Дэлхийн Хадгаламж, зээлийн Хоршооны зөвлөл (ДХЗХЗ, The World Council of Credit Unions WOCCU)-өөс мэдээлсэн улс орнуудын хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтад өнгөрөгч 2017 оны эхний гурван улиралд орсон өөрчлөлтүүдээс онцлог заримыг товчлон сонирхуулж байна.
ДХЗХЗ-ийн гол гишүүдийн нэг Австрали Улсын Засгийн газраас Бодлого зохицуулалтын алба (APRA)-ны зохицуулалттай хадгаламжийн байгууллагууд (ADI) банкны үйл ажиллагааг зөвшөөрөл шаардахгүйгээр чөлөөтэй эрхлүүлэхээр хуулийн төсөл боловсруулаад байна. Санхүүгийн зах зээл дэх өрсөлдөөнийг тэгшитгэх зорилготой энэ бодлого хэрэгжсэнээр банкны гүйцэтгэх үүрэг, торгуулийн хэмжээ, хадгаламжийн байгууллагуудын удирдлагын хариуцлага дээшилнэ гэж үзэж байгаа юм. Банкны холбоо (COBA) ч мөн шинэ бодлого зохицуулалттай байгууллагуудад дарамт болохгүй төдийгүй салбарт эерэг өөрчлөлт бий болгоно гэсэн байр суурьтай байна. Засгийн газар хуулийн төсөлтэй холбогдуулан санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнд дүн шинжилгээ хийж эхэлжээ.
Харин Канад Улсын Санхүүгийн байгууллагын хяналтын төв (OSFI)-өөс банк, банкир гэсэн нэр томъёог банкнаас бусад санхүүгийн байгууллагууд ашиглахад үргэлж маргаан үүсдэгтэй холбоотой нэгэн зохицуулалтыг хуульд нэмж оруулахаар төлөвлөв. Энэ нь Хадгаламж зээлийн хоршооны салбарт “банк” гэсэн үгийг хэрэглэхийг хатуу хориглох тухай заалт байсан юм. Гэвч тус улсын ХЗХ-ны холбоо (CCUA)-оос уг асуудлыг дахин авч үзэхийг хүссэнээр төсөл буцаагдаад байна.
Бразил Улсын Төв банкнаас ХЗХ-дод аюулгүй байдал болон тогтвортой байдлын шинэ шаардлагыг танилцууллаа. Энэ шаардлагад хоршоод болон санхүүгийн байгууллагууд хөрөнгийнхөө хэмжээнээс хамааран зохицуулагдахаар заажээ.
Жижиг ХЗХ-дод мөрдүүлэх зохистой хяналт шалгалтын тогтолцоо, зарчмыг бий болгох зорилгоор Польшийн парламент холбогдох хуульд тайлагнах системийг зохицуулалтыг нэмж орууллаа. Үүнд хяналтын тогтолцоонд хүндрэл учруулахгүй байх арга хэмжээний тухай хянан шалгагч нарт зориулсан шаардлагуудыг тусгасан байна. Хуульчилсан тайлагналын системийг жижиг хоршоодын зохицуулалт, хяналтад нэвтрүүлэхийн тулд холбогдох хуульд зээлийн багцын талаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Тус улсын санхүүгийн зохицуулагч байгууллага хяналтаа сайжруулах, зардлаа хэмнэх үүднээс цахим тайлагнах системийг бий болгоод байгаа бөгөөд шинэ систем өнгөрөгч сараас хэрэгжиж эхэлжээ.
Эх сурвалж: СЗХ