УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Түдэвтэй, Асгат, Баян-Хайрхан суманд ажиллаж, иргэд малчидтай өвөлжилт цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ. Нийт орон нутгаар өвөлжилт хүндхэн байна. Завхан аймаг нийт 24 сумтай, 14 суманд өвөлжилт хүндхэн байгаа аж. Хэдийгээр гантай зун болж өнгөрсөн ч аймаг орон нутгийн зүгээс зүгээр суугаагүй, сум багийн малчны хотонд өвс тэжээл базаах ажлыг идэвхтэй өрнүүлсэн байна. Тийм ч учраас хамтын хүчээр хавартай золгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа удирдлагууд нь иргэддээ дуулган сэтгэлийн дэм өгөв. Байгалийн зуд ч яахав, үүнээс илүүтэй төрийн зуд ард түмний толгой дээр дагтаршаад илүү их аюултай болсон талаар завханчууд бухимдлаа илэрхийллээ. Иргэдэд хүрэхгүй байгаа хуулиа төр эргэн харж үзэх шаардлага амьдралд тулгарч буйг уулзалтад оролцогч иргэд болоод тэтгэвэрийн насныхан учирлаж байна. Мөн өндөр настны асаргааны тэтгэмж олгохтой холбоотой,т өрийн үйлчилгээ түүнийг хэрэгжүүлэх дүрэм журам яг хэрэгцээтэй иргэддээ хүрэхгүй байгааг шүүмжлэв. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний хүртээмж өнөөдөр ихэнх иргэдийн амьдралд асуудал дагуулж буйг ч тэд шүүмжилж байна. Энэ мэт буруу, алдаатай төр засгийн шийдвэрүүдийг шүүмжилсний зэрэгцээ сум орноо хөгжүүлэх саналуудыг ч мөн олноор тавилаа. Тухайлбал, Түдэвтэй суманд мал тэжээлийн бааз байгуулж иргэдийг ажлын байраар амь амжиргааг нь дэмжих,Асгат сумыг газар тариалангийн бүс нутаг болгон хөгжүүлэх гэх зэргээр шинэ бүтээлч саналуудыг завханчууд ярьж хэлэлцүүлж байна.Зөвхөн Завхан гэлтгүй улсын хэмжээнд яригддаг нэг асуудал бол цэцэрлэгийн хүртээмжийн тухай асуудал байдаг. Асгат сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 216 хүүхэд байдгаас тал хүрэхгүй хувь нь буюу 96 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч байна.Иймд тус суманд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага бодитоор үүсчихээд байгааг иргэд УИХ-ын дэд даргад дуулгалаа.Завханы иргэдтэй хийх энэхүү уулзалт Баянтэс, Тэс сумдад үргэлжилж байна.
Холбоотой мэдээ