"Хар тамхи нэвтрүүлдэг бүлэг этгээдийг саатуулсан"

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

"Хар тамхи нэвтрүүлдэг бүлэг этгээдийг саатуулсан"

"Хар тамхи нэвтрүүлдэг бүлэг этгээдийг саатуулсан"

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн тоо, холбогдогч сүүлийн гурван жилд анхаарал татахуйц нэмэгджээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр саяхан Монгол улсын хилээр хар тамхи хууль бусаар нэвтрүүлэхийг оролдож, худалдахыг завдсан хэргийг илрүүлжээ. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

– Хар тамхины хэргээр хоёр хүнийг саатуулан, шалгаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хар тамхи мансууруулах бодисын нэг төрөл болох “ICE” буюу мөсийг хилээр нэвтрүүлж оруулж ирдэг бүлэг этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тусгай ажиллагааны алба хаагчидтай дайчлан баривчилж /2018.02.02/-ны өдөр илрүүллээ. Илрүүлэх ажиллагаанд ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн албаны нохдыг ашиглаж хар тамхи байгаа эсэхийг шалгаж үнэртүүлж илрүүлсэн. Уг хэрэгт Монгол улсын иргэн 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарыг шалгаж байна.

– Одоогоор дээрх этгээдүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?

Уг этгээдүүдэд эрүүгийн хуулийн 20.4.7-т зааснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч цагдан хорьсон. Дээрх этгээдүүд Монгол улсын хилээр оруулж ирэн, нийслэлийн иргэдэд зарж борлуулах явцад эд мөрийн баримттайгаар баривчилсан. Харин өөрсдөө хар тамхи хэрэглэдэг байсан эсэхийг шинжлэхийн тулд сорил тавьсан байгаа. Шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл хийх боломжтой юм.

-Он гарсаар хар тамхины хэрэгтэй холбоотой хичнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

Энэ оны хоёрдугаар сарын 05-ны байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөтэй бодистой холбоотой 60 үйлдэлтэй, 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан шалгаж байна. Хэрэг бүрдэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байна. Цаашлаад хар тамхины хэрэглээг таслах зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллага сургалт семинар явуулж тодорхой  ажлуудыг хийж байгаа.

– Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс ихэвчлэн хэдэн насны хүмүүс байна вэ?

– Он гарсаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид маань хар тамхийг таслан зогсоох чиглэлээр ЕБС-ийн сурагчид, оюутан залууст шат дараалсан сургалтуудыг явуулсан. Өмнөх онуудтай харьцуулахад хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхын тулд иргэд хар тамхины хор уршгийн талаарх мэдээллээ дээшлүүлэх хэрэгтэй. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс ихэвчлэн өсвөр насны залуус байдаг. Тэр дундаа мэдлэг, мэдээлэл дутмаг улмаас уруу татагдах тохиолдол их гарч байна.

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж