Төлбөрийн картын аюулгүй байдлын олон улсын PCI DSS стандартыг хангаж, батламжаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Төлбөрийн картын аюулгүй байдлын олон улсын PCI DSS стандартыг хангаж, батламжаа гардан авлаа

Төлбөрийн картын аюулгүй байдлын олон улсын PCI DSS стандартыг хангаж, батламжаа гардан авлаа

Монгол улсын хамгийн том, ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг бүрэн хангаж, өнөөдөр олон улсын PCI Security Standards Council -аас хүлээн зөвшөөрөгдсөн Аюулгүй байдлын үнэлээч (Qualified Security Assessor -QSA) болох ControlCase байгууллагаас PCI DSS 3.2 стандартын батламжаа гардан авлаа.   

Ингэснээр бизнесийн гол цөм болох хамтран ажиллагч, түнш байгууллага, харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлын нууцлалыг чандлан хамгаалагч, тэдгээрийн ашиг сонирхлыг тууштай дэмжигч банк болохоо баталгаажуулж, Монгол улсаас Global Registry of Service Provider гэсэн жагсаалтад орж, үйл ажиллагааны хамгийн олон чиглэлээр энэхүү олон улсын стандартыг хангасан Монгол улсын анхны банк болж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь энэхүү стандартыг нэвтрүүлснээр зөвхөн төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлаар хязгаарлахгүйгээр өөрийн холбогдох бодлого, заавар, журам, программ хангамж, тоног төхөөрөмж, банкны гадаад, дотоод сүлжээний зохион байгуулалт, карт хэвлэлт, хүргэлт, мерчантын үйлчилгээ зэрэг бүхий л түвшинд нууцлал, аюулгүй байдал, дотоод хяналтыг олон улсын түвшинд хүргэж буйг мэдээлэхэд таатай байна.

Монгол улсад хором тутамд хийгдэж буй 3 гүйлгээний 1 нь Худалдаа, хөгжлийн банкны төлбөрийн картын системээр дамжин хийгддэг ба Худалдаа, хөгжлийн банкны картын системийг Монгол улсад картын үйл ажиллагаа явуулж буй 12 арилжааны банкны 7 нь ашигладаг. Иймд, эдгээр банкуудын төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдалд давхар ач холбогдолтой бөгөөд тэд ч мөн PCI DSS стандартын шаардлагыг хангахад илүү дөхөм болж байгаа юм.

Анх 2006 оны 9 сард American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard Worldwide болон Visa International зэрэг дэлхийд тэргүүлэгч 5 байгууллага хамтран карт эзэмшигч, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, сайжруулах үндсэн зорилго бүхий PCI DSS 1.1 стандартыг батлан гаргасан бол өнөөдөр энэхүү стандарт 3.2 хувилбартай болтлоо хөгжиж, төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын менежмент, бодлого, үйл ажиллагаа, сүлжээний бүтэц, программ хангамжийн болон кредит, дебит төлбөрийн картын мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах, баталгаажуулах найдвартай орчинг бүрдүүлэх зорилго бүхий багц стандарт болж хөгжсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж