Монгол улсын СУИС-ийн Театрын урлагийн сургууль, БНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит Театрын сургуультай 2012 оноос эхлэн хамтарсан төсөл хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ удаагийн “Михаэль Коолхаас” төслийг “Урбан номадс” байгууллагын төлөөлөгч, найруулагч Коринна Бетгегийн санаачлагаар хамтран зохион байгуулж байна. Төслийн хүрээнд хоёр сургуулийн жүжигчин, найруулагч, зохиолч, тайзны зураач, хөгжимчин мэргэжлийн ангийн оюутнууд Германы нэрт зохиолч Хейнрих фон Клайстийн “ Михаэль Коолхаас” туужаар орчин үеийн драмын жүжиг найруулан тавилаа. Энэ зохиолд төрийн эрх мэдэл, сүр хүч, ёс суртахууны зөрчил, шударга ёсны шалтаг шалтгааныг эрэлхийлж буй жүжгийн гол баатар Михаэль Коолхаас, түүний шударга ёсны төлөөх тэмцлийг үзүүлжээ. “Михаэль Коолхаас” төслийг Германы эрдмийн солилцооны байгуулага(DAAD) ивээн тэтгэж буй юм. “Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт 2018 оны хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагт СУИС-ийн РТМУС-ийн “Дебют”театрт болно. Жүжгийг хоёрдугаар сарын 9-ны өдрийн 19.00 цаг, 10-ны өдрийн 17.00 цаг, 11-ны өдрийн 17.00 цагаас “Дебют”театрт гурван өдрийн турш тоглох юм.
Л.ХАЛИУ