Ганцаардсан Японы хатуурхал

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Ганцаардсан Японы хатуурхал

Ганцаардсан Японы хатуурхал

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнөөдөр (2018.02.06) Япон улсад гурван өдрийн айлчлал эхлүүллээ. Тэрбээр хоёр Солонгосын хамтран оролцож буй өвлийн олимпийн наадмын нээлтээс өмнө Токиод үдэлсэн нь энэ аж.

XXIII өвлийн олимпийн наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотноо ирэх баасан гаригт нээлтээ хийнэ. АНУ-ын дэд ерөнхийлөгч лхагва гаригт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана. Уулзалтаар Хойд Солонгосын баллистик пуужин, цөмийн зэвсгийн хөтөлбөрийн заналхийлэл, бүс нутаг болон олон улсын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Япон улсын талаас өвлийн олимпийн дараа Хойд Солонгост үзүүлэх олон улсын дарамт, шахалтыг дээд хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхийг зорьж, АНУ-ын талтай тохиролцохыг хичээж байгаа аж. Хойд Солонгос өнгөрсөн онд Японы хойд хэсгийн дээгүүр баллистик пуужингийн харвалтаа туршсан нь Токиог сандралд оруулсан юм. Холбоотны гэрээний дагуу 1960-аад оноос хойш АНУ-ын цэргийн баазууд Японд байрлан хамгаалах үүрэг гүйцэтгэж буй. Гэсэн ч Хойд Солонгосын цөмийн аюул заналхийлэл дор Япон улс энх тайвныг сахисан Үндсэн хуулиа өөрчилж, цэрэг, армийн чадамжаа нэмэгдүүлж эхэлсэн юм.

Муу хөршүүд
 

Япон улс нь дэлхийн II дайны үеийн эзлэн түрэмгийллээсээ болж хөрш Өмнөд Солонгос, Хятад улстай харилцааны хувьд таагүй явсаар ирсэн. Түүнчлэн Зүүн Хятадын тэнгис дэх хэсэг арлын эзэмшлээс болж Хятадтай удаан хугацаанд зөрчилдөж, 2012 онд нөхцөл байдал хурцдаж байв. Энэ нөхцөл байдалд тэд Хойд Солонгосын аюул заналхийллийн эсрэг асуудалд санал нэгдэхийг хичээдэг. Үүний зэрэгцээ АНУ-ын Дональд Трампын засаг захиргаа Хойд Солонгосын асуудалд гол түлхүүрийг Хятад улс атгаж буй гэж итгэдэг. Гэтэл Хятадын зүгээс Хойд Солонгосыг номхруулах зорилготой Пхеньяны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд цааргалсан байдлаар хандаж ирсэн юм.

Япон техник, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг ч Токио өөрөө цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй. Япон улс дэлхийн II дайнд бууж өгснөөс хойш цэрэг, армийн чадамжаа алдаж, гадны улсын цэргийг эх орондоо байрлуулах болсон.

Сүүлийн жилүүдэд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ цэрэг, армийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлсэн ч иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулсан юм. Үүнээс гадна Япон улс илт цэрэг, зэвсгээр хөөцөлдөөд эхэлбэл Өмнөд Солонгос болон Зүүн Азийн орнууд дагах нь мэдээж. Гэтэл цөмийн аюулаас хамгаалах АНУ-ын “шүхэр” хариуцлага гэхээс илүү эд хогшил, хөрөнгө болж хувирсаар байгаа юм. Мөн Зүүн Хойд Азийн нутаг ч эрсдэлтэй бүсэд тооцогдож байна. Энэ нөхцөл байдалд Япон улс аюулгүй байдлаа хамгаалахад хүндрэлтэй, бүс нутагтаа ганцаардалд орсон гэж болохоор юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж