Авлигад холбогдсон “Samsung”-ийн захирлыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Авлигад холбогдсон “Samsung”-ийн захирлыг суллажээ

Авлигад холбогдсон “Samsung”-ийн захирлыг суллажээ

Сөүл хотын дээд шүүхээс “Samsung” группийн өв залгамжлагч, тус группийн харьяа “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирал И Жэ-Ёныг суллах шийдвэр гаргасан байна.

Тэрбээр БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахад хүргэсэн авлигын дуулианд холбогдож, анхан шатны шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан юм. Харин давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох авлига өгсөн, хууль бусаар өмч хөрөнгө олж авсан, хууль бус бичиг баримт бүрдүүлсэн зэрэг таван зүйл ангиар буруутгасан хэргийг хянан хэлэлцээд, 2.5 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Шүүхийн шийдвэрийн дагуу И Жэ-Ён өнөөдөр суллагджээ. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард саатуулагдаад байсан юм.

Өмнөд Солонгосын хамгийн том, нөлөө бүхий группийн өв залгамжлагч И Жэ-Ёныг экс-Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотнын найз Чой Сун-шил нарт их хэмжээний авлига өгсөн хэргээр өнгөрсөн оны наймдугаар сард ялласан юм. Түүнийг “Samsung” группийн харьяа хоёр компанийг нэгтгэхийн тулд нэг компанийн үнэлгээг бууруулахад экс-Ерөнхийлөгчийн туслалцааг авч, хариуд 8.8 тэрбум воны хахууль өгсөн хэрэгт гэм буруутай гэж үзсэн билээ. И Жэ-Ён шүүх танхимд өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж, Ерөнхийлөгчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн учраас “Samsung” тэр мөнгийг гаргаж өгсөн гэж мэдүүлж байжээ.

И Жэ-Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч И Кун-Хигийн дөрвөн хүүхдийн том нь, ганц хүү нь аж.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж