Японд инженерийн тэргүүн зэрэг хүртсэн монгол залуу

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Японд инженерийн тэргүүн зэрэг хүртсэн монгол залуу

Японд инженерийн тэргүүн зэрэг хүртсэн монгол залуу

Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг анх удаа монгол хүн хүртсэн баярт мэдээ өнгөрөгч амралтын өдөр түглээ. Түүнийг Намсрайн Баянмөнх гэдэг. Тэрбээр “Жилийн өмнө ээжийнхээ оёж өгсөн монгол цамцыг өмсөөд “Энэ зэргийг авах анхны монгол хүн болно доо” гэж мөрөөдөн, шалгалтын цээж зургаа авхуулж байсан. Дөрвөн сар шахуу шөнөжин бэлтгэсний үр дүн гарлаа. Энэ жил ойролцоогоор 30000 хүн шалгалт өгснөөс 5500 хүн эцсийн шатанд тэнцжээ. Их сургуульд байхаасаа л зорьсон том зорилго маань биеллээ оллоо” хэмээн уг баярm мэдээг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дуулгасан юм. Н.Баянмөнхтэй онлайнаар холбогдож, ярилцлаа. 


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-“News” агентлагийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намсрай овогтой Баянмөнх гэдэг. Би 2008 онд “Шинэ Монгол” ахлах сургуулийг төгссөн. 2009 онд “Шинэ Монгол” сургуулийнхаа дэмжлэгтэйгээр хэлний бэлтгэлд суралцахаар Япон улсыг зорьж байлаа. Эхний нэг жил япон хэлний бэлтгэлээ дүүргээд, 2010 онд Нийгата их сургуульд элсэн суралцаж, 2014 онд Барилга, архитектурын мэргэжил эзэмшсэн. 

-Одоо хаана, ямар ажил хийдэг вэ?

-Би их сургуулиа төгсөөд, Японы “Хонма” корпораци гэх барилга болон зам гүүрийн чиглэлийн компанид ажилд орсон.  Одоо тус корпорацид барилгын инженерээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

-Японы барилгын салбарт монголчуудаас анх удаа инженерийн тэргүүн зэрэг хүртсэн танд баяр хүргэе. Ажлынхаа хажуугаар шалгалтдаа шаргуу бэлтгэсэн гэж байсан?

-Маш их баярлалаа. Энэ зэргийг монголоор орчуулбал барилгын гүйцэтгэл хяналтын инженер гэсэн утгатай юм. Манайхаар бол барилгын даамалтай төстэй. Дотор нь нэгдүгээр зэрэг,  хоёрдугаар зэрэг гэж ангилдаг. Нэгдүгээр зэрэг нь барилгын хэмжээний хувьд ямар нэгэн хязгаарлалтгүй, ямар ч том барилгын ажлыг хариуцаж ажиллах боломжтойг илтгэдэг. Харин хоёрдугаар зэрэг нь хязгаарлалтай бөгөөд голдуу жижиг, дунд зэргийн барилгын ажлыг хариуцах боломжтой байдаг. Шалгалтын тухайд хоёр шаттай. Эхний шатны шалгалтыг зургадугаар сард, хоёрдугаар шатыг аравдугаар сард зохион байгуулдаг. Миний хувьд эхний шатандаа өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн бэлтгэж, тэнцсэн хариугаа долдугаар сард авч, дараагийн шатныхаа шалгалт руу анхаарлаа чиглүүлсэн. Нийтдээ дөрвөн сар орчим хугацаа зарцуулсан. 

Японы барилгын компаниуд маш их ачаалалтай ажилладаг. Миний хариуцаж байсан барилгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүлээлгэж өгөх ёстой байсан болохоор их шахуу хуваарьтай ажилласан. Тийм учраас ихэвчлэн оройн 20-21 цагийн үед л ажлаа тарна. Азаар хамт барилга хариуцаж байсан ахлах инженер маань “Орой 18:00 цагаас хойш зэргийн шалгалтадаа бэлтгэж болно” гэсэн болохоор надад их нэмэр болсон. Орой нь гэртээ хариад, шөнөжин уншина, судлана. Гэхдээ Японд их сургуульд суралцаж буй оюутнууд шөнө сууж хичээлээ давтаад сурчихсан байдаг учраас харьцангуй гайгүй байсан.

-Та фэйсбүүктээ ээжийнхээ оёж өгсөн монгол цамцыг өмсөж, шалгалтаа өгсөн  тухай бичсэн байсан. Ээж нь хүүгээрээ их бахархсан байх?

-Ээжийгээ яг онгоцны буудал руу гаргаж өгч байхад шалгалтын хариу маань гарсан. Тэгээд баярласандаа хоёулаа уйлсан шүү /инээв/. 

-Гадаадад оюутан болж суралцах хугацаандаа багагүй бэрхшээлтэй тулгарсан байх. Тэр бүхнийг зохицуулж, бие даахад юу чухал байдаг вэ?

-Би анх оюутан болж, их сургуульд орохдоо мэргэжлийн үг хэллэг сайн мэдэхгүй, хэлний бэрхшээлтэй тулгарсан. Зарим багш нарынхаа ярьж байгааг ч ойлгоход хэцүү санагдана. Гэхдээ Япон хэлийг сураад ирэхийн цагт энэ бүхэн бэрхшээл биш болчихно. “Шинэ Монгол” сургуулийг надаас өмнө төгсөж, Японд сурч байсан ах, эгч нар олон байсан учраас их тус дэмтэй байсан. Хүн бүр зорилго, мөрөөдөлтэй л бол өөрийгөө бүрэн дайчлах боломжтой байдаг гэж боддог.

-Японд суралцах хүсэлтэй монгол залуустаа ямар зөвлөгөө өгөх бол?

-Миний бодлоор тодорхой зорилго, мөрөөдөлтэй байх нь чухал гэж боддог. Юуны өмнө ирээдүйн зорилгоо тодорхойлчихвол тэрнийхээ төлөө явах арга зам, боломжууд өөрөө нээгдээд байдаг юм шиг санагддаг. Янз бүрийн гадаад, дотоодын тэтгэлэг олон болсон болохоор сайн судалж чадвал дэлхийн хаана ч очиж сурах боломжтой цаг үед бид амьдарч байна. Эхний ээлжинд тухайн орныхоо хэлийг нь сайн сурчихвал маш сайн. Мэдлэг олж авах эхний түлхүүр нь хэл сурах юм.

-Монголдоо хэзээ ирэх вэ. Эх орондоо ирээд, юу хийхийг хүсдэг вэ?

-Мэдээж Монголдоо очино. Сурч мэдсэнээ ашиглаад Монголынхоо барилгын салбарын хөгжилд жаахан ч гэсэн тус нэмэр болох юмсан гэж боддог. Яг одоо тэгнэ, ингэнэ гээд тодорхой зүйл хэлж чадахгүй ч, сурсан зүйлээ Монголдоо хийж, хэрэгжүүлмээр санагддаг. Гэхдээ надад цаашдаа суралцах зүйл маш их байна. 

 

-Монгол Улсад орчин үеийн өндөр барилгууд олноороо сүндэрлэж байна. Залуу боловсон хүчний хувьд энэ салбарыг илүү хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй гэж боддог вэ?

-Барилга том салбар болохоор хөгжихөд олон хүчин зүйлс хэрэгтэй гэж бодож байна. Би дөрвөн жил Японд барилга дээр ажиллах явцдаа Японы барилгын салбарын чухал хүчин зүйл нь хариуцлагын тогтолцоо гэдгийг ойлгосон. Жишээлбэл, энд нэг барилга барьж дуусаад хүлээлгэж өгсний дараа хамгийн багадаа 10 жилийн хугацаанд тухайн барилгыг барьсан гүйцэтгэгч компани барилгад гарсан эвдрэл, гэмтлийг нөхөж засварлах хуулийн заалттай байдаг. Барилгын дээврээс ус алдах ч юм уу, суурь суулт өгч, барилга хазайх, хүний нөлөөгүй эвдрэл гэмтэл зэрэгт баталгаа өгдөг гэж ойлгож болно. 

Барилгыг барьж дууссаны дараа гүйцэтгэгч компани жил болгон  тухайн барилгад оношилгоо үнэгүй хийж, засах зүйлс байвал өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэдэг. Тийм болохоор анхнаасаа л сайн чанартай барилга барихгүй бол ус алдах болгонд очиж, засаад байвал компанид ямар ч ашиггүй гэсэн үг. Энэ нь өөрөө эргээд хариуцлагыг нэмэгдүүлдэг юм байна. Дээр нь хууль маш чанга, хяналт шалгалт өндөр болохоор хариуцлагатай байхаас өөр аргагүй байдаг. Японд барилгын материал хийц, технологи их хурдтай өөрчлөгдөж байна. Судалгаа, шинжилгээ сайн хийдэг орон болохоор шинэ технологиуд байнга гарч ирж, барилгын салбарын өрсөлдөөн, хөгжлийг бий болгодог. 

-Таны цаашдын зорилго, мөрөөдлөөс хуваалцъя?

-Би шинэ зорилго, төлөвлөгөөгөө цаасан дээр бичээд, гэрийнхээ ханан дээр наачихдаг. Тэрийгээ хараад өөрийгөө байнга хурцлахыг хичээдэг. Бодож төлөвлөснөө нэг нэгээр нь биелүүлээд явахаар их гоё урам ороод, ахиад шинэ зорилго гарч ирээд байдаг. Энэ жилийн тухайд Зам, гүүрийн инженерийн тэргүүн зэрэг авах бодолтой байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж