25 дахь жилдээ зохион байгуулж буй хүнсний бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэнгийн нэг болох “Продэкспо-2018” хоёрдугаар сарын 5-ны өдөр Москва хотноо нээгдлээ. Экспод дэлхийн 63 улсын 2300 гаруй компани оролцож байгаа талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Экспоцентр” компанийн ерөнхий захирал Михаил Толкачев сэтгүүлчдэд мэдээллээ.
"Жил ирэх тусам үзэсгэлэнд оролцох хүсэлтэй гадаадын компанийн тоо өсч байна, учир нь энэ үзэсгэлэн нь тухайн компанийн бүтээгдэхүүний хувьд Оросын зах зээлд нэвтрэх гол хаалга болдог" хэмээн Михаил Толкачев хэллээ. Дэлхийн хүнс үйлдвэрлэгч томоохон компаниуд оролцох үзэсгэлэнгийн хуваарьтаа Москвагийн экспог багтаадаг болсон гэдгийг тэрбээр мөн онцолсон байна.
Энэ жилийн үзэсгэлэнд Доминикан, Непал улс анх удаа оролцож байна. Өнгөрсөн жил Бразил, Мексик, Чили улсууд анх удаа оролцож байжээ.
Бас нэг онцлог нь жил ирэх тутам Оросын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн давамгайлах болсон байна. Тухайлбал, 1994 онд үзэсгэлэнгийн зургааны нэг хувийг Оросын бараа эзэлж байсан бол энэ жил гуравны хоёр нь Орост үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ