БНСУ 36,000 иргэнд "хориг тавилаа"

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

БНСУ 36,000 иргэнд "хориг тавилаа"

БНСУ 36,000 иргэнд "хориг тавилаа"

БНСУ Пёнчаны өвлийн олимпийн наадмын үеэр халдлага гарахаас сэргийлж, гадаадын 36,000 иргэнийг тус улсад нэвтрэхийг хориглолоо. 

БНСУ-ын Үндэсний тагнуулын газар (NIS)  гадаадын цагдаа, тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилласны үндсэн дээр тэдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргажээ. 

Энэ аяллын хориг нь ирэх баасан гаригт эхлэх олимпийн наадмыг угтан хэрэгжүүлж буй аюулгүй байдлыг хангах арга хэмжээний нэг юм. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр олимпийн үеэр алан хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж болзошгүй сэжигтэй 17 гадаадын иргэнийг тус улсаас албадан гаргасан юм. Тэдний дунд зүүн өмнөд Ази болон төв Азийн орнуудаас тус улсад очсон иргэд байсан.

Засгийн газрын 17 албан хаагчаас бүрдсэн алан хядлагатай тэмцэх алба нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн олимпийн үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс олон улсын алан хядагч бүлэглэлүүдийн талаар мэдээлэл цуглуулан, боловсруулж, гадаадын тагнуул, тусгай албадтай хамтран ажиллаж байгаа ажээ. Тус алба энэ хүрээнд “аюултай” хэмээх ангилалд багтсан гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглосон байна.

Пёнчаны олимпийн наадмын үеэр 60,000 цагдаа, тусгай албаны алба хаагч аюулгүй байдлыг ханган ажиллах бөгөөд тэдний 5000 нь олимпийн цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын хотхон, наадмын уралдаан тэмцээний аюулгүй байдлыг ханган ажиллах зэвсэгт хүчний алба  хаагчид байх ажээ.

БНСУ-ын Засгийн газар бүх нисэх буудал, галт тэрэгний зогсоолуудад харуул, хамгаалалтыг өндөржүүлэх шийдвэр гаргаад байна. 

Эх сурвалж: Koreatimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж