Жеофф Готлеб: Өнгөрсөн жил шиг байвал бид их азтай байх болно

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Жеофф Готлеб: Өнгөрсөн жил шиг байвал бид их азтай байх болно

Жеофф Готлеб: Өнгөрсөн жил шиг байвал бид их азтай байх болно

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Ажлын хэсэг Монголд гурав дахь шатлалын үнэлгээ явуулж дууссан талаар өнөөдөр /2018.02.06/ мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хурлын дараа ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.


-Зарим төрлийн татвар нэмэх шийдвэрээ Засгийн газар цуцаллаа. ОУВС-гийн зүгээс анхнаасаа татвар нэмэхгүй байх тухайд чиглэл өгөх боломж байсан уу?

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бол ОУВС-гийн хөтөлбөр биш, Засгийн газрын хөтөлбөр. Засгийн газраас гаргасан хөтөлбөрийн хүрээнд ОУВС дэмжлэг үзүүлж байгаа. Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийн бааз суурийг бий болгоход бодлогын зөвлөгөө өгөхөд чиглэгддэг. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд бодлого үр дүнгээ өгсөн, зарим хэрэгжүүлж буй бодлого нь давуулан биелсэн зүйл бий. Хөтөлбөрийн хүрээнд яригдаж байгаа зарим бодлого дээр бид нэгдсэн байр сууринд хүрч болно, хүрэхгүй ч байж болно. Гэхдээ гол шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа. Татвар нэмсэн шийдвэрийг цуцалсан талаараа Засгийн газар өөрөө хариулт өгөх нь зөв байх.

-Цаашид том төслүүд хөдлөх чиглэлд талууд ямар байр суурь баримтлах бол. Төслүүдийн хэрэгжилт хөтөлбөрийн нөлөөгөөр удааширсан, суларсан зүйл байгаа юу?

-Томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлттэй холбоотойгоор ОУВС-гаас шийдвэр гаргахгүй. ОУВС хөрөнгө оруулалтын орчныг аль болох таатай байлгах, эдийн засгийн хөгжилд  хувь нэмэр оруулах талаар бодлогын зөвлөмж өгдөг.

-Хөтөлбөр хэрэгжсэн 10 сарын хугацаанд Засгийн газартай хамтарч ажиллахад хэр хүндрэлтэй байв. Цаашид Засгийн газарт ямар бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна гэж та бүхэн харж байгаа вэ?

-Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, ОУВС-гаас тавьсан зорилт нэг чиглэлд байгаа учраас дэмжээд явж байгаа. Тэр зорилтуудаа биелүүлэхийн тулд Засгийн газрын мөнгөний зөв бодлого хэрэгжих ёстой. Монгол Улсын өр буурах, гадаад валютын нөөц нэмэгдэх зэрэг нөхцөлүүд хангагдсанаар гадаад орчинд Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байдалд орохгүй гэдэгт итгэлтэй байна гэсэн үг. ОУВС-гийн зүгээс Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Энэ хүрээнд Засгийн газрын төсөв, ядуу, эмзэг бүлгийхэнд чиглэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлнэ.

-Хөтөлбөрийн хүрээнд рояалти татварын хэмжээг тэнцвэржүүлж болох уу?  Тухайлбал, "Оюутолгой", "Эрдэнэт" үйлдвэр дээр өөр өөр байгаа. Энэ асуудлыг хөндөх үү, хөндөх шаардлагатай гэж үзэж байна уу?

-Энэ асуултад ерөнхий байдлаар хариулъя. Хөрөнгө оруулалтын орчин эдийн засгийг дэмжсэн байдлаар бүрдэх ёстой гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын нэг чухал хэсэг нь татварын орчин. Засгийн газар хувийн хэвшил тэр дундаа уул уурхайн салбараас ямар хэмжээний татвар авах вэ гэдгээ тодорхойлдог. ОУВС-гийн зүгээс олон улсын чиг хандлага ямар байна вэ гэдэг чиглэлд бодлогын зөвлөмж өгөх, техник туслалцаа үзүүлэхэд бэлэн. Түүнээс татварын асуудал дээр Засгийн газар бие дааж шийдвэрээ гаргана.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Урьдчилсан тооцоогоор хөтөлбөр хэр үр дүнтэй байна гэж дүгнэж байна вэ. Зарим улсад ОУВС-гийн хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй гэдгийг эдийн засагчид онцолдог. Та бүхэн хөтөлбөрийнхөө эцсийн үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Их хэцүү асуулт байна. Ирэх хоёр жил өнгөрсөн нэг жилийх шиг байвал бид их азтай байх болно. Хоёр талын хувьд өөрсдийнхөө хяналтад байлгаж чадах, хийж чадах асуудлуудад гол анхаарлаа хандуулан, ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Засгийн газрын барьж байгаа бодлогод бид зөвлөмжөө өгч байна. Олон салбараас орлого бүрдүүлдэг асуудал дээр Засгийн газар анхаарч ажиллах учиртай. Бид энэ чиглэлд зөвлөмж өгнө. Зарим улсад эдийн засгийг нь сэргээхийн тулд яг юу хийж чадах вэ гэдэг асуултынхаа зохистой хариуг олоход хэцүү байдаг. Харин Монгол Улсын хувьд жижиг эдийн засагтай учир экспортын орлогыг нь дэмжиж, эдийн засгаа өргөжүүлэх чиглэлд анхаарахад нааштай үр дүн гарна гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа.

-Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд яригдсан асуудлууд дээр хоёр тал нэгдсэн байр сууринд хүрч чадсан уу. Тухайлбал, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Үүн дээр санал нэгдсэн үү?

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дээр эцсийн шийдвэр хараахан гараагүй. Засгийн газар хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бусад донор орнуудтай зөвшилцөнө. Хөтөлбөр ядуу, эмзэг бүлэг шаардлагатай тусламж, дэмжлэгийг авсан байх ёстой гэдэгт анхаарал хандуулдаг. Бүх хүүхдэд бус ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүд шаардлагатай дэмжлэг авч чадаж байгаа эсэхийг анхаарч ажиллана. 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээний шалгалтын дүн хэрхэн гарсан бол. Банкны салбарт ямар эерэг дүн гарна гэж бодож байна вэ?

-Активын чанарын үнэлгээний талаар Монголбанктай ярилцаж байгаа. Удахгүй та бүхэнд мэдээлэл өгөх байх. Активын чанарын үнэлгээний дүнд Монголбанкнаас тодорхой бодлогын арга хэмжээ авсан. Монголбанк хяналт, шалгалтын тогтолцоогоо улам боловсронгуй болгох талаар илүү хичээж ажиллаж байгаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж