Францын нийслэл Парис хотод 2015 онд халдлага үйлдэж, 130 хүний амийг хөнөөсөн гэмт этгээдийг шүүх хурал өнөөдөр /2018.02.05/ Бельгийн нийслэл Бруссельд эхэлж байна.
Салах Абдеслам гэгчийг халдлага үйлдсэнээс хойш дөрвөн сарын дараа Брусселиэс саатуулсан юм. Тиймээс шүүх хурал Парист болсон халдлагатай холбоогүй, харин Бельгид зугтаж явахдаа цагдаа нарын эсрэг гал нээсэн хэргээр шүүж байгаа ажээ. Террорист халдлага үйлдсэн хэргийг тусад нь Францын шүүх шүүнэ. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй бөгөөд шүүх хурал наанадаж 2020 онд товлогдох бололтой.
Парисыг төдийгүй Европ дахиныг, дэлхий нийтийг цочроосон аймшигт халдлага 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан билээ. Парисын концертын танхим, цэнгэлдэх, ресторан, бар гээд хэд хэдэн байрлалд амиа золиослогч террористууд болон зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 130 хүний амийг хөнөөж, хэдэн зуун хүнийг шархдуулсан юм.
28 настай Салах Абдеслам гэмт этгээдүүдээс ганцаараа амьд үлдсэн бөгөөд дээрх халдлагад голлох үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг аж. Гэвч мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа тухай Францын прокурорын байгууллага мэдэгдсэн юм.
Халдлагын дараа Салах Абдесламыг Европ даяар эрэн сурвалжилж, улмаар дөрвөн сарын дараа Бруссель хотын Моленбеек дүүрэгт орон сууцанд бүгж байхыг нь илрүүлж, саатуулсан байна.
Бруссельд өнөөдөр эхэлж буй шүүх хуралд түүнийг хууль бусаар зэвсэг эзэмшсэн, цагдаагийн ажилтныг санаатай хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнийг баривчлах үед Салах цагдаа нарын өөдөөс гал нээсэн юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 40 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх ажээ.
Салах Абдеслам нь Бруссельд амьдардаг, Францын иргэншилтэй, харин аав, ээж нь Марокко гаралтай юм. Тэрбээр өдгөө Парисын ойролцоох шоронд хоригдож байгаа аж. Түүнийг Брусселийн шүүх рүү өндөр харуул хамгаалалтын дор хүргэсэн байна. Өдөр бүр шүүх хурал завсарласны дараа шөнө дунд түүнийг буцааж Францын шоронд нь хүргэж байх гэнэ.
Шүүхийн байрны гадна 200 гаруй цагдаа хамгаалалтад гарчээ.
С.ЦЭЛМЭГ