Шинэ он гарснаас хойш Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал болон УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой, иргэд, хуульчдаас гаргасан гомдол зэрэг олон нийтийн анхаарал татах асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан.
Эдгээр нь “Цэц УИХ-ын гишүүн Б.Наранхүүг хамгаалж, Ерөнхийлөгчийн зарим нэг эрхийг хязгаарлалаа” гэх шүүмжлэлийг араасаа дагуулаад байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд нь ямар үндэслэлээр гарсныг тоймлолоо.
Ерөнхийлөгчид хууль тогтоох эрхийг хязгаарлав
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд болж, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх иргэн Н.Түмэнбаярын гомдлыг хэлэлцэн, хүлээн авсан юм.
Харин Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх” гэж хэл зүйн талаасаа ойлгогдохоор суусан нь Үндсэн хууль зөрчих үндэслэл болсон байна.
Иймээс Үндсэн хуулиас давсан энэ агуулга Батлан хамгаалах тухай хуульд “суусан” байсныг зөрчилтэй гэж үзэн, дайны цагийн үед ч Ерөнхийлөгч хууль тогтоох эрхгүй гэж үзэн, хязгаарлалаа.
Цэцийн гишүүн Б.Наранхүүг хамгаалсан уу?
УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь чуулганы хуралдаандаа суудаггүй, ажлаа тогтмол тасалдаг нь “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж хуульч Б.Гүнбилэг нар Цэцэд хандсан юм.
Цэцийн гишүүн Н.Жанцан дээрх саналыг судлаад энэ сарын 1-нд “Б.Наранхүүтэй холбогдох асуудал нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах болохоос биш Үндсэн хуулийн цэцийн харьяаллын асуудал биш” гэж үзсэн юм.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбогдох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор тус бүр хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байдаг. Мөн УИХ дахь нам эвслийн бүлэг нь өөрийн харьяалах гишүүдээ Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулах үүргийг хүлээдэг. Иймээс дээрх заалтуудыг иш болгон, маргаан үүсгэхээс татгалзжээ.
Гэхдээ гомдол гаргасан Б.Гүнбилэг нарын хуульчдын хувьд “Цэцийн гишүүн Н.Жанцан нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүд лоббидуулсан байх магадлалтай” гэсэн хардлага бий бол Цэцэд дахин гомдол гаргах эрх нь нээлттэй аж. Энэ тохиолдолд Цэц асуудлыг дахин нягтална. Ингэхдээ ганц цэцийн гишүүн асуудлыг судлахгүй, гурван гишүүн хуралдаж, шийдвэр гаргах юм байна.
Нотлох баримтыг шүүгч цуглуулахыг хүчингүй болгов
Учир нь дээрх хуульд “нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан байна. Энэ нь шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлсэн заалт аж.
Аливаа хэрэг, маргаантай холбогдох нотлох баримтыг шүүгч бүрдүүлдэггүй. Харин нотлох баримтад үндэслэн шүүгч шийдвэрээ гаргадаг. Тиймээс Цэц дээрх хуульд заасан заалтыг түдгэлзүүлснээр “Шүүгч нотлох баримт цуглуулах тухай заалт” үйлчлэхгүй болж байгаа юм.
Г.ДАРЬ