Ууц чанах үйлчилгээ гэрт шилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Ууц чанах үйлчилгээ гэрт шилжжээ

Ууц чанах үйлчилгээ гэрт шилжжээ

Сар шинийн баяр болоход 10 хүрэхгүй хоног үлдлээ. Баярын уур амьсгал орж ууц, өвчүүгээ чануулах газар хайсан иргэд олон болж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ жил орон сууцны хороололд гэр барьж ууц, өвчүү чанах, цэцэрлэг, сургуулийн гал тогоонд ууц, өвчүү чанахыг хориглосон. Хэрэв дээрх шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан юм. Гэвч иргэдийн хэлж байгаагаар сургууль, цэцэрлэгийн гал тогоонд өвчүү, ууц чанахыг хориглосноор нийтийн эзэмшлийн орон сууцны ойролцоо барьсан гэрт ууц, өвчүүгээ чануулахаас аргагүй болгож байгаа аж. Мөн зарим нэг нь торгуульд унахгүйн тулд гэр хороололд амьдардаг төрөл садныхандаа хандаж, бүрхээрт ууц, өвчүүгээ чануулах тохиолдол ч олон юм байна. 

Иймд бид сургууль цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чануулахыг ямар шалтгаанаар хориглосон талаар албаны эх сурвалжаас тодруулав. Тэрбээр “Сургууль цэцэрлэгийн удирдлагууд хувиараа бизнес хийж нэг айлын ууцыг 40-50 мянгаар чанадаг. Энэ нь улсад эрчим хүчний хохирол учруулах, ажилчдыг орой, үдшийн цагаар ажиллуулах гэх мэт асуудал дагуулдаг. Ууц, өвчүүг чанахад их хэмжээний холестрин, тос ялгардаг. Энэ нь өөрөө бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Улмаар ууцны өөх хайлж амархан царцдаг.  Дээрээс нь өөхний түлэгдэл хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулсаар ирсэн. Тогооны тосны түлэгдэл нь хүүхэд гэлтгүй хүний биед хортой. Мөн ууц, өвчүү шүүрхий, түүхий үед нянгийн ялгарал явагдаж байдаг юм. Тийм учраас иргэдэд өвчин үүсгэх, нянгийн ялгарлаас хордлого авах тохиолдол гарч болзошгүй”  гэж үзсэн гэлээ. 

Ингээд иргэд ууц, өвчүүгээ хаана чануулж байгаа талаарх эрэлд гарлаа. Бидний хэлж заншсанаар 100 айлын хажууд байрлах ууц чанана гэсэн зарын дагуу очлоо. Эднийх 25-30 мянган төгрөгийн үнэтэйгээр ууц, өвчүү чанадаг гэв. Тэгэхдээ 4-5 цагийн турш ил зууханд, уураар чанадаг аж. Тэд хэлэхдээ “Энэ жил гэрт чанаж болохгүй гэж бидэнд сануулсан. Гэр бариулахгүй гэсэн учраас өөрсдийнхөө байшинд чанаж байна. Захиалга сүүлийн үед  ихтэй байна. Энэ амралтын өдрүүдэд захиалга бараг авахгүй” гэлээ.

Эх нялхсын эрүүл мэндийн шинжилгээний дэргэд байрлах “ууц, өвчүү чанана” гэсэн хаягтай гэрт очсон юм. Эднийд өдөртөө 1-2 хүн үйлчлүүлдэг гэх бөгөөд ууцыг 30 мянга, өвчүүг 25 мянгаар чанаж байна. Чанахдаа хоёр цаг орчим ууранд чанаад гаргадаг гэх. Тус газрын ажилтан хэлэхдээ “Гадуур иймэрхүү л үнэтэй байна. Өмнө манайх чанаж байгаагүй. Энэ жилээс л чанаж эхэлсэн. Одоогоор ганц нэг улсууд ярьж л байна. Өнөөдөр гэхдээ ууц чанаагүй байгаа. Хороолол, Хар-Хорин захын хажууханд гэр бариад ууц чанаж байгаа гэсэн сураг дуулдсан” гэв.

Дэнжийн мянгын ойролцоох “Хүчит шонхор” захын дэргэд “Ууц чанана” гэсэн томоос том бичиг байв. Зарын дагуу явсаар хашааны хаалгаар ороход гэрийн эзэн зураг авахуулахаас татгалзлаа. Тэрбээр “Энэ жил ууц чанаж хэдэн төгрөг олох санаатай сууж байна. Анх удаа болохоор зарим зүйлс дээр туршлагагүйтэх асуудал гарсан. Гэхдээ гайгүй” гэсэн хариулт өгөв.

Хувиараа ууц чанаж байгаа иргэд нь зоогийн газруудаас үнэ ханш арай хямд ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй дээрээс нь зориулалтын угаалтуур байхгүй харагдлаа.

Жилийн жилд мэргэжлийн байгууллагууд эрүүл ахуйн шаардлага хангасан газраар үйлчлүүлэхийг анхааруулдаг ч үйлчилгээний хөлс нь өндөр байдгаас гэр барьж, ууц, өвчүү чанадаг үйлчилгээ эрэлттэй хэвээр байна. 

Ийм газрыг хориглох шийдвэр гарснаар нэг хэсэг нь хулгайгаар шахам ууц, өвчүү чанаж, зарим нь гэрээр захиалга авч  иргэдийн эрэлтийг хангаж байна. 

Сар шинийн ууцаа хаана чануулах талаар иргэдээс тодруулав.

Чингэлтэй дүүргийн иргэн А “Манайх саяхан ууцаа чануулаад, тагтан дээрээ хөлдөөчихсөн. Цагаан сар дөхөхөөр хувиараа ууц чанах үнэ ханш нь хамаагүй өсчихдөг юм шиг санагддаг. Ер нь бүх нийтээрээ ууц тавихаа болимоор байгаа юм. Тэрний оронд хонины мах бүхлээр нь тавиад мөчөөр нь тавихад хүмүүс сайн иднэ шүү дээ. Заавал үзүүлэн маягаар ууц тавих ямар шаардлага байгаа юм гэв.

Баянзүрх дүүргийн иргэн Ц “Манай орон сууцны подвалд өдөр, шөнөгүй ууц чанаж байна. Байнга л уур савсаж байгаа харагддаг. Манайх залуу ам бүл болохоор ууц тавих тухай бодож амжаагүй л байна. Өвөөгийнх маань ууц чануулах газраа олчихсон байгаа. Энэ амралтын өдрүүдэд л чануулахгүй бол хугацаа тулж байна. Ер нь ууцыг баталгаатай газар л чануулахгүй бол зарим нь ялз чанана, бүр ууцаа алдсан тохиолдлыг зөндөө сонсч байсан”  гэв.

Сар шинийн баяр дөхөхөд ууц, өвчүүний хулгай ширүүсдэг.  Чануулсан ууцаа хулгайд алдах нэгэн байхад ууц, өвчүүг нь чанах захиалга авсан хүмүүс нь сураггүй алга болж, залилдаг  тохиолдол мөн гарсныг сэрэмжлүүлье.

Хүнсний аюулгүй байдал хангасан газарт ууц, өвчүү чанах шаардлага тавигдаж эхэлснийг “Монгол маркет” компани соргогоор харж, үйлдвэрийн орчинд зориулалтын уурын тогоонд ууц, өвчүү чанаж хүргэж өгөх үйлчилгээг иргэдэд үзүүлэх болжээ.

Эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан, үйлдвэрийн орчинд зориулалтын уурын тогоонд ууц, өвчүү чанаж хүргэж өгч байгаа тул аюулгүй, найдвартай юм байна. Ингэхдээ захиалагчийн ууц, өвчүүг зориулалтын кодоор лацдах учраас хольж, солигдохгүй гэнэ. 

Өнгөрсөн долоо хоногт сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин овор хэмжээ багатай ууцыг зах дээр 150-160 мянга, дунд зэргийн ууцыг 180-200 мянга, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна. Мөн хувиараа ууц чанаж буй иргэдийн үйлчилгээний үнэ ханш ч багагүй нэмэгджээ. Тодруулбал, ууц өвчүүг гадуур 25-50 мянган төгрөгөөр чанаж байгаа аж. Ингэхдээ утлагатай, утлагагүйгээс хамаарч үнийн хэлбэлзэлтэй байна. Хэд, хэдэн газраас ууц хэдээр чанаж байгааг асуухад дунджаар 30-40 мянган төгрөг гэсэн үнэ хэлэв.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж