ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2018 оны эдийн засгийн загвараас тус улсын ирэх 10 жилийн өнгө шалтгаална гэж эдийн засагчид хэлж байна.
Эдийн засгаа тогтворжуулах гэж байдгаараа хичээж буй ОХУ 2018 онд зах зээл нь тэлж буй гэх статуст шилжихийн тулд хэд хэдэн том сорилтттой тулгарах бололтой.
Хоёр жил дараалсан эдийн засгийн хямралыг 2017 онд арай гэж туулсан ч 2000 оны эхэн үеийн эдийн засгийн өсөлтийн оргил үеийн жилийн 6-8 хувийн өсөлтөд хүрэхэд хол байна.
ОХУ-ын эдийн засгийн өсөлт дөнгөж 2 хувьтай байгаа боловч 2018 оны ОХУ-ын эдийн засгийн урьдчилсан төлөвт өсөр хандлага ажиглагджээ. Маш олон үзүүлэлтүүд хөгжиж буй зах зээлийн шинж тэмдгийг харуулж байгаа юм. Арванхоёрдугаар сард инфляц 2.5 хувь, ажилгүйдэл 5.1 хувьтай гарчээ. Нэг хүнд ноогдох орлого 22,540 ам.доллар байсан нь Европын холбооны орнуудын иргэдийнхтэй харьцах хэмжээгээр тэнцүү ажээ.
Гэвч ОХУ-ын эдийн засаг тогтворгүй байгааг харуулж буй гадаад хүчин зүйл бол бодлогын хүү юм. Төв банкны бодлогын хүү найман хувьтай байгаа нь хөгжиж буй зах зээлийн үзүүлэлт боловч 2018 онд хүү буурч, 4-5 хувь болох магадлалтай. Энэ бүхнээс харахад хямралаас арай гэж гарсан ОХУ-ын эдийн засагт бүтцийн өөрчлөлт шаардлагатай.
ОХУ-ын эрчим хүчний экспортоос шууд хамааралтай эдийн засгийн загвар Украины хэрэг явдлаас болон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргээс болж АНУ-тай харилцаа муудахаас бүр өмнө 2013 онд туйлдчихсан байсан юм.
Ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Влидимир Путин ялалт байгуулах магадлалт өндөр байгаа учраас дараагийн зургаан жил ОХУ-ыг Путины эдийн засгийн шинэ загвараар явна гэж эдийн засгийн шинжээчид хэлж байна.
Хэрэв Путин сонгуульд ялалт байгуулвал түүний эдийн засгийн шинэ загвар ОХУ-ын эдийн засгийг ирэх 10 жилд тодорхойлох юм.
Харин үүнээс өөр хувилбарыг одоогоор хэн ч гаргаж ирээгүй байна. ОХУын сангийн сайд асан Алексей Кудрин дэд бүтцэд хөрөнгө оруулж, аж үйлдвэрлэлийг дэмжихийг зөвлөж байгаа аж. Бизнесийн омбудсман, улс төрийн лобби группийн тэргүүн Борис Титов эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд их хэмжээний зээл авах шаардлагатай гэж үзсэн. Титовын энэ хувилбарыг дэмжигчид ОХУ-д олон байгаа юм.
Путины эдийн засгийн шинэ загвар юу вэ?
ОХУ-д нүүрлээд буй бас нэг хямрал бол хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан явдал. Хувь хүмүүс болон компаниудад мөнгө байгаа боловч хөрөнгө оруулалт хийх хүсэлгүй байна.
Бодит цалин хөлс болон жижиг зээл хоёр оронтой тоогоор нэмэгдсэн. Гэвч 2015, 2016 онд өрхийн дундаж орлого огцом буурсны дараа иргэд байгаа мөнгөө захиран зарцуулахаас хадгалахыг илүүд үзэх болжээ. “Watcom” худалдааны индексээс харахад Москвагийн хамгийн их орлоготой худалдааны төвүүдэд худалдан авалт өнгөрсөн жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн муу байжээ.
Компаниуд ч мөн том хөрөнгө оруулалт хийхээс болгоожилж байгаа юм. Эдийн засагт сэргэх хандлага гарч буй учраас компаниудын ашиг нэмэгдэж буй авч 2016 оны улс төрийн тогтворгүй байдал, зээлийн өндөр хүү 2017 онд давтагдсан нь үүнд нөлөөлсөн.
2017 онд ОХУ-ын засгийн газарт тулгарсан том сорилт нь төсвийн эрүүл мэнд байв. ОХУ эрчим хүчний экспортоос хараат байдлыг арилгахаар хичээж ирсэн боловч 2018 онд ч уг асуудал Кремлийн эрх баригчдын толгойн өвчин хэвээр байх бололтой.
Баррель газрын тосны үнийг 100 ам.доллар буюу түүнээс илүү байхаар тооцож улсын төсвөө баталсан ОХУ-ын эдийн засаг 2014 оны газрын тосны үнийн уналтаас хойш хүндрэлтэй байдалд ороод буй. Газрын тосны үнэ 70 ам.доллар болж буурсан бөгөөд ойрын жилүүдэд 40 ам.доллар болж буурна гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.
2016 онд Москвагийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал таатай байсангүй. ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж олон улсын хөрөнгийн зах зээлээс ашиг олж чадаагүй.
Ялагч ба ялагдагчид
ОХУ-ын эдийн засагт өсөлт гарч эхэлсэн ч 2018 оны төлөв сайн, муу хоёр талтай байгаа ажээ. 2017 онд түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд сэргэж эхэлсний ачаар ОХУ-ын ган үйлдвэрлэгчид ашигтай ажилласан бол 130 сая тонн улаан буудай ургац хурааж авсан хөдөө аж ахуйн салбар Зөвлөлтийн үеийн дээд амжилтыг эвдсэн юм.
Нөгөө талаар ОХУ-ын том компаниуд жижиг компаниудаа худалдаж авах, хямдрал болон зар сурталчилгаа явуулан бизнесийн өрсөлдөгчдөө намнасан.
Харин үр дүн нь макро түвшинд ОХУ-ын эдийн засгийн цус сэлбэлт муудаж, улс төрд нөлөө бүхий компаниудын орлого, зах зээлд эзлэх байр суурь нь нэмэгдсэн билээ.