ЭЕШ-ын сэдэв задарсан тохиолдол нэг ч гарч байгаагүй

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын сэдэв задарсан тохиолдол нэг ч гарч байгаагүй

ЭЕШ-ын сэдэв задарсан тохиолдол нэг ч гарч байгаагүй

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр /2018.02.05/ 09:00 цагаас орон даяар эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2018.02.05/ бүртгэл, журамд ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өглөө. 


Энэ жил 45 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнөөдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл зохион байгуулна гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг  24 цагийн турш онлайнаар авах бөгөөд өмнөх оны төгсөгчтэй нийлээд 45 мянга орчим шалгуулагч шалгалт өгөх урьдчилсан тооцоог гаргажээ.
Шалгуулагчид нийт 10 хичээлээс сонголтоо хийх бөгөөд бүх банкны картаар дамжуулан нэг шалгалтын төлбөр болох 5800 төгрөгийг төлөх гэнэ. Харин босго оноогүй монгол, хэл бичгийн шалгалтыг бүх шалгуулагч өгч, тусдаа батламж хуудас авна гэдгийг мэргэжилтнүүд сануулсан юм.

Хувийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын сервертэй холбосон

Энэ жилийн бүртгэлийн онцлог нь шалгуулагчдын хувийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын сервертэй холбосон. Ингэснээр тухайн бүртгүүлэгч нь өөрийн регистерийн дугаараа оруулж, улсын бүртгэлд байгаа хувийн мэдээлэл дээрээ үндэслэн хичээл сонголт, төлбөрөө хийх боломжтой болох юм. 

Хэрвээ бүртгүүлж байх явцад хувийн мэдээлэлтэй холбоотой үг, үсгийн зөрүү гарах, овог нэрээ сольсон тохиолдол гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээрээ дамжуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэд ажилладаг мэдээллийн нэгдсэн системд хувийн мэдээллээ солиулна. Үүний дараагаар бүртгэлийн хуудсаа дахин хэвлэж авах юм.

Сонсоод ойлгох чадварын шалгалтын даалгаврыг нэмжээ

Монгол хэл, орос хэл, англи хэлний хичээлүүдийн сонсоод, ойлгох чадварын даалгаврыг өнгөрсөн жил цөөнхөн өгсөн. Энэ жил уг шалгалтын даалгаврыг тодорхой хэмжээнд нэмж, хугацааг нь сунгасан байна. Мөн монгол хэл, бичгийн шалгалтад найруулан бичих, унших чадварын даалгавруудыг нэмжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, хими гэсэн хичээлүүдийн гүйцэтгэх хугацаа 100 минут бол бусад хичээлүүдийн шалгалт нь 80 минутын хугацаанд үргэлжилнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдад туслах мэргэжилтэн ажиллана

“Хөгжлийн бэрхшээлтэй 2-3 шалгуулагч ЭЕШ-ад хамрагддаг байсан. Өнгөрөгч 2017 онд энэ тоо нэмэгдэж, нийт 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалт өгчээ. Тиймээс энэ жил Боловсролын үнэлгээний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдыг тусгайлан анхаарч, тусгай хариуцсан мэргэжилтэн ажиллуулна. Тухайн шалгуулагчийн онцлогт тохирсон боломжуудыг бүрдүүлж, баррель үсгээр хөрвүүлэн гаргах ажлыг зохион байгуулж байна” гэдгийг тус төвийн ЭЕШ хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.

Шалгуулагчид бүртгэл дууссанаас хойш тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ дамжуулан Боловсролын үнэлгээний сайтаар нэвтэрч орно. Ингэснээр хаана, ямар суудлын хуваарийн дагуу шалгалт өгөх вэ гэдгээ мэдэх боломжтой гэнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жил зургадугаар сарын дунд 10 хоног зохион байгуулахаар саналыг салбар яаманд хүргүүлжээ.

ЭЕШ-ын материалыг 2019 онд газар дээр нь засдаг болно

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн шалгалтын үеэр туршилтын ажлыг хийнэ гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Ерөнхий боловсролын сургуулийн  5, 9, 12 дугаар ангийн сурагчид улсын шалгалтыг өгдөг. Боловсролын үнэлгээний төвөөс үндэсний хэмжээнд нээлттэй даалгаврын санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Нийтдээ шинээр 21 мянган улсын шалгалтын даалгаврыг боловсруулж, турших ажлыг зохион байгуулж байгаа аж. Үүний дагуу багш сурагчид шалгалтдаа бэлтгээд, тавдугаар сард Улсын шалгалт эхлэхээс өмнө шалгалтын даалгаврын хүрээг тодорхойлсон төлөвлөгөөг, сургуулиудад хүргүүлнэ.
Ингэснээр тухайн сургуулийн Улсын шалгалт зохион байгуулах комисс нь Боловсролын үнэлгээний төвөөс тавигдсан даалгаврын санг ашиглан, өөрсдөө сэдэв, даалгавраа боловсруулж, шалгалтаа авна.

Мөн энэ үеэр “2016 оноос хойш элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад ямар нэгэн шалгалтын сэдэв, даалгавар задарсан тохиолдол нэг ч гарч байгаагүй. Харин сошиалд шалгалтын сэдэв задарсан мэт мэдээлэл түгээж, залилан хийж, сэдэв зардаг хэсэг бүлэг хүмүүсийг илрүүлж, арга хэмжээ авч байсан” талаар тус төвийн ЭЕШ хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат тайлбарлалаа.

А.Сүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж