Олимпийн аваргадаа баяр хүргэе

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргадаа баяр хүргэе

Хүн төрөлхтний хөдөлгөгч хүчний нэг спортоос мэдрэх баяр бахдал дуусашгүй юм. МЭӨ 884 онд Элида хаан, Спарт омгийнхонтой эвийн гэрээ байгуулсан баяр тэмдэглэснээс улбаалан Олимп уулын хормойд /МЭӨ 774 онд/ эртний олимпийн бамбарыг бадамлан асаасан түүх бий. Тэр цагаас энэ ертөнцийг спортын амьд мэдрэмжгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Монголчууд бид ч дэлхийн сая сая хүний адил спортын гайхамшигтай түүх бүтээгчид. Монголчуудын олимпийн түүхийг эхлүүлсэн Токиогийн олимпийн жим, монгол хүн олимпийн анхны медалийг энгэртээ гялалзуулсан Мехикогийн олимп, Монголын тамирчид алтан соёмбот далбаагаа тэртээ дээр мандуулсан Бээжингийн олимп гээд бидний спортын бахархал их ээ.

Спортоос авч болох бидний үндэсний бахархал гурван жилийн өмнөх яг энэ өдөр гайхалтай, агуу түүхэн үйл явдлаар баяжсан. “Бээжин-2008” зуны 29 дэх удаагийн олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр гурван жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2008 оны наймдугаар сарын 14-нд алтан медалийн төлөө Казахстаны бөх А.Житкиевийг ялснаар олимпийн аварга болж билээ. Монголын түүхэнд олимпийн анхны аварга хэмээн цоллуулсан түүний ялалтын буухиа Японы алдарт бөх, Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга Кейжи Сүзүкиг ердөө минут хагасын дотор “давхар хамах” мэхээр цэвэр ялснаар эхэлсэн. Дараа нь дэлхийн аваргын мөнгөн медальт, Германы жүдоч Б.Берлаг, улмаар БНСУ-ын бөх Жан Сун Хотой барилдаж, мөн л илт давуугаар буулган авсан юм. Дөрөв дэх буюу медалийн төлөөх барилдаанд Азербайжаны бөх М.Миралиевийг ялснаар эхний баяртай мэдээг дуулгасан тэрбээр аваргыг давж аварга болсон нэгэн. Тив, дэлхий, олимпийн талбарт нэрээ тамгалсан шилдгүүдийг ээлж дараалан өмнөө сөхрүүлсэн түүнийг олимпийн анхны алтан медалийн төлөө барилдахад монгол түмэн бүгд сэтгэл догдлон, сэтгэл зүрхээрээ монгол хүүгийнхээ дэргэд байж, барилдааныг нь харж суусан. Н.Түвшинбаярыг монгол түмний заяа түшиж, тэрбээр тухайн жилийн Ази тивийн аварга, Казахстаны бөхийг хоёр юүко, нэг вазари үнэлгээгээр төвөггүй буулган авснаар 44 жил хүлээсэн олимпийн алтан медалийн эзэн болсон юм.

Монголын баг тамирчид анх 1964 онд Японы нийслэл хотноо болсон олимпийн наадамд хөл тавьсан. 96 орны тамирчид оролцсон тус наадамд монголчууд 21 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн ч медаль хүртэж чадаагүй. Гэтэл ердөө дөрөвхөн жилийн дараа буюу хоёр дахь удаагаа олимпийг зорьсон монголчууд Мехикогийн олимпийн наадмаас анхны медалиа хүртэж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр 112 орноос 27 дугаар байрт шалгарч, Монголын тамирчдын чанар чансаа, тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзэл ийм агуу гэдгийг дэлхий дахинаа илтгэж байв. Монголчуудын олимпийн түүхийг эхлүүлсэн Токио, Мекихокийн зуны олимпиос хойш /АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 1984 оны олимпод хуучнаар социалист системийн орнууд оролцоогүй учир манай тамирчид Лос-Анжелесийг зориогүй билээ/ бараг бүхий л зуны наадамд тамирчдаа сойсон Монгол Улс 44 жилийн дараа анхны аваргаа өлгийдөн авсан нь Н.Түвшинбаяр. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох хожим нь түүнийг олимпийн жилд болсон тэмцээн, уралдаанд бүгдэд нь амжилттай оролцсон болохоор олимпиор ямар ч байсан нэгийг дуулгана хэмээн итгэж сууснаа хуучилж билээ. 

Бээжингийн олимпийн наадмын наадмаас монголын тамирчид хоёр алт /Н.Түвшинбаяр, жүдо -100 кг, Э.Бадар-Ууган, бокс 57 кг/, хоёр мөнгөн /О.Гүндэгмаа, буудлага 25м спорт гар буу, П.Сэрдамба, бокс, 48 кг/ медаль хүртэж, харин паралимпийн наадмаас Д.Баатаржав алтан медаль зүүснээр олимпийн таван цагаргийг алт, мөнгөн медалиар дүүргэсэнд монголчууд мандан бадрахын бэлгэдэл хэмээн ихэд бэлгэшээж билээ. Харин ирэх 2012 оны Лондонгийн олимпод олимпийн цагаргийг таван алтан медалиар бялхааж ирэхийг ерөөе.

Олимпийн тэнгэрт Монголын алтан соёмбот төрийн далбаа мандсан тэр өдрийг, Монгол төрийн сүлд дуулал эгшиглэсэн тэр цагийг, нийслэлчүүд төв талбайдаа цуглан, баяраа тэмдэглэж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд бүгд баярын нулимстай хотол олноороо цэнгэн баясч, Монгол хүн болж төрснөөрөө, эх сайхан нутгаараа, нутаг нэгт тамирчдаараа, Найдангийн хүү Түвшинбаяраар омогшин бахархаж байсан тэр л наймдугаар сарын 14 хэзээ ч мартагдашгүй. Энэ өдөр Монголын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн түүхэн өдөр билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж