Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Хориг, ХУРЦ, ирц

УИХ-ын намрын чуулганыг хаах өдөр хаяанд ирж, ажлыг нь дүгнэх цаг ойртож байна. Энэ удаад намрын чуулганы хамгийн дуулиантай үйл явдлуудаас онцоллоо.


У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын хүчтэй маргаан

УИХ намрын чуулганыхаа эхэнд Засгийн газрыг шинээр байгуулав. Шинэ танхим өмнөх Засгийн газрын бүтцийг хадгалсан ч 15 сайд нь парламентаас сонгогдсон юм. Танхимаа хүчтэй байлгах Ерөнхий сайдын саналыг Ерөнхийлөгч хүлээн авсан ч Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон тогтоолд хэсэгчлэн хориг тавив.

Уул уурхайн лицензтэй, төрийн албан хаагчдад урамшуулал нэрээр 50 тэрбум төгрөг тараах шийдвэр гаргасан зэрэг нь Сангийн сайдын алба хаших эрхгүй гэж үзсэн. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Би болон манай ах нар ямар нэг уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүй” гэж няцаасан юм.

УИХ-аар хоригийг хэлэлцээд 65-ын бүлэг хүлээж аваагүй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёрын дунд хэрүүл “дэгдэв”. Маргааныг эргэн сануулбал,

 

Энэ маргааныг хэвлэлүүд “МАН доторх олон жил бугалсан идээ бээр нь шахагдаж байна” гэж дүгнэсэн бол улстөрчид “Сандал, ширээний төлөөх тэмцэл нь хэн, хэнийх нь “но”-тойг илчиллээ” гэж үзсэн юм.


ХОРИГ ДАХИН Сангийн сайдыг онилов
 

УИХ 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан ч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавив.

Хүүхдийн мөнгө, ахмад настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин гээд бүх л харилцаа төсөвт хориг тавигдсан үеэс зогссон тул УИХ энэ асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болсон юм.

УИХ дахь 65-ын бүлэг 33, 32-оороо талцсан, дээр нь намын даргын “зодоон” хүчтэй өрнөж байсан амаргүй үе таарсан ч УИХ олонхиороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэх шийдвэрийг гаргасан юм.

Төд удалгүй Ерөнхийлөгчийн гурав дахь хориг 2018 оны төсвийн хуулийн зарлагын хэсэгт тавигдав. Гэвч энэ удаагийн хориг нь алдаатай тавигдсан нь УИХ болон Сангийн сайдын зүгээс зөрүүлж тоглолт хийх далим нь болов.

Тухайлбал, хоригт улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрыг хооронд нь хольж бичсэн. УИХ улсын төсөв л баталдаг. Мөн УИХ 2018 оны төсвийн алдагдлыг өмнөх жилийнхээс нэмсэн гэж хоригт дурдсан ч үнэн чанартаа төсвийн алдагдлыг ДНБ-ийн 8 хувиас доошгүй байхаар тооцож баталсан нь 2017 оныхтой харьцуулахад алдагдлын хэмжээ буурсан үзүүлэлт байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ алдаагаа хүлээн зөвшөөрч “Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн алдаа байна. Гишүүд засаад уншаад явчихаарай” гэж тайлбар хийсэн нь урьд өмнө гарч байгаагүй алдааны нэг болсон юм.


Б.Хурцын ТАВЬСАН "БӨМБӨГ"
 

Засгийн газар Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлсөн ч БНСУ-д суух Элчин сайдад нэрийг нь дэвшүүлэв. Ерөнхийлөгч ч дэмжив.

Харин УИХ-аар эл асуудлыг хэлэлцэх болоход маргаан өрнөсөн юм. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ‘Б.Хурцыг Элчин сайдад нэр дэвшүүлснийг дэмжихгүй’ гэдэг байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцтай холбоотой олон гомдол иргэдээс ирсэн байдаг тул эхлээд нээлттэй сонсгол хийх ёстой” гэсэн санал гаргасан.

Гэвч УИХ-д томилгоотой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх эрх байхгүй, байгаа гэх маргаан өрнөж, эцэс сүүлдээ эрх зүйн орчин бүрдээгүй байна гэж үзсэн.

Энэ үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц “УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Үүнээс болж, хоёр иргэн Хойд Солонгост цаазлуулсан. Хойд Солонгос манай талаас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн” зэрэг тайлбар хийсэн нь араасаа олон дуулианыг дагуулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурц үндэслэлгүйгээр гүтгэлээ” гэж мэдэгдсэн бол Б.Хурц “Гүтгэсэн нэг ч зүйл байхгүй” гэдэг тайлбар хийж байлаа.

Маргаан сунжирсаар эцэс сүүлдээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргаас хамгаалалт хүсэв.

Түүний гаргасан гомдолд “Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байх үед Б.Хурц “Батзандан аятайхан байгаарай. Үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж заналхийллээ. Иймд миний болон манай гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэндэд бодитой заналхийлэл учирч байгаа тул Төрийн хамгаалалт хүсэж байна” гэсэн байв

Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц дээрх асуудалд тайлбар хийсэн бөгөөд Ж.Батзандан үг гуйвууллаа хэмээн мэдэгдсэн юм.

Улмаар УИХ Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг хаалттай горимоор хэлэлцэн, дэмжсэн.

Томилгоотой зэрэгцүүлэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт  Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж байсан сайд Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүд хүч хаян оролцов.

Мөн энэхүү хэлэлцүүлэгт Францаас баривчлуулан ирж нас барсан Дамирангийн Энхбат агсаны эгчийн охин н.Хулан, эхнэрийн дүү, Б.Хурцад бизнесээ булаалгасан гэх иргэн н.Бат-Ирээдүй өмгөөлөгчийн хамт, С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан ялтнуудын ар гэр, сөрөг тагнуул Д.Цогтбаатарын өмгөөлөгч нар оролцсон. Тэд Б.Хурцаас болж, хилсээр хэрэгт гүтгэгдэн, хохирсон гэсэн байр суурь илэрхийлж байв.

Харин энэ бүх үйл явдлын дараа Ерөнхийлөгч Б.Хурцад Элчин сайдын Итгэмжлэх жуух бичиг өгөхөө түр хойшлуулсан билээ. 

Ирц сайжирсангүй

Өмнөх парламентын үед ч засагдаагүй алдаа М.Энхболдын танхимд давтагдаж байна. Энэ бол ирц юм.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхлэх тохиолдол ховор. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын гишүүд “Ирцэндээ анхаарахыг гишүүдээс хүссээр байгаа ч үг авсан нь бага байгаа юм.

Энэ удаагийн намрын чуулганыг ажил таслалтаараа УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүлж, араас нь С.Жавхлан өнгөлөх шинжтэй байна.

Б.Гүнбилэг нарын хуульчид ажлаа хийдүүлдэг Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан ч энэ нь УИХ-ын хэлэлцэх асуудал болохоос биш Цэцэд хамаарах асуудал биш гэж үзсэн юм.

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж