Асасэкирюүгийн шинэ дүр төрх

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Асасэкирюүгийн шинэ дүр төрх

Асасэкирюүгийн шинэ дүр төрх

Японы мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол өчигдөр /2018.02.04/ Токио хотын “Рёогокү Кокүгикан”  ордонд боллоо.

Ёслолын арга хэмжээнд Асасэкирюү Б.Дашнямын аав, ээж, эхнэр, хүүхдүүд гээд гэр бүлийнхнээс нь гадна сүмогийн аваргууд, мөн зодог тайлсан ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж нар оролцсон юм.

Сүмогийн зодог тайлах ёслолын хамгийн оргил хэсэг болох үс хөндөх ёслолыг аваргууд үйлдэж,  Асасэкирюүгийн үсэнд хүрсэн байна.

Сүмод зодоглосон 20 жилийн замналаа ийнхүү төгсгөсөн “Өглөөний улаан луу” цаашид сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох юм. Өдгөө 37 настай тэрбээр дэвжээ толгойлохын тулд иргэншлээ сольж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон билээ.

Тэрбээр цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллах аж.

Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлжээ. 2000 оны тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байв. Гэвч 2016 оны кюүшю башёд макүшитад унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.

 

 

Гэрэл зургийг Facebook дэх ‘Сумо бөх сонирхогчид’ группээс авав.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж