Сүү үйлдвэрлэлийн салбарынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Сүү үйлдвэрлэлийн салбарынхан чуулна

Сүү үйлдвэрлэлийн салбарынхан чуулна

“Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт өнөөдөр Нийслэлийн Төр захиргааны V байр, Залуучуудын соёлын төвд болно. Чуулга уулзалт 14:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд сүүний фермер, үйлдвэрлэгчдийг төлөөлсөн 200 гаруй төлөөлөгч оролцоно.

Чуулга уулзалтаар сүүний фермер, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ үе шатанд гаргахад өнөөгийн тулгамдсан асуудлыг бодитоор үнэлэн, сүүний салбарт шинэчлэлт хийхэд төрийн бодлого, зохицуулалтаар үзүүлэх гарц боломжийг тодорхойлох юм.  Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд өчигдөр энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. 

ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ФЕРМҮҮДИЙГ ДЭМЖИХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ГАРЦ

Монгол улсын сүү үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаа нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүүний 10 хүрэхгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаатай холбоотой аж. Үүнээс үүдээд сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй байна.

Сүүнийн фермерүүд жилийн дөрвөн улиралд тогтвортой, хүртээмжтэй хэмжээгээр сүү боловсруулах үйлдвэрт сүүгээ нийлүүлж чаддаггүй нь фермийн хөгжил сул дорой, мал эмнэлгийн үйлчилгээ чанар, хүртээмж муу, ашиг шим бага өгдөг фермер эрхэлдэг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийх нь үнэ өндөр зэрэг тулгамдсан олон асуудал байгааг салбарынхан хэлсэн.

Иймд сүү үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, жигд хүртээмжтэй сүүг үйлдвэрлэх боломж, гарцыг тодорхойлох, ферм, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өрнүүлэх, тэдгээрийн идэвх санаачлагад тулгуурлан салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тал бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал аж.  

Дэлхий дахинд олон оронд фермерийн аж ахуйг хөгжүүлж иржээ. Тодруулбал Израйль улс элсэн цөлд тодорхой технологи, хөдөө аж ахуйн зүй дадлыг хэвшүүлж чадсанаар фермийн аж ахуйгаар дэлхийд тэргүүлж байна.

Дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхдээ шинээр ферм байгуулна гэхээсээ илүү одоо ажиллаж байгаа фермерүүдийг дэмжих нь хамгийн зөв гарц гэж харж байна. Өнөөдөр ажиллаж байгаа фермерүүдийн технологи хоцрогдсон, малын ашиг шим харьцангуй бага байна гэдгийг ч онцолж байв.

“Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалтад Монголын хүнсчдийн холбоо, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо болон “Монсүү”, “Витафит Импекс” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж