АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Транс-Номхон далайн түншлэлээс (TPP) АНУ гарсныг зарласнаас хойших нэг жилийн босгон дээр Номхон далайн эрэг орчмын 11 орон түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, нэгдлээ. Токиод болсон хэлэлцээний дараа Транс-Номхон далайн түншлэлийн 11 гишүүн улс Транс-Номхон далайн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Хэлэлцээр явуулсан газрыг Токиод сонгосон нь бэлгэдлийн шинжтэй. Япон бол Ази дахь АНУ-ын гол холбоотон учраас Номхон далайн орнуудын эдийн засаг, аюулгүй байдал, худалдааны хамтын ажиллагааны энэхүү түншлэлээс АНУ элсэхээс татгалзсаны дараа хэлэлцээг Тохиод зохион явуулсан ажээ.
Транс-Номхон далайн түншлэл АНУ-ын нэр хүнд, нөлөөг олон улсад, ялангуяа Номхон далайн бүс нутагт нэмэгдүүлэх байсан ч АНУ-ын Ерөнхиийлөгч Доналд Трампын “АНУ нэгдүгээрт” хэмээх популист бодлого саад болсон юм.
Харин Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын стратегийн орон зайг түншлэлд нэгдсэн орнууд Австрали, Сингапур, Канад, Бруней, Япон, Малайз, Мексик, Чили, Перу, Вьетнам болон Шинэ Зеланд эзлэх ажээ.
Бээжингийн эрх баригчид энэ хооронд “Бүс ба зам”санаачилгын хүрээнд Ази, Африк, Европтой харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар АНУ-ын олон улсын эдийн засагт эзэлж буй асар том байр суурийг эзлэхийг хүсч байгаа билээ. Транс-Номхон далайн гишүүн орнуудын улс төрийн нөхцөл байдал өөр өөр боловч чөлөөт худалдаа тэдний хамтын ажиллагааны амин сүнс нь юм.
Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай Хятад, АНУ бүс нутгийн чөлөөт худалдааны гэрээнд орохоос татгалзаад зогсохгүй Номхон далайн 11 орон нэгдсэн Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийн эсрэг байр суурьтай байгаа юм.
Хэлэлцээрт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Австрали, Бруней, Канад, Чили, Япон, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, Вьетнам зэрэг орнууд гарын үсэг зурснаар батлагдсан билээ. 2016 онд Транс-Номхон далайн түншлэлийн анхны хэлэлцээ явуулахад АНУ нэгдэж, гарын үсэг зурсан боловч Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа АНУ тус хэлэлцээнээс гарсан. Харин Хятад хэлэлцээнд оролцоогүй. Транс-Номхон далайн түншлэлийн гишүүн орнууд хэлэлцээрт гарын үсэг зурж, АНУ байсан, байгаагүй даяарчлалыг зогсоох боломжгүй гэдгийг баталсан юм.
Дэлхийн улс орнууд хоорондоо худалдаа, наймааг өргөжүүлж, татвараас хөнгөлөх зорилгоор худалдааны гэрээ байгуулдаг. АНУ дээрх Транс-Номхон далайн түншлэлд нэгдсэнээр бол Европын холбооны зах зээлийг хоёр дахин нугалсантай тэнцэх, 800 сая хэрэглэгчтэй том зах зээлд орж, олон улсын бараа бүтээгдэхүүний 40 хувь болон чөлөөт худалдааны 40 хувийг эзэмших байв.
Өндөр стандарт бүхий худалдааны гэрээ чөлөөт зах зээлд байгаль хамгаалал, ажилчдын эрх хамгаалалт болон 18,000 төрлийн татварын хөнгөлөлт зэрэг давуу талаар асар их амжилт олж байгаа юм.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ дэлхийн чөлөөт худалдааны бамбар баригч байв. Хятад улс 1980-аад оноос зах зээлээ чөлөөлж эхэлснээс хойш идэвхтэй гишүүн болсон билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2017 оны нэгдүгээр сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа Транс-Номхон далайн түншлэлээс гарахаа мэдэгдэж, АНУ чөлөөт худалдааны гэрээнд нэгдвэл америкчууд ажилгүй болно гэж болгоомжлох болсон юм. Трампын энэ шийдвэр Транс-Номхон далайн түншлэлийн гишүүн орнуудын хувьд гэнэтийн явдал байв. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама энэхүү хэлэлцээг Азид чиглэсэн гадаад бодлогын тулгуур байсан билээ.
Зарим ажиглагчид Транс-Номхон далайн хэлэлцээг Хятадын өсөлтийг хянах стратегийн чухал хамгаалалт гэж үзсэн.
Гэвч удалгүй Транс-Номхон далайн хэлэлцээ Хятадын оролцоог үгүйсгэж чадахгүй нь тодорхой болсон. Дэлхий дээрх хагас социалист эдийн засагтай хамгийн том улс чөлөөт зах зээлд нэгдэн орох нь ердөө цаг хугацааны асуудал ажээ.
АНУ-ыг ч мөн Транс-Номхон далайн түншлэлд нэгдэнэ гэж эдийн засагчид таамаглаж байгаа юм. Трамп саяхан нэгэн мэдэгдэлдээ Транс-Номхон далайн түншлэл АНУ-ын эдийн засагт үнэхээр ашигтай бол хэлэлцээрт нэгдэх асуудлыг авч үзнэ хэмээн дурдсан. Бээжин ч мөн адил чөлөөт худалдааны аливаа хэлэлцээрт нэгдэхээс татгалзах зүйлгүй гэжээ.
Хятад худалдааны томоохон түншүүдтэйгээ байгуулсан чөлөөт худалдааны гэрээнүүдийг үргэлж дэмжиж ирсэн. Бээжин сүүлийн жилүүдэд АПЕК болон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцэх асуудлыг тодорхойлох болсон юм.
2011 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон Хятадын хувьд Транс-Номхон далайн түншлэлд элсэх нь чөлөөт зах зээлийн загвар бий болгох том алхам болох юм.