Улаан асрын зүүд (43-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (43-р бүлэг)

Улаан асрын зүүд (43-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Дөчин гуравдугаар бүлэг

НАСНЫ БАЯРТ МӨНГӨ ТАТВАРЛАН АВЧ БИЕЭ СААТУУЛАН, НАМАГ ШАВАРТ ХҮЖ ХАТГАЖ, СЭТГЭЛ ЮҮГЭЭ ХАНГАВ

Өгүүлэх нь: Тэр өдрийн зугаалгаар Жя Мү Гуань Юань хүрээлэнд баахан жихүүцээд бие нь тавгүйрхсэн ч өвдсөнгүй. Тэгэвч эмч залж хөл болсон ч төдөлгүй бие нь сайжирчээ. Тэрбээр Ван Фүрэнь, Фөн Жехоёрыг дуудуулж: “Жя Жэнд илгээх юм бэлтгэ” гэж тушаав. Тэд Жя Мү дуудлаа гэхээр сандран ирвэл бие нь сайн болоод “Та нарын ирүүлсэн гургуулийн шөл маш амттай байв. Махнаас нь ч идсэн. Дотор их сайн байна” гэжээ. Ван Фүрэнь: “Тэр шөлийг чинь Фэн охин бэлтгэж тайтайдаа барьсан юмаа. Тайтайгийн ямагт хайрлаж ирсэн сэтгэлийг марталгүй санаж яваагийн л гэрч юм даа” гэсэнд Жя Мү толгой дохин зөвшөөрч: “Үнэхээр Фөн охин намайг бодож байна. Түүхий махыг нь тосонд буцалгаад, шингэн будаатай идэхэд их амттай юм билээ. Харин шөл нь их амтттай ч шингэн будаанд тохирохгүй” гэв. Фөн Жеяаран гал тогооны газар захиалав. Жя Мү:

-Би чамайг дуудуулсан нь, энэ Фөн охинтой холбоотой. Энэ гарах сарын шинийн хоёронд Фөн охины төрсөн өдөр таарч байгаа. Урьд хэдэн жилд би тэмдэглэх гэсэн боловч ажил явдал давхцаад чадаагүй юм. Энэ жил бол хүмүүс бүрэн байхаас гадна өөр юм давхцахгүй шинжтэй. Тиймээс цөмөөрөө нэг өдөр сайн найрлая гэсэнд Ван ФүРэнь: “Би бас тэгж бодож байсан. Лао тайтай баяртай байгаа учир зөвлөлдөн тогтъё” гэв. Жя Мү:

-Урьд жилүүдэд хэний ч насны баяр болсон дор дороо л хувийн бэлэг бэлтгэдэг байсан. Энэ төдий л сэтгэлд нийцэхгүй, нэг л ор нэр төдий, хөндий хангай санагддаг юм. Би одоо нэг шинэ арга бодож байгаа. Аль болох ойр дотно цэнгэлдэж болно доо гэсэнд Ван Фүрэнь: “тайтайгийн санаагаар л хийцгээе” гэж дэмжив. Жя Мү “Бид мөн л тэдгээр бага гэрийг дууриаж, мөнгө гаргаж, хувь нийлүүлэн хийвэл яана вэ”гэсэнд Ван Фүрэнь: “Болноо, болно. Харин яаж хувь нийлүүлэхээ мэдэхгүй байна” гэв. Жя Мү баярлан, Шюэ Има, Шин Ван хоёр Фүрэнь бас Бао Юй, олон эгч дүүс авхай нар Ёу хатан, Лай да гийн эхнэр болон бусад нүүр талтай эхнэрүүдийг ч дуудав. Жя Мүгийн дуудлагыг авцгаасан тэд аяга цай уухын завдалгүй санд мэнд хүрэлцэн ирцгээв. Шюэ Има л Жя Мүтай зэрэгцэн сууж бусад нь Ван, Шин хоёр Фүрэнь үүдний хажуугийн исэрт, Бао Чай эгч дүүс ханзан дээр, Бао Юй, буурай эмээгийнхээ өөдөөс харан сууж, бусад нь үүд хавиар зогсоцгоожээ. Жя Мү жижиг сандал авчруулан Лайдагийн эх мэтийн настай эхчүүлийг сууцгаа гэв. Энэ нь Жя овогтны заншил юм болов уу, эцэг эхэд нь зарцлагдаж байсан хөгшин боол нь залуу эздээс ч хүндтэй тул Фөн Жэ, Ёу хатан нар цөм тэрүүгээр хөшөө мэт зогсож байхад хуучин зарц эмгэд суудалд сууж харагдана. Жя Мү инээж, түрүүхэн ярьж байсан үгээ нийтэд ярив. Энэ олны доторх Фөн Жэтэй найрсаг харилцаатай нь ийнхүү мөнгө гаргахад дуртай ажээ. Бас зарим нь Фөн Жэгээс айгаад нүүр тал засах гэж бодож байсан учир хэн ч гэсэн энэ далимыг алдахгүйг хичээнэ. Үүнээс гадна бүгдээрээ мөнгө гаргах чадалтай болохоор Жя Мүгийн үгийг сонсмогц цөм аялдан дагав. Жя Мү эхлээд л: “Би хорин лан гаргая” гэтэл Шюэ Има инээж: “Би бас Лао тайтайг дууриагаад хорин лан гаргая” гэв. Шин, Ван хоёр Фүрэнь инээж:

-Бид Лао тайтайтай зэрэгцэж яаж болох вэ. Нэг дэс доошлуулж тус бүр арван зургаан лан гаргая гэсэнд Ёу хатан, Ли Шэнь хоёр бас л инээж: “Бид ч нэгэн дэс доошлуулж, хүн тус бүр арван хоёр лан гаргая” гэцгээв. Жя Мүяаран, Ли Шэньд хандаж,

-Өмөг түшиггүй өнчин бэлбэсэн чамаар яалаа гэж энэ мөнгийг гаргуулах вэ. Би чиний оронд гаргая гэсэнд Фөн Же инээж:

-Лао тайтай битгий хэтэрхий их хөөрөө. Урьдаар бодоцгооё. Их тайтай нэгэнт хоёр дахин ихийг гаргах гэж байгаа мөртөө их бэргэний оронд бас арван хоёр гаргана гэж байна. Хэдий нэгэн цагийн урамшлаар хэлж гаргавч өнгөрсөн хойно тунгаан бодоод зүрх шимшрэхэд хүрнэ. Хожим бас “Мөнгө зоосыг Фэн охины төлөө сүйтгэв” гэж уран аргаар намайг хуурч гурав дөрөв дахин гаргуулж энэ гарзаа бөглөх үед би мөн мэдэх ч үгүй зүүдэлж байна гэсэнд цөм хөхрөлдөв. Жя Мү:

-Чиний бодлоор яавал сайн юм бэ гэж асуусанд Фөн Же инээн:

-Төрсөн өдөр болоогүйгээр ингэвэл нэгэнт буяныг минь барагдуулахад хүрнээ. Би сохор зоос ч гаргалгүйгээр олныг үймүүлсэнд сэтгэл түвдэхгүй байна. Харин их бэргэний хувийг би гаргая. Тэр цагт би илүүхэн идэж уувал даруй жаргал болно гэв. Шин ФүРэнь: “Энэ болох юмаа” гэсэнд Жя Мү ч зөвшөөрөв. Фөн Же бас инээн:

-Би нэг юм саналаа. Буурай эмээ өөрөө хорин лан гаргахын дээр бас Линь охин дүү, Бао дүүгийн хувийг бас гаргана. Бас Има өөрөө харин лан гаргахын хамт Бао охин дүүгийн хувийг даана. Энэ ч бас голч хэрэг. Ганц хоёр тайтай тус тусдаа арван зургаан лан гаргаад бас өөр хүний хувийг даах явдалгүй тул баахан голчгүй мэт байна. Буурай эмээ алджээ гэсэнд Жя Мү хөхөрч:

-Миний Фөн охин санааг минь мэднээ. Тун зөв хэлж байна. Чи хэлээгүй бол би тэдэнд залилуулна гэв. Фөн Же инээж:

-Буурай эмээ та, тэдний ах дүү хоёрыг хоёр тайтайд тушааж, тайтай нараар тэдний хувийг гаргуулбал зохино гэсэнд Жя Мү: “Энэ болох юм” гэв. Лай Дагийн ээж:

-Яаж ингэж болох вэ. Би хоёр тайтайгийн өмнөөс бачимдаж байна. Нэг нь хадам эхийн дүрэмтэй, нөгөөх нь авга ээжийн хувьтай байтлаа хадам эх, авга эгчийн талд дуугарахгүй харин өөр хүний талд дуугарах нь, чухамдаа бэр нь хөндлөнгийн хүн болоод, төрсөн ач охин нь зээ охин болжээ гэсэнд Жя Мү нар бүгд инээд алдан хөхрөлдөв. Мөнөөх эх мөчөөгөө өгөхгүй бололтой:

-Бага найнаа нар нэгэнт арван хоёр лан гэвэл бид бас нэг дэс доошлуулах юм уу гэж асуув. Жя Мү:

-Тэр яаж болох вэ. Хэдий нэг дэс доошлуулах нь зүйд нийцэх мэт боловч та нар бол цөм баян улс. Байр суудал нь доогуур боловч мөнгө зоос нь тэднээс дээгүүр баян гэдгийг би мэдэж байна. Та нар цөмөөр тэдний адил гаргавал зохино гэсэнд олон эмгэн яаран зөвшөөрөв.

Энэ авхай нар зөвхөн ёс гүйцэтгэхэд л болно. Тэднийх бол нэг сарын мөнгөний хэмжээнд байж болно гэж Жя Мү нэмж хэлснээ, гэдрэг эргэж, Юань Ян нааш ир, чи хүн олж зөвшөөд ир гэв. Цаадах нь за гээд явснаа төдөлгүй Пин Эр, Ши Рэнь, Цай Шинь болон хэдэн шивэгчин дагуулж ирээд нэг хоёр лангаар хувь оруулах боллоо гэж хэлэв. Жя Мү, Пин Эрд хандаж: “Чи эзнийхээ насны баярыг онцолж хийхгүй, энэ олонтой хамтрах гэж үү” гэж асуусанд цаадах нь:

-Миний хувийн бэлэг тусдаа. Энэ бол хамт олондоо хувь нэмж байгаа юм гэв. Жя Мү: “Энэ сайн хүүхэддээ” гэв. Фөн Жэ:

-За ингээд дээр доргүй оролцжээ. Ганц хоёр бага эхнэр ирээгүй юм байна. Тэднээс хувь гаргах эсэхийг лавлана. Тэгэхгүй бол тэд доор үзлээ гэнэ шүү гэсэнд Жя Мү:

-Тэгэлгүй яахав. Тэднийг мартаж болохгүй. Энэ удаа ч зав чөлөөгүй байгаа биз дээ. Яахыг нь асуулгачих… гэтэл хэдэн шивэгчин асуухаар явцгаав. Нилээд удсаны дараа тэд буцаж ирээд: “Дор бүрнээ хоёр лан гаргана гэнээ” гэцгээв. Жя Мү баярлаж: “Бийр бэх авчраад нийтдээ хэд болохыг нь бодоод гаргачих” гэв. Ёу хатан тэрхэндээ: “Ханаж цаддаггүй хар өлөгчин юмаа. Өчнөөн олон хүн мөнгө гаргаж ойг нь хийх гэж байхад ханахгүй, тэр хоёр гар мөхөс амьтныг татаж оруулж яана даа” гэхийг нь Фөн Же сонсчихжээ. Ю хатныг хараад:

-Битгий дэмий чалчаад байгаарай. Эндээс гараад хоёулаа уулзана. Тэр хоёр яагаад гар мөхөс болчихов. Мөнгөө хүнд өгөөд байдаг мөртөө биднийг нийлээд цэнгэлдэхэд нэмэр өгч хүрэхгүй болчихов уу гэв. Ийн ярилцан, мөнгөний тоог гаргавал нэг зуун тавин лан илүүтэй байв. Жя Мү:

-Нэгэн өдрийн найр хурим, ший жүжигт элбэг хүрнээ гэсэнд Ёу хатан:

Гаднаас зочин залахгүй, найрын ширээ цөөн байхаар, хоёр гурван өдрийн зардалд ч хүрчихнэ. Хамгийн сайн нь, ший үзэхэд мөнгө гаргахгүй тул мөнгө хэмнэгдэнэ гэв. Жя Мү: “Фэн охин ямар л ший үзэх дуртай бол түүнийг нь дуулуулсугай” гэсэнд Фөн Жэ:

-Өөрийн шийг үзсээр байгаад цээжилчихжээ. Тэгэхээр гаднаас ший авчирч мөнгө өгье гэв. Жя Мү:

-Би энэ хэргийг Жэнь агийн бэрд тушаана. Фөн охиныгоо ганц өдөр сэтгэл амар байлгая даа гэсэнд Ёу хатан: “Тэгэлгүй яахав” гэж хүлээн авсны дараа энэ тэрийг ярилцаж жаахан сууж байгаад тарцгаав. Ёу хатан ойн тухай зөвлөлдөхөөр Фөн Жэгийнд оров. Фөн Же: “Чи надаас битгий асуу. Лао тайтайгийн царайг хараад л хийчих” гэсэнд хатан: “Муу гайхлын чинь хийморь сэргэжээ. Би ямар хэрэг гараад намайг дуудсан юм бол гэж гайхсан юм. Тэгтэл энэхний төлөө байжээ. Мөнгө гаргаад зогсохгүй, дээр нь бас намайг зовоох нь гэж бодсон юм. Чи ер нь миний ачийг яаж хариулах хүн бэ” гэв. Фөн Же инээмсэглэж:

-Битгий дэмий чалчаад байгаарай. Би чамайг дуудаагүй шүү. Ямар ачийг чинь хариулах болж байна вэ. Чи зовохоос халшраад байгаа бол Лао тайтайд хэлээд л нэг хүн гаргавал боллоо шүү дээ гэсэнд цаадах нь:

-Чи баярласан шинжээ хар. Аяа баахан татахгүй бол амсраараа халина шүү гэснээ, энэ тэрийг залган ярилцаж байгаад явав.

Маргааш нь Ёу Хатныг угааж самнаж дуусаагүй байтал: “Мөнгө хүргэж ирлээ” гэж хэлэв. Түүнээс: “Хэн хүргэж ирэв” гэж асуусанд шивэгчид: “Линь ижий” гэв. Ёу хатан: “Түүнийг дууд” гэсэнд Линь Шиюгийн эхнэр хүрч ирэв. Ёу хатан: “Энэ боодолд хичнээн мөнгө байна вэ” гэж асуусанд, эхнэр: “Энэ бол дордсын хувь цугларсаныг авчирч байгаа юм. Лао тайтай, бусад тайтай нарын хувь ирээгүй” гэж хариулав. Энэ зуур нэг шивэгчин орж ирээд: “Тэртээх ордны И тайтай өөрийн хувиа илгээжээ” гэж мэдүүлсэнд Ёу хатан инээмсрэн “Муусайн өлөгчингүүд. Ийм хэрэггүй үгийг тогтоохдоо сайн. Өчигдөр Лао тайтай баярлаад, зориуд бага айлыг дууриаж хувь нийлүүлсүгэй гэснийг та нар дор нь цээжлээд, одоо үнэн үг болгон ярьж байна. Хурдан оруулахгүй юү хүлээгээд байгаа юм” гэв. Шивэгчид яаран мөнгийг аваад ирэв. Үзвэл, хоёр битүүмж, Бао Чай, Дай Юй хоёрын хувь хүртэл иржээ. Ёу хатан: “Бас хэний хувь дутаж байна вэ” гэсэнд Линь Хи Шиюогийн эхнэр: “Эдгээр мөнгө цөм хоёрдугаар найнайгийн гарыг дамжих тул найнай тэнд очвол бүрэн олж авна” гэв. Ийн ярилцсаны дараа Ёу хатан угааж самнаж дуусаад тэрэг бэлтгүүлэн Рун Гуофү-д ирж, урьдаар Фөн Жэгийнд очсонд, тэрбээр мөнгийг битүүмжлэн хүргүүлэх гэж байв. Ёу хатан: “Бүгд цуглав уу” гэж асуусанд” Фөн Же инээж: “Нэгэнт бүрэн болжээ. Хурдан аваач. Хаяж гээвэл надад хамаагүй шүү” гэж хэлэв. Ёу хатан инээж:

-Би баахан итгэж ядаж байна. Нүүрэн дээр чинь тоолж үзье гээд тоолж үзвэл Ли Ваний нэг хувь дутжээ. Ёу хатан:

-Би чамайг бачилж байна гэсэн бишүү. Их бэргэний чинь хувь яагаад дутав гэсэнд Фөн Же инээж:

-Өчнөөн их мөнгө бас хүрэхгүй юү. Ганц хувь дутах ч яамай байна. Хэрэв хүрэхгүй болбол би тэр үед нь олоод өгөмз гэв. Ёу хатан:

-Өчигдөр чи, хүний өмнө нүүр олоод, одоо харин мэлзэнээ. Үүнийг хүлээхгүй шүү. Лао тайтайгаас очиж авна гэсэнд цаадах нь:

-Чи ийм хэцүү шүү дээ. Хожим учир таарвал би мөн дансан дээгүүр аашилна. Тэр цагт чи битгий гомдоорой гэсэнд Ёу хатан инээж:

-Энэ нэгээхэн хувийг өгөхгүй байж болно. Намайг ачилж ирснийг чинь санахгүй бол би яахин хүлээнэв? гэсээр Пин Эрийн нэг хувийг мөн гарган авч “Пин Эр, май чи хувиа автугай. Дутвал би нэмж өгнө” гэв. Пин Эр учрыг мэдээд “Найнай урьдаар зарчих. Үлдвэл надад шагнана биз” гэв. Ёу хатан инээж:

-Ганц эзэн чинь залилж болоод, би тал засаж болохгүй юү гэсэнд Пин Эр аргагүйдэн хүлээн авав. Ёу хатан:

-Эзэн чинь энэ мэтээр ярдаглан нарийлж, өдий их зоос хураагаад хаана зарна вэ. Зарж барахгүй бол хожим авсандаа авч орно уу гэж хэлчихээд Жя Мүгийнхаад явав. Ёу хатан Жя Мүгийн амрыг эрж байдал төлөвөө хэлэн энэ тэрхнийг ярилцсаны дараа Юань Янгийн өрөөнд орж зөвлөлдөв. Лао тайтайгийн ая тавд тааруулах албагүй, харин Юань Янгийн санаагаар явуулахаар тогтоод, түүний нийлүүлсэн хоёр лан мөнгийг “Үүнийг зарах юм алга” гээд буцааж өгөв. Тэгээд Ван Фүрэньтэй зөвлөлдөх санаатай очвол цаадах нь сүмд явсан тул Цай Хиагийн хувийг мөн буцааж өгөв. Фөн Жедэргэд нь байхгүй тул Жоу, Зуо хоёр бага эхнэрийн хувийг бас буцааж өгөв. Тэр хоёр айгаад авахгүй гэсэнд Ёу хатан:

-Та нар хөөрхий. Харин яаж өдий их мөнгө байсан юм бэ дээ. Фэн охин мэддэг бол би бас мэдсүгэй гэсэнд нөгөө хоёр нь баярлан аваад мөргөв.

Нүд ирмэхийн зуур есөн сарын шинийн хоёрын өдөр болов. Хүрээлэнгийн хүмүүс цөмөөр Ёу хатны бэлтгэн төхөөрсөн нь асар хөгжилтэй. Ший дуулахаар барахгүй хамаг наадмыг бүрдүүлж сохор бүсгүй үлгэрчнийг хүртэл олоод тэр цагт наргиан хөгжөөн нэмж цэнгэлдэнэ гэхийг сонсчээ. Ли Шэнь бас олон эгч дүү нарт: “Энэ өдөр бол манай жинхэнэ шүлэгчдийн цуглааны өдөр болохыг мартаж болохгүй. Бао Юй мөн ирсэнгүй. Мартсан байж мэднэ. Ямар нэг юманд шунаж байгаад үүнийг мартсан биз” гээд охидод: “Түүний юү хийж байгааг үзээд хурдан залж ир” гэв. Шивэгчин охин яваад нилээн удсаны дараа буцаж ирэв. Тэрбээр: “Хуа охин түүнийг өглөө эрт гадагш явсан гэж байна” гэсэнд цөм гайхаж “Гадагш гарах ёсгүй дээ. Энэ шивэгчин эргүүтэж байна…” гэцгээв. Дахиад нэг охин явуулав. Тэрбээр төдөлгүй ирж “Үнэхээр гадагш гарчээ. Нэг найз нь үхээд, тийш явсан гэнэ” гэсэнд Тань Чүнь: “Байж болохгүй, худлаа юм ярьж байна. Ямар ч чухал гэсэн өнөөдөр очихгүй. Ши Рэнийг дууд, би асууя” гэв.

Ши Рэнь хүрч ирэв. Ли Шэнь болон бусад “Ямар ч чухал ажил байсан энэ өдөр ийш тийш явах ёсгүй. Эл найнайгийн нь төрсөн өдөр болоод Лао тайтайгаас эхлээд дээр, доргүй цөм баяртай байхад тэр яваад өглөө гэжүү. Бас манай шүлэгчдийн цуглаан байгуулсан өдрөөр чөлөө ч эрэхгүй явна гэдэг юү гэсэн үг вэ” гэж үглэцгээв. Ши Рэнь шүүрс алдаад:

-Өчигдөр орой умарт Жюань вангийн ордонд нэг чухал явдлаар очоод амжиж ирнэ гэж байсан. Би хэдий ятгасан ч үг аваагүй. Өглөө босоод энгийн хувцас өмсөөд явсныг бодвол умарт Жюань вангийн ордны ямар нэгэн чухал хүн үгүй болсон байж мэднэ гэв. Ли Шэнь,

-Тийм бол очиж болно. Гэвч одоо ирэх болсон баймаар юм гэсэнд цаадуул нь: “бид шүлгээ зохиож л байя. Түүнийг ирэхээр торгоё” гэж ярилцан байтал Жя Мү дуудав гэсэн хэл ирэв. Ши Рэнь, Бао Юйн тийш явсныг хэлсэнд Жя Мү дургүйцэн: “Хүн явуулж угтуул” гэв.

Бао Юй дотроо бодолтой байсан учраас урьд өдөр нь Бэй Минд: “Маргааш өглөө эрт юманд явах учир хоёр морь бэлтгээд хойт хаалган дээр хүлээтүгэй. Өөр хүн дагуулах хэрэггүй. Чи очиж Ли Гүйд: “Намайг умард ордонд очсон тул хүн эрж ирвэл, тэнд байгаа. Удахгүй ирнэ” гэж хэл гэж дуулга” гэж захижээ. Вэй Мин ч учрыг нь олсонгүй. Хэлсэн үгийг нь тэр даруйд Ли Гүйд хэлчихээд өглөө эрт хоёр морьтой очоод хойт хаалганд хүлээсэн ажээ. Тэнгэр гэгээрэх үеэр Бао Юй энгийн хувцас өмсчихсөн, бага хаалгаар гарч ирмэгцээ, үг дуугаралгүй мордоод хатируулан одов. Бэй Мин ч аргагүй мордож, хойноос нь давхиж, түүнийг гүйцээд: “хаана очих юм бэ” гэж асуусанд: “Энэ зам хаана хүрэх вэ” гэж эргүүлж асуув. Вэй Мин: “Хотын хойт хаалгаар гарах их зам. Энүүгээр яваад байвал хөдөө хээр тал болно. Үзэж харах юм байхгүй” гэсэнд Бао Юй толгой дохиод:

-Яг элир балар, эзгүй сэлүүн газар очно гээд морио давирсанд төдөлгүй их хаалгаар гарчихав. Бэй Мин гайхсаар л араас нь дагав. Долоо найман газрын хэртэй давхиж, айл амьтангүй буйд газар очсоны дараа Бао Юй жолоогоо татав. Тэгээд Бэй Мингээс “Энд хүж худалддаг газар байна уу” гэж асуув. Цаадах нь: “Хүж ч олдох байхаа. Харин ямар хүж байхыг мэдэхгүй” гэсэнд Бай Юй: “Хүж болгон хэрэгтэй биш. Цагаан зандан, могойн зүрхэн зандан, хар бор сөлийн гурван зүйл байх хэрэгтэй” гэхэд нь Бэй Мин “Энэ гурвыг олоход бэрх” гэсэнд Бао Юй санаашрав.

-Хүж ямар хэрэгтэй юм бэ. Эр Егийн зүүдэг тэр бяцхан хавтаганд утлага байхгүй юү.

-Үзье дээ, байна уу, үгүй юү.

Ингэж хэлээд Бао Юй хавтагаа гаргаж үзсэнээ, байз гэм, хоёр юм байна. Энэ чинь худалдаж авснаас дээр шүү. Гал цог хаана байна вэ гэсэнд Бэй Мин “Энэ хээр хөдөө тийм юм яаж байх вэ. Ийм юм хэрэглэх байсан бол эртхэн хэлэхгүй яав аа” гэсэнд Бао Юй,

-Мунхаг амьтан, авчирч болох байсан бол ингэж балга алдан давхих уу гэж асуув. Бэй Мин инээж:

-Надад нэг арга байна. Эр Егийн санаанд нийцэх эсэхийг мэдэхгүй. Энэхэнийг хэрэглээд зогсохгүй, өөр юм бас хэрэглэж мэднэ шүү дээ. За тэр яахав.Одоо бид нар урагш хоёр газар давхивал усан дагины сүмд хүрнэ дээ гэсэнд Бао Юй:

-Усан дагины сүм энд ойр байна уу. Тэгвэл сайн шүү. Тэнд түргэн очъё гээд морио ташуурдсанаа, энэ усан дагины сүмийн чавганц дандаа манайд ирдэг тул гуйвал өгнө шүү гэсэнд цаадах нь:

-Танихгүй ч өгөх байлгүй. Би нэг юманд гайхаж байна. Эр Е энэ усан дагины сүмээс жигшдэг байтлаа одоо яагаад энүүгээр бахархах болов гэж асуув. Бао Юй:

-Би ерөөсөө энэ ертөнцийн эгэл хүн, учир шалтгааныг ухахгүйгээр бурхан сахиусыг дэмий л шүтэж бишрэн сүм суварга барихыг л жигшдэг юм. Энэ бол цөм тэр цагийн баян элбэг өвгөд хөгшид ийм тийм сахиус байна гэж сонсмогц сүм барьж сүсэглэн тахиснаас биш, чухам энэ сахиус нь ямар хүн болохыг тэд мөн үл мэднэ. Зөвхөн дам яриа, уламжлал сонсголыг үнэн болгож итгэжээ. Үлгэрлэвэл, энэ усан дагины сүмд нэг усны сахиусыг тахисан байна. Тэгээд усан дагины сүм гэж нэрлэжээ. Эртнээс усны сахиус гэж гараагүй байтал ганцхан Цао Зи Жияний чалчаа үгийг итгээд тэнэг хүмүүс хөрөг бүтээж шүтэн тахижээ. Одоо харин, миний сэтгэлтэй нийлсэн тул түүнийг харин нэг ашиглаатхая гэж бодлоо гэв.

Тэд нэг их хол явсангүй сүмийн үүдэнд очлоо. Эндэхийн чавганц Бао Юйг хараад, алтан луу агаараас бууж ирсэн мэт баярлаж, яаран угтаж ирээд амар мэнд асууж, хөгшин бумбыг “Морийг нь ав” гэв. Бао Юй сүмд ороод бурханд мөргөлгүй, дэмий сонирхон үзэв. Хэдий шавраар шуусан хөрөг боловч “Нахилан нургилах нь намрын галуу мэт, халин дүүлэх нь хурмастын луу мэт”, “Өнгөт лянхуа номин давалгаанд хөвж, өглөөний наран сэмжин үүлэнд туссан”1 мэт санагдсан тул Бао Юй тэсгэлгүй уярч нулимс унагав. Чавганц ирж цай барьсанд, Бао Юй хүж асаая гэсэнд, буцаж яваад цаас хүж, гал бэлтгэж аваад ирэв. Бао Юй: “Эднийг хэрэглэхгүй” гээд худаг руу очив. Бэй Мин худгийн хашлага дээр болох уу гэж асуусанд “Болно” гээд хүжээ асааж, нулимс дуслуулан мөргөв. Бэй Мин ч мөргөж: “Бэй Мин би, Эр Ег хэдэн жил дагаад түүний санаж бодсоныг мэдэхгүй өдөр байгаагүй. Харин өнөөдрийн энэ тахилгыг надад хэлсэнгүй. Би ч асууж чадсангүй. Тайллага хүртэгч билгийн сүнсний нэр овгийг мэдэхгүй боловч санахул хүний орчлонд ганц нэг, хурмаст тэнгэрт хосгүй асар үзэсгэлэнт, цэцэн гэгээн эгч охин дүү болох буй. Эр Е сэтгэлийн үгээ гарган хэлж чадахгүй байх тул одоо би түүний оронд чамд даатган залбиръя. Манай Эр Е өдөр шөнөгүй чамайг мөрөөдөн санаж байх тул чи хэрэв хувилгаан увидастай бол үргэлж морилон саатаж, манай Эл Еэтэй учрахад болохгүй гэх газаргүй. Чи билгийн ертөнцөөс манай Эл Еэг ивээн соёрхож ирэх төрөлд нэгэн охин болгон төрүүлээд хамтдаа наадан цэнгэвэл хэн алинд чинь цөм сайн биш үү” гээд дахин дахин мөргөөд босов. Бао Юй түүний үглэж аяглаж байхыг хараад хөхөрч:

-Битгий дэмий чалчаарай. Хүн сонсвол элэглэнэ шүү гэсэнд Бэй Мин шалавхан босож юмаа хурааж аваад “Хоёулаа юм идье. Тэр чавганцаар хоол бэлтгүүлэх үү. Эр Е энд хоол идэж ав. Тэнд, манайд найр хурим болж байхад, үймээн шуугианаас зайлж ирсэн хүн өлөн явж болохгүй. Энд сэлүүн суухад аятайхан цэнгэлтэй байна шүү” гэсэнд Бао Юй: “Тэнд очиж архи уухгүй. Энд тааваараа байж, жаахан юм идсэн ч яахав даа” гэв. Бэй Мин:

-Бидний энд ч яахав, болж байна. Гэлээ ч биднийг араар эрж сурж, яав ийв гэж олон хүн зовж байж мэднэ. Тиймгүй бол жаахан оройтож харьсан ч яадаг юм. Эсвэл буцах уу. Хүмүүс хамгийн түрүүнд Лао тайтай тэгээд л бусад тайтай, найнайгийн сэтгэл шаналж байгаа. Биднийг очиход тэдний сэтгэл амарна. Тэр ёслолд бас оролцоно. Ший үзнэ. Архи уулаа ч зоргоороо ууж байгаа биш. Ийм л учир байна гэсэнд Бао Юй:

-Би чиний санааг мэдлээ. Чи ганцаараа намайг дагаж яваа болохоор хариад зэмлүүлэхээс айж байгаа. Тэгээд л намайг ятгаж байгаа юм. Би энд зориуд ирж ёс гүйцэтгээд буцаж ший үзэж, найрт суух гэсэн болохоос, нэг өдөр хотод байхгүй гэсэн юм биш. Одоо нэгэнт санасандаа хүрсэн тул түргэн харьж олны сэтгэлийг амсхийлгэе гэсэнд Бэй Мин: “За тэгвэл шалавхан хоол идчихээд буцъя” гэв. Тэд сүмд очсонд чавганц цагаан хоол хийчсэн байв. Бао Юй ингэн тэнгэн жаахан хоол идсэн болчихоод “За ирсэн замаараа буцаад давхичихъя” гэв. Бэй Мин замдаа: “Морийг хичээнгэтэй унана шүү. Жолоогоо сайн атгаж яваарай” гэж захисаар хотын хаалгаар орж ирүүт шууд явсаар хүрээлэнгийн хойт үүдээр орж И Хүэн Юаньд ирсэнд бүгд эзгүй гэр сахигч ганц эмгэнээс өөр хүн алга байв. Мөнөөх эмгэн ихэд баярлан “Бурхан минь, эргээд ирлээ” гэж уулга алдаад Хуа охин зовоод өвчин олоход хүрлээ. Тэд цөм найрт очсон. Эр Еэ тэнд түргэн очоорой гэж давхцуулан хэлэв. Бао Юй энгийн хувцсаа тайлж солиод “Хаана найрлаж байна вэ…” гэж асуусанд эмгэн: “Шинэ барьсан цэцгийн танхимд” гэв. Бао Юй яаран тэнд дөхөн очвол, бялар, бишгүүрийн аялгуу бүүр түүр сонсогдож байв. Тэнд яаран хүрсэнд саравчин доор уйлан сууж байсан Юй Чуань агийг харуут, цээжээ тэлтэл амьсгаа татаад шогшрон:

-Гарди буулаа, хурдан орогтун гэж хашгирав. Бао Юй инээгээд: “Чи миний хаана очсоныг мэдэх үү” гэж асуув. Цаадах нь зүгээр л нулимсаа арчин дотогш ор гэж дохив. Бао Юй яаран ороод Жя Мү, Ван Фүрэнь нарын амрыг эрсэнд цаадуул нь үнэхээр гардитай учирсан мэт баярлав. Жя Мү эхлээд л:

-Чи хаана очоод, одоо ирж байна аа. Шалавхан эгчдээ очиж ёсол гээд Фөн Жэг харан инээж: – дүү чинь үнэхээр ёс мэдэхгүй хүн юм. Ямар ч явдал болсон гэсэн таг дуугүй явчихаж байгаа юм даа. Яаж тэгж болох вэ. Дараа ингэвэл эцгийн чинь чихэнд хүргэнээ, тэгээд юу болдог санаж вэ гэв. Фөн Жэ:

-За тэр ёслох мослох ч бага хэрэг. Хожим ингэж хэл мэдээгүй, бас хүн хар дагуулахгүй гадагш гарч болохгүй шүү. Гудамж, зээлээр тэрэг морь олон тул хүмүүс чиний хойноос зовох нь яахав гэхэд, мань мэтийн айлын гадагш гарах дүрэмд ч нийцэхгүй шүү гэж сануулав. Жя Мү түүний бараа бологсодыг: “Тэд юунд бидэнд хэлэхгүй, үүний дураар явуулж байна вэ. Тэд үүнийг хаана очно гэвэл тэнд нь очих ёстой” гэж зэмлээд, чи хаана очив оо, юм идэж уусан уу, айж цочоогүй биз гэж Бао Юйгээс асуусанд: “Умарт Жюань вангийн нэг янаг татвар нь үгүй болсон тул болгоохоор очсон юм. Уйлж унжих нь их уяралтай тул орхиод ирж чадахгүй байсаар баахан удчихлаа” гэж хэнэггүй залав. Жя Мү:

-Дахиад хэлье. Надад хэлэхгүйгээр дахиад ингэж нууцаар гадагш гарвал эцэгт чинь хэлнэ шүү. Заавал хэлнэ гэсэнд Бао Юй сандарч: “Дахиж тэгэхгүй” гэв. Жя Мү: “Тэр бараа бологчийг нь занчих ёстой” гэсэнд хүмүүс хориглож: “Лао тайтай ундууцах хэрэггүй. Энэ зүв зүгээр эргэж ирлээ. Бас дахиж явахгүй гэж байна. Бүгдээрээ одоо сэтгэл амар цэнгэлдэе” гэж ятгав. Жя Мү сэтгэл ихэд зовж, байн байн үглэн ундууцаж байсан боловч одоо Бао Юйг хараад баярласан учир юуны нь уур хилэн байх вэ. Түүнийг өлсөж цангаагүй байгаа, айж цочоогүй байгаа гэж үглэн аргадаж байлаа. Ши Рэнь ч ирж түүнийг хаацайлав. Бүгд “Туйван хатгуур таны цадиг”2 ший эхлээд үзэв. Жя Мү, Шюэ Има нар үзээд элэг эмтрэн нулимс унагаж байхад тэнд бас зарим нь хөхөрч байв. Хорсож, харааж зүхэх ч сонсогдоно. Цаашид юу болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. Нахилан нургилах нь намрын галуу мэт-энэ мөрүүдийг гурван улсын үед Цао Цаогийн гуравдугаар хөвгүүн Цао Ди “Усан дагины магтуу-даа” шүлэглэсэн байжээ.

  2. Туйван хатгууртаны цадиг-Сүм улсын үеийн Ван Шипэн ба Чянь Юйлянь хоёр модон хатгуураар тэмдэг болгон хагацаж, нийлсэн үлгэрийг Мин улсын үед Зу Чюань өөрчлөн найруулж феодалын ёс суртахуун дүрэм, ишлэлийг ухуулсан жүжиг болгожээ. Мин, Чингийн ноёрхогчдын хүндэтгэж үздэг “Дөрвөн их гайхамшигт шаштирын” нэг нь болой.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж