“Пёнчан-2018” олимпиос өмнө мэдэхэд илүүдэхгүй 5 зүйл

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

“Пёнчан-2018” олимпиос өмнө мэдэхэд илүүдэхгүй 5 зүйл

“Пёнчан-2018” олимпиос өмнө мэдэхэд илүүдэхгүй 5 зүйл

Дөрвөн жилд нэг удаа болдог хүн төрөлхтний спортын хамгийн том арга хэмжээний нэг “Пёнчан-2018” 23 дэх удаагийн өвлийн олимп нээлтээ хийхэд ердөө хоёрхон хоног үлдээд байна. Ази тив тэр дундаа Солонгосын хойгт анх удаагаа зохион байгуулагдаж буй өвлийн олимп нээлтээ хийхээс өмнө олны анхааралд хэдийн оржээ. АНУ-ын “Тайм” сэтгүүлийн нийтлэлч Шон Грегори, Бэн Голденбергер нар Пёнчаны өвлийн олимпийн талаарх 5 содон тохиолдлыг онцолжээ.


1. Оросуудын эсрэг авсан бан

ОХУ-ын Олимпийн хороо Пёнчаны өвлийн олимпод оролцуулахаар 389 тамирчны нэрсийн жагсаалтыг Олон улсын олимпийн хороонд илгээсэн ч тэднийг Сочигийн олимпийн үеэр допингийн хөтөлбөрийг санаатайгаар хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр Оросын багийг Пёнчаны өвлийн олимпод оролцохыг хориглосон шийдвэр гаргасан юм. Гэхэдээ допинг хэрэглээгүй, цэвэр гэдгээ баталсан тус улсын тамирчдыг ОУОХ олимпийн туган доор оролцохыг зөвшөөрсөн мэдэгдэл гарган, ОУОХ, Дэлхийн допингтой тэмцэх агентлаг буюу WADA хамтран Оросын багийн мэдүүлэгт багтсан 389 хүнээс 169 тамирчинд цагаан хуудсаар олимпод оролцохыг зөвшөөрсөн. Ингэснээр Виктор Ан, Антон Шипулин, Ольга Граф тэргүүтэй олимпийн медальтай тамирчид бойкот зарлаж, өвлийн олимпод оролцох боломжгүй гэдгээ мэдэгдээд амжсан.


2. Өвлийн олимпод шинээр нэмэгдсэн төрлүүд

2015 оны зургадугаар сард Малайзын нийслэл Куала Лумпур хотод болсон Олон улсын олимпийн хорооны 128 дахь чуулганаар баталсан батламжийн дагуу “Пёнчан-2018” өвлийн олимпод шинээр 4 төрөл нэмэхээр болсон. Тухайлбал, уулын цанын багийн уралдаан, тэшүүрийн бөөн гараа, кёрлингийн холимог хос, сноубордын “Big Air” гэсэн шинэ төрлүүд өвлийн олимпийн хөтөлбөрт багтаж, медалийн эзэд нь удахгүй тодорно.

Тэшүүрийн бөөн гараа

Сноубордын “Big Air”

Уулын цанын багийн уралдаан

Кёрлингийн холимог хос


3. Нас бол зүгээр тоо

Ихэнх хүмүүс спорт бол залуу насных гэж ярьдаг. Тэгвэл үүнийг үгүйсгэхээр хэсэг тамирчид Пёнчаныг зорьж байна. 1992 оны Францын Альбервиллийн олимпод тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 м-ийн төрөлд 20 насандаа хүрэл медаль хүртэн, спорт сонирхогчдын анхааралд өртөж байсан олимпийн аварга, Германы тамирчин Клаудиа Пехштайн 45 насандаа 6 дахь олимпдоо зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Тэгвэл өнгөрсөн онд NHL-н Баффало Сейбрз багийн бүрэлдэхүүнээс хасагдан, ажилгүй гэртээ байгаа жигүүрийн довтлогч Брайн Жионта шигшээ багаа ахлан Пёнчаныг зорихоор болжээ. 39 настай тэрээр Нэгдсэн улсын хоккейн шигшээ багийн түүхэнд хамгийн ахмад ахлагчаар тодорчээ. Мөн Нэгдсэн улсын тамирчид болох Келли Кларк (Сноуборд) Киккан Рэндалл (Гүйлтийн цана) Шани Дэвис (Тэшүүр) нар 5 дахь удаагаа өвлийн олимпод оролцоно. Өнгөрсөн онд Тайваньд болсон уран гулгалтын залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн Хятад гаралтай уран гулгагч Винсент Жоу өдгөө 17-хон настай. Тэр Америкийн нэрийн өмнөөс Пёнчаны олимпод оролцох ба мэргэжилтнүүд түүнийг эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн наадмаас медаль хүртэх магадлалтай хэмээн үзэж байгаа юм.

Залуучуудын дэлхийн аварга Винсент Жоу

Клаудиа Пехштайн

Шани Дэвис

Брайн Жионта

Келли Кларк

Киккан Рэндалл


4. Зургаан улс анх удаа өвлийн олимпод оролцоно

“Пёнчан-2018” өвлийн олимпод Эквадор, Эритрей, Косово, Малайз, Нигери, Сингапур гэсэн зургаан улс анх удаа оролцох гэж байна. 1993 онд тусгаар тогтносон улс гэдгээ зарласан ч дотоод, гадаадын үймээн самуун, бослогод байнга өртдөг Африк тивийн Сомалийн хойгт орших Эритрей улс өвлийн олимпод ганц тамирчин оролцуулна. Тус улсын цор ганц төлөөлөл болсон тамирчныг Шейнон Огбани Абеда гэдэг бөгөөд түүний эцэг, эх 1980-аад онд болсон эрх чөлөөний тэмцлийн үеэр Канад улсад цагаачлан гарчээ. Өдгөө 21 настай Шейнон Огбани Абеда Канад улсын их сургуульд Компютер, шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, 2012 онд Австрийн Инсбрук хотод болсон Хүүхдийн өвлийн олимпод уулын цаны эрэгтэйчүүдийн гигант слалом, слалом төрлөөр оролцож байсан туршлагаа Пёнчаны олимпод ашиглах үлдэж байна. 

Эритрей улсын тамирчин Шейнон Огбани Абеда


5. Хүйтэн цаг уур

Хэрэв та өвлийн олимпийг гэртээ, халуун дулаан уур амьсгалд үзэх гэж байгаа бол өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд газарзүйн байрлалаас хамаарч Ванкувер, Сочи зэрэг хотуудад болсон өвлийн олимп цаг агаарын харьцангуй дулаан нөхцөлд болсон. Тиймээс ч спорт сонирхогчид хиймэл цастай, нэмэх хэмийн дулаантай орчинд өвлийн олимпийн нээлт үзэн, муу занд сурсан байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ удаа Солонгосын хойг, тэр дундаа Өмнөд Солонгосын Пёнчан хотод нилээнд хүйтэн байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр дунджаар -8 градуст олимпийн нээлт болох төлөвтэй байна. Энэ нь 1994 оны Норвегийн Лиллихамерийн олимпиос хойших хамгийн хүйтэн өдрүүд таарч байгаа аж. Хүйтрэх сургаар Өмнөд Солонгосыг зорих Америкийн баг тамирчдыг хувцаслаж буй Поло Ральф Лорен брэнд багийнхаа нээлтэд өмсөх дүрэмт хувцасны материалыг зуузаалсан сурагтай.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж