү Рүйн эхнэр ухас хийн Фөн Жегийн өмнө сөгдөв. Лай мөөмөө хараад: “Ямар хэрэг хийсэн юм бэ. Би сонсоё” гэв. Фөн Жэ:
-Миний төрсөн өдрийн баяраар ширээнд архи гаргаагүй байхад, урьтаад тэр хөвгүүн согтчихсон байсан. Хөгшин ээжийн тэндээс бэлэг хүргэж ирсэнд тэр харааж зүхэн тэр бэлгийг оруулахгүй байсан. Зарагдаж ирсэн хоёр эхнэрийг ирсэн хойно тэр бяцхан зарц нараар юмыг дотогш зөөлгөсөн. Тэр бяцхан зарц нар зүв зүгээр байж байгаад нэг хайрцгийг алдаад нэг хүрээ мантуу бутраасан. Ирсэн хүмүүсийг явсны дараа би, Цай Минийг явуулж, түүнийг зэмлүүлсэнд, өөдөөс нь харааж доромжилжээ. Ийм тэнгэргүй адгуусыг хөөхгүй яах юм бэ гэсэнд Лай мөөмөө:
-Би ямар хэрэг тарьсан юм бол гэсэн чинь ердөө л энүү. Найнай чи сонсож бай. Түүнд буруутай зүйл байвал хэлж, засаж авах нь зүй. Харин хөөж явуулж огт болохгүй. Түүнийг манай гэрт төрсөн хүүхэдтэй адилтгаж болохгүй л дээ. Тэр чинь, тайтайгийн дагуул инж учраас хөөж явуулбал тайтайгийн нэрд муухай болно. Найнай та түүнийг хэд сайн ташуурдан залхаагаад, хойшидын цээрлэл болгоод үлдээвэл болноо. Эхийн нь нүүрийг эс бодовч тайтайгийн нүүрийг бодож хэрэгтэй гэв. Фөн Жэ, Лай Дагийн эхнэрийг харж,
-Тэгж байгаа бол маргааш дуудан авчирч дөчин ташуур гуядаад, цаашид архи уулгаж болохгүй гэсэнд Лай Дагийн эхнэр бас л за гэж хүлээн авав. Жөү Рүйн эхнэр Фөн Жед мөргөж босоод Лай мөөмөөд мөргөх гэсэнд, Лай Дагийн эхнэр яаран татан зогсоогоод “Цөмөөр явцгаая” гэв. Тэднийг гармагц Ли Шэнь нар ч хүрээлэнгээдээ явцгаав. Фөн Жеч тэр оройжингоо хадгалж байсан хуучин зургийн хэрэгслийг цуглуулан гаргаж хүрээлэнд хүргүүлэв. Бао Чай нар нарийвчлан үзээд болох нэгийг нь аваад, болохгүйг нь хаяж, шинээр худалдаж авах зүйлсийн жагсаалт гаргаад Фөн Жед илгээснийг энд үл өгүүлэн өгүүлэх нь:
Нэгэн өдөр гаднах хивийг цардаж дуусаад эхийг нь гаргаж авчирсанд Бао Юй хүлээж авав. Тэрбээр өдөр болгон Ши Чүний дэргэд байж хавсран зуралцана. Тань Чүнь, Ли Шэнь, Ин Чүнь нар ч тэнд байнга ирж ярилцан зөвлөлдөнө. Бао Чай, өдөр ирэх бүрий сэрүүсэн, шөнө урт болж байгаа учир ээжтэйгээ зөвшиж байгаад оёх юм авч ирэв. Тийн боловч Жя Мү, Ван Фүрэнь нарын дэргэд өдөрт хоёр удаа очиж амар эрэхийн хамт аясыг үзэж таалалд нь нийцүүлэн хань бараа болоод, чөлөөгөөр нь хүрээлэндээ ирж энэ тэртэй хэдэн үг соливч зав гарахгүй ажээ. Тэрбээр шөнө бүр зулын гэрэлд оёдол зүйдэл хийж гурван жин болсон хойно унтана. Харин Дай Юйн хувьд бол хавар намрын хугас дунд өнгөрвөл, хууч өвчин нь заавал хөдөлдөг зантай. Энэ намар бас Жя Мүгийн баяр найртай цаг хэдэнтээ тохиолдсон учир илүү хэдэн удаа зугаацаад баахан ядарсан тул ойрноос ханиаж эхлэв. Байдал нь, урьд урьдаас хүнд тул гэрээс гарахгүй сувилуулна. Заримдаа эгч дүүс дээр ирж хэд гурван үг сольж сэтгэл сэргээнэ. Бао Чай нар ч бас очиж, түүнийг болгоовч яриандаа дорхноо алжаана. Хүмүүс түүнийг өвчтэйгээс гадна угаас нялзрай доройгоосоо болоод баярлах, гомдохын алийг ч даахгүйг мэдэх учир түүнийг ёс алдавч ер зэмлэхгүй. Өнөөдөр Бао Чай түүнийг эргэж ирээд энэ тэрийг ярьж байтал өвчин рүү ороод цаадахдаа зөвлөв. Бао Чай:
-Эндэхийн эмч нарыг сайн гэх боловч чамд өгсөн эм нь тус болохгүй юм. Чи өөр сайн эмч олж үзүүл. Тууштай эмчлүүлэхгүй бол яваандаа горьгүй болж мэднэ. Чи бол нялх ч биш тэгтлээ хөгшин хүн биш, хавар намартаа өвдөөд байна гэдэг юу болж байгаа юм бэ. Тэрхэн үед нь аргалаад байвч яваандаа яана вэ гэсэнд Дай Юй:
-Юу ч тусгүй. Миний энэ өвчин эдгэхгүйг би мэдэж байна. Бие минь, сайн байх үеийн дүр төрх тодорхой хэлээд байгаа юм гэв. Бао Чай толгой дохиж:
-Нээрэн тийм байх. Хуучны үгэнд “Аму идвэл амьд явна” гэж байдаг. Чиний иддэг уудаг юм, хүч тамирыг чинь тэжээж тэтгэж байгаа байх. Энэ муу шүү гэсэнд цаадах нь шүүрс алдан:
-Тоолж тавьсан нас, төөлж тавьсан биеийг яах юм бэ. Ийм үг байдаг шүү дээ. Миний өвчин урьд жилээсээ хүндрээд байх шиг санагдах юм… Гэтэл өөрийн эрхгүй хэд ханиав. Бао Чай:
-Би чиний эмийг харж байсан. Орхоодой, шинца хоёр нь ихэдсэн юм шиг. Хэдий хүч тамирыг тэжээнэ гэвч хэтэрхий халуудуулж болохгүй. Ходоод гэмгүй бол идэш шингэж тамир ахина. Өглөө болгон дээд сайн цагаан үүр нэг ланг таван цэн мөсөн чихэртэй мөнгөн саванд чанаж уувал эмийн хүчнээс давах бөгөөд хүч тамирын сайн тэжээл болно доо гэв. Дай Юй дахин шүүрс алдаж:
-Чи ах дүү нартаа их сайн. Би бол муу санаатай хүн болохоор чамайг гүйлгээ ухаантай, зальхай хүн л гэж бодсоор ирсэн. Чи тэр өдөр намайг гажид ном бичиг битгий үзээд бай гэж сайхан зөвлөгөө өгсний учрыг одоо л ойлгож байна. Баярлаж ч байна. Урьд хийсэн буруугаа одоо хүртэл баримтлаад л байгаа хүн юм. Нарийвчлан бодвол аав ээжээсээ гав ганцаар хоцорсон арван таван настай хүн намайг тэр өдрийнх шиг сургасан хүн нэг ч байхгүй. Юнь охин чамайг магтдаг юм. Аргагүй юм байна. Түүнийг магтахад би, дургүй байлаа. Өчигдөр биеэрээ өнгөрөөгөөд мэдлээ. Үлгэрлэвэл чи тэр үгийг хэлсэн бөгөөс би хэрхэвч амар тавихгүй. Чи харин огт юм болгосонгүй мөртөө, бас төдий их ятгаснаас үзвэл би үнэхээр буруу санажээ. Тэр өдөр таньж мэдээгүй бол энэ өдөр энэ үгийг яаж чамд гаргаж хэлнэ вэ. Чи сая намайг цагаан үүрийн шөл уу гэлээ. Энэ цагаан үүр хэдий амархан олдовч миний бие ядуу тул жил бүр энэ өвчин хөдлөөд… тийм хүнд өвчин биш байтал эмч домч залаад л, эм тан бэлтгэж, орхоодой, шинца гээд л энэ хүрээг урвуулахад хүрлээ. Одоо бас шинэ зүйлийг нэмж цагаан үүрийн шөл, энэ тэрийг чануулах гэвэл Лао тайтай, бусад тайтай, Фөн Же юм хэлэхгүй боловч тэр шивэгчин охид, зарц эмгэд намайг яршигтай, илүү зантай гэж ад үзнэ. Бао Юй, Фөн Же хоёрыг Лао тайтайг эрхлүүлэхэд тэр хүмүүс заналт нүдээр хорсголонтой ширтэж, далдуур шивэр авир гэж байдаг юм. Намайг юм хэлэхээр яаж баясах вэ. Би бол жинхэнэ эзэн ч биш, түшиг тулгуургүй болж өнчрөөд нагац дээрээ ирж суусан хүн болохоор бүгд нүд үзүүрлэнэ. Одоо би юу болохыг мэдэхгүй байж бас тэдний хараалыг идээд яахав даа гэсэнд Бао Чай:
-Ийм юм ярихад хүрвэл би бас чамтай адилхан шүү гэв. Дай Юй:
-Чи яагаад надтай адил болчихов. Чамд ээж, ах бий. Бас арилжаа худалдаа, тариа будаа байна. Нутагтаа… бас гэр хашаатай, тарианы газартай. Чи энд төрөл садны хувиар зүгээр сууж байгаа болохоос биш, их бага алив явдалд тэднээс сохор зоос хороохгүй. Явнаа гэвэл яваад л өгнө. Надад бол ишигний шийрч алга. Идэх өмсөх, эдлэх хэрэглэх алив бүхэнд эзний авхай нартай адил тулдаа л тэр доогуур хүмүүст илүү үзэгдэхгүй байгаа шүү юм гэсэнд Бао Чай инээж, өөрийгээ заагаад:
-За яахав, хожим бэр болж явбал илүү нэг хувь эд төхөөрөх төдий л биз. Одоо бол яахав, үүний төлөө зовоход хүрээгүй л байна гэсэнд Дай Юйн царай улсгээд:
-Би чамайг чигч сайн хүн гээд сэтгэлийн гунигаа тоочиж байгаа шүү. Тэгэхэд чи намайг элэг бариагүй биз дээ гэсэнд Бао Чай инээмсэглээд:
-Нэгэн бодлын элэг барьсан шинжтэй боловч үнэн учир байгаа. Чи битгий сэтгэлээ зовоо. Тайван бай. Би энд байж л байвал чиний уйтгарыг сэргээж чадна. Чи ямар нэг тааламжгүй тохиолдвол надад хэлж байл даа. Би тайлж чадахаа чамд тайлж өгнөө. Надад нэг ах бий. Чи түүнийг сайн мэднэ. Ганц нэг агитай нь чамаас жаахан дээр юм даа. Бид хоёр адил зовлонтой улс шүү. Чи ухаантай хүн байж юунд “Жэ Манюгийн зовнилыг”1өвөрлөнө вэ. Чи ер нь хэрэггүй юманд биеэ зовоох юм. Тэр цагаан үүр манайд байгаа байх. Би маргааш ээжээс асуугаад байвал чамд хэдэн лан авчирч өгье. Өдөр бүр шивэгчнээр чануулж байвал хялбар мөртөө бусдад хамаагүй гэв. Дай Юй баясан инээж:
-Атгуулсан нь бага боловч агуулсан найр нь зузаан боллоо гэсэнд Бао Чай:
-Ийм юм ярих юу билээ. Эгч дүү нар эв зүйг алдуузай гэж зовниж байх ёстой биз дээ. За чи одоо ядарч байгаа биз. Би явъя гэсэнд Дай Юй: “Орой ирээрэй” гэв. Бао Чай: “Тэгэлгүй яахав” гээд гарсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Дай Юй шингэн будаа ахиж нэг уучихаад хажуулав. Тэнгэрийг харвал, наран жаргах гэж, тэнгэр бүүдийгээд бороо шивэрч байв. Намрын бороо зүсрэх янзтай, хурын дусал хулсны намиан дээр тусах чимээ уйтгар гунигийг нэмэгдүүлнэ. Бао Чай ирэх нь өнгөрөв гэж бодоод зулын дорх нэг бичгийг авч үзэв. Тэр нь “Цэнгэлт ордны сул бичиг” гэсэн ном ажээ. Дээр нь “Гүн ордны намрын гунил”, “Сариналын гунил” зэрэг дууллыг тэмдэглэжээ. Дай Юй үзээд сэтгэл нь хөдөлж, төдөлгүй шүлэг магтуу ургаад ирэв. Эхний бадаг нь “Аярлан салахын уянга” болон бүрэлдсэнийг “Туяат саран, тунгалаг модны цэцэг” гэдэг дууллын маягаар “Салхи бороот намрын үдэш” гэж гарчиг тавив. Тэр дуулалд ийн өгүүлжээ.
Удвал цэцэг өнгөө алдаж, өвсөн толгой хавиураад
Огторгуйн цээлд галуу ганганалдан эгэх намрыг мэдээлнэ
Уртын урт намрын шөнө, зулын гэрэл бүдгэрээд
Уйтгар дээр гиюүрэл давхарлаж, намрын хурд гунихарна
Жихүүн хур, хонгор салхи юутай түргэн ирэв?
Зүүдний орчлонгийн гайхалт учралыг үе үе тасалдуулна
Хорсолт сэтгэл цээжинд давалгаалан үдшийн нойр хулжаагаад
Хайлах лавыг хайчлан засаж, хана ширтэн гунихарна.
Урсах лав уйлан мэлмэрсээр угтаа тулахуйяа
Уйтгарласан сэтгэл зүрхийг ташуурдаж, хагацлын гунигийг үүсгэв
Сэвэлзэн сэнгэнэх сэрүүн салхи юуг эс үлээнэ вэ.
Шивэгнэн буух намрын зүс бороо хаана үл дуусна вэ
Зөөлөн мяндсан хөнжлийг жихүүн жавар нэвтэлж
Жигдхэн буух саравчны дусаал намрын хурыг шаардана
Зогсошгүй бороо сэнсэрч салхи хуралдан хуугиад
Зулын өмнө мэгших дуутай хөг нийлүүлэн хосолно.
Гингэнэн уйтгарлах бяцхан хашаанд жихүүн униар тунарч
Гэгээвчийн гаднах хулсны намаанд борооны дусал шажигнасаар
Намрын бороо, намрын салхи ямар үед зогсдог юм бэ
Нүдний нулимас урсан урссаар орхиулын торгомсогийг дэвтээнэ
Ийнхүү биччихээд бийрээ тавиад Дай Юйг унтах гэж байтал нэг шивэгчин ирж: “Бао Элеэ ирлээ” гэж мэдэгдэв. Охиныг гармагц Бао Юйн сийрсэн малгай цухуйв. Тэрбээр сүлжмэл цув нөмрөн орж ирсэнд Дай Юй инээн угтав.
-Хаанаас ийм нэг загасчин өвгөн хүрээд ирдэг байна гэсэнд цаадах нь:
-Өнөөдөр сайн байна уу, эмээ уугаа юү. Хоол хэр идэж байна гэж давхцуулан асуув. Тэгээд малгайгаа авч, цуваа тайлав. Нэг гараараа зул дээш барьж нөгөө гараараа гэрэл халхлан, Дай Юйгийн нүүр дээр тусган “Өнөөдөр царай чинь өнөлөг байна” гэв. Бао Юйг цуваа тайлсанд цаанаас нь улаан дурдан цамц, ногоон өнгийн тэлээ, цацмал хуартай ногоон дурдам өмд, түүний доогуур алтан эмжээртэй, дүгрэг хатгамалтай зөөлөн оймс дараалан харагдана. Ахиулаад харвал эрвээхэй цэцэгтэй шаахай өмсчээ. Дай Юй,
-Дээд биеийг базаажээ. Доогуур энэ оймс шаахай чинь нордоггүй юм уу. Цэв цэвэр, хув хуурайгаараа харагдана гэсэнд Бао Юй инээж:
-Миний энэ өмссөн юмнууд чинь, тэр аяараа борооны хувцас шүү дээ. Гадаа үүдэнд бас модон шаахай тайлаад саравчинд тавьчихсан гэв. Түүний цув, бүрх бол энгийн худалдаанд байдаг эд биш, асар нарийн ур хийцтэй учир Дай Юй: “Ямар өвс хулсаараа нэхэхээр ийм чамин, арзайж хөрзийдэггүй болдог байна” гэж гайхав. Бай Юй: “Энэ юмнуудыг умарт Жюань ван бэлэглэсэн юм. Эднийг хур бороо, гэр зуур хаа ч өмсөж болно. Чи дуртай байгаа бол би нэг өвч бүрнийг олоод ирж чадна шүү. Чамд гэж хэлэхэд энэ бүрх их сонин. Энэ оронг нь авчихаж болно. Өвөл цас ороход хулсны голыг нь сугалан аваад оронг нь буулгавал цагираг нь үлдээд малгай дээр өмсөж болно. Эр эм хэн ч өмсөнө. Би нэгийг чамд бэлэглэе. Чи цаснаар өмсөж бай” гэсэнд цаадах нь инээж
-Би авахгүй. Ийм бүрх өмсвөл, зурагт зуруулж, загасчин эмгэн шиг харагдах биз гэснээ, ичиж, ширээ тэврээд ханиав. Бао Юй түүнд санаа зоволгүй, ширээн дээрх шүлэг рүү анхаарч авч үзээд дуу алдан сайшаав. Дай Юй, ухасхийн булааж аваад зулын дөлөнд барив. Бао Юй: “Би цээжилчихсээн” гэсэнд цаадах нь: “За за би унтмаар байна. Чи маргааш ирээрэй” гэв. Бао Юй өврөөсөө нэг хушганы чинээ алтан цаг гарган харвал, зүү нь нохой цагийн сүүл, гахай цагийн эхэнд тулчихсан байсан тул: “За за нээрэн, амрах цаг болчихсон юм байна. Би ч гэсэн бас…” гээд бүрхээ тавьж, цуваа хэдрээд үүд рүү явснаа эргэж:
-Чи юү идмээр байгаагаа над хэлж бай. Би өглөө Лао тайтайд хэлбэл, эмгэдээр дамжуулсанаас дээр бишүү гэсэнд Дай Юй инээж: “Би шөнө бодоод өглөө хэлье. Чи чагнаач, бороо улам ширүүслээ. Хурдан яв. Чамайг хүн дагаж яваа юү” гэв. Гаднаас эмгэд “Байна. Шүхэр дэлгээд, дэнлүү бариад хүлээж байна” гэх сонсогдоно. Дай Юй инээж: “Энэ бороонд бас дэнлүү ноцно бий” гэсэнд цаадах нь: “Эвэр бүрхүүлтэй зул байгаа юм” гэв. Дай Юй бичгийн тавиур дээрээс шилэн бүрхүүлт дэнлүү аваад нэг бяцхан лаб асааж хатгаад Бао Юйд өгч “Энэ дэнлүү сайн гэрэлтэй, ус бороонд бүр сайн тохиромжтой” гэсэнд цаадах нь: “Надад бас ийм дэнлүү бий. Алдаад хагалчихаж мэднэ гээд авчирсангүй” гэв. Дай Юй,
-Дэнлүү хэмхрэх дээр үү. Хүн хэмхрэх дээр үү. Чи бас модон шаахай өмсөж сураагүйг хэлэх үү. Тэд яахав тэр дэнлүүгээ бариг. Чи үүнийг барь. Энэ хөнгөн, гэрэлтэй дэнлүү шүү. Бороонд барьж явахад их эвтэй байдаг юм. Харин маргааш буцааж өгнө шүү. Алдаж хэмхлээд яах вэ. “Шаазгай зүү олоод хийх газаргүй” гэгчийг дууриаж яана даа гэв. Бао Юй дэнлүү авав. Өмнө нь хоёр эмгэн, шүхэр, дэнлүү барьчихсан, ард нь бас хоёр охин шүхэр барьчихсан зогсож байв. Бао Юй шилэн дэнлүүгээ нэг охинд бариулаад, мөрийг нь түшин явав.
Энэ үед И Юань хүрээлэнгийн хоёр эмгэн, шүхэр өргөж дэнлүү барьсаар том баглаа цагаан үүр бас нэг боодол нанги мөсөн чихэр хүргэж ирээд: “Энэ цагаан үүр бол дэлгүүр худалдаанд байдгаас сайн. Манай авхай: “Авхайг урьдаар идэж бай. Дуусахаар чинь дахиад авчирна” гэсээн гээд гардуулан өгөв. Дай Юй: “Хэ, яасан сайхан юм. Миний төлөө ингэж их зовох гэж” гэснээ, алив та нар үүдний өрөөнд сууж цай ууцгаа гэж хэлэв. Нэг эмгэн нь “Бид бас ажилтай. Цай уухгүй” гэсэнд Дай Юй:
-Би та нарын яарч байгааг мэдэж байна. Одоо тэнгэр хүйтэрч, шөнө бас урт боллоо. Цуглаж, нийлээд мөрийтэй тоглоход сайн цаг боллоо доо гэсэнд эмгэн:
-Авхай танаас юу нуух вэ. Энэ жил миний хийморь сэргээд байгаа. Шөнө бүр хэдэн хүний манааны ээлж байгаа. Манаанд осолдож болохгүй. Харин энд тэнд хүн амьтан цуглавал манаа манахын хамт уйтгараа сэргээнэ. Өнөөдөр бол миний эзэн суух ээлж. Одоо хүрээлэнгийн үүдийг хаасан тул суудалд орох цаг болжээ гэв. Дай Юй инээж:
-Энэ хар борооноор, өөрийнхөө баяжих явдлыг саатуулан, надад юм хүргэж ирсэнд чинь баярлалаа гээд охидыг дуудан: “Эд нарт хэдэн зуун зоос өг. Архи авч ууж биеэ бүлээсгэг дээ” гэсэнд хоёр эмгэн баясан инээж:
-Авхайг зовоож, архины зоосыг нь сүйтгүүллээ гээд тал өгч мөргөөд гарахдаа зоос атгаад, шүхрээ өргөн явж одов. Зы Жюань цагаан үүрийг авч цааш тавиад, зул бөхөөж хөшиг буулган Дай Юйг хэвтүүлэв. Тэрбээр Бао Чайн хүнлэг сэтгэлтэйд баярлахын хамтад түүний ээж, ахтайд бахдан, бас хажуугаар нь, Бао Юй түүнд элэгсэг найртайг санагалзан, цонхны цаана хулсны намаа, жихүүн салхи хөшиг нэвтлэн жигнэхэд тэсгэлгүй сэтгэл нь догдолж нулимас унагав. Нэгэнт дөрвөн жин болсон учир дуг нойр өөрийн эрхгүй хүрэв. Хойшид хэрхсэнийг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй.
Тайлбар:
- Сэ Маниүгийн зовнил-Кунзийн шавь энэ хүн, нэг удаа ах дүүгүйдээ ганцаардан зовиносонд Бао Шан гэдэг найз нь ятган тайтгаруулжээ.