Хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ‘ICE’ буюу мөсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид илрүүлэн, эд мөрийн баримттай дайчлан /2018.02.02/-ны өдөр баривчилжээ. Илрүүлэх ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн албаны нохдыг ашиглажээ. Уг хэрэгт Монгол улсын иргэн 28 настай эрэгтэй М, 33 настай Ш нарын хоёр этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар саатуулан шалгаж байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдрийн байдлаар мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээллээ.
Э.Ариун