“Цэцэн түшээ” нэртэй шатрын тэмцээн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулав.
Тэмцээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Х.Болорчулуун, Л.Энхболд, Б.Саранчимэг, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар оролцож, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон юм. Тэмцээний тэргүүн байранд эрэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, эмэгтэй гишүүдээс Б.Саранчимэг нар шалгарч “Цэцэн түшээ”-гээр өргөмжлөгдлөө. Тэмцээний хоёрдугаар байранд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар шалгарав.
Энэхүү тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн Г.Занданшатар нэгдүгээр байранд орж, Л.Энхболд, Б.Пүрэвдорж нар удаалсан юм.
Т.НОМИН