Цахим орчноос үүсэлтэй 21 гомдлыг шалгаж, эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Цахим орчноос үүсэлтэй 21 гомдлыг шалгаж, эрүү үүсгэжээ

Цахим орчноос үүсэлтэй 21  гомдлыг шалгаж, эрүү үүсгэжээ

Өнөөдөр "Аюулгүй интернетийн өдөр". 

Энэ өдрийг 2004 оноос Европын улсуудад тэмдэглэгдэж эхэлсэн бол өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын санаачилга болтлоо өргөжин тэлжээ. Аюулгүй интернетийн өдрийг дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион байгуулдаг аж. Тэгвэл монгол улс энэхүү санаачилгад 2017 онд албан ёсоор нэгдэн оржээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас /ГБХЗГ/ эл өдөртэй холбогдуулан Нэгдсэн үндсэн байгууллагын хүүхдийн сан, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/, Харилцаа холбооны зохицуулах хорооны /ХХЗХ/  албаны хүмүүстэй хамтран мэдээлэл хийлээ.

Энэ өдөр зөвхөн аюулгүй интернетийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатай ашиглаж, асуудалд ул суурьтай хандахыг уриалдаг онцлогтой аж. "Бүтээ, нэгд, харилцан хүндэл: Аюулгүй интернет чамаас эхэлнэ” уриаг энэ жил тэд дэвшүүлжээ. 

ГБХЗГ-ын дэд дарга Б.Халиун “Энэ өдөр хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дахь шийдвэр гаргах төвшний хүмүүс болон улстөрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчин бүрдүүлэхэд уриалдаг. Мөн Олон нийтийн сүлжээн дэх “кибер” халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад чиглэгдсээр ирсэн” гэв.

Интернет орчинд бусдын муу нөлөөнд автах тохиолдол их

ХХЗХ-ны хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг ”Монголд аюулгүй интернетийн хэрэглээ нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бүрдсэн гэдэгтэй санал нийлнэ. Одоогоор манайд интернет дэх хориотой мэдээллээс хамгаалах технологи байхгүй байна. Монголын интернет хэрэглэгчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Харин интернетийн орчин хамгаалагдаагүй учраас хүүхэд, залуус цахим ертөнцөөр дамжуулан хүчирхийлэл, садар самуунтай холбоотой мэдээллийг шууд авах, тэр бүгдэд уруу татагдах, бусдын нөлөөнд автах тохиолдол нэмэгдэж байгаа нь харамсалтай" гэв. 

цагдаад 228 гомдол бүртгэгджээ

ЦЕГ-ын хүүхдийн тасгийн дарга Д.Будзаан “2017 онд цахим орчинд гарсан үйлдэлтэй холбоотой 228 гомдол бүртгэгдсэн. Ирсэн гомдлуудын ихэнх нь бусдын нэр хүндийг гутаан доромжлох, садар самуунд уруу татах, залилан мэхлэх шинжтэй байсан. Үүний 21 гомдлын дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын газарт хэргийг шилжүүлсэн. Интернет орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, цахим гэмт хэрэг нь хоёр тусдаа ойлголт. Цахим гэмт хэрэг нь сүлжээнд хууль бусаар нэвтрэх, вирус тараах гэх мэтчилэн. Харин цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг бусдыг залилан мэхлэх, нэр төрийг гутаан доромжлох шинжтэй гардаг" гэлээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж