Хойд Солонгосын хакерууд хэрхэн бэлтгэгддэг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хакерууд хэрхэн бэлтгэгддэг вэ?

Хойд Солонгосын хакерууд хэрхэн бэлтгэгддэг вэ?

Хойд Солонгос бол интернэт сүлжээнд бараг холбогдоогүй дэлхий дээрх цорын ганц улс. Гэвч дэлхийн улс орнуудаас тусгаарлагдсан, ядуу буурай ийм улсын хакерууд технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлж буй орнуудын өндөр нууцлал бүхий систем рүү саадгүй нэвтэрч, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж буй нь хамгийн ихээр сонирхол татаж байна.

2014 онд Хойд Солонгосын хакерууд “Сони Пикчерс Энтертайнмент”-ыг хакердсан нь дэлхий нийтийг шуугиулсан. Энэ хэргийг америкчуудын хувьд ямар ч авьяасгүй дуучин Грэммийн шагнал авч, хараагүй сагсан бөмбөгч гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэнтэй адилтгаж байсан юм.

Хакерууд “Сони Пикчерс Энтертайнмент”  “The Interview” киног дэлгэцэнд гаргахаар төлөвлөж  байх үед систем рүү нь халдсан.  Сет Рогены гол дүрд нь тоглосон “The Interview” хэмээн энэ кинонд Ким Жон Уныг хөнөөх нууц төлөвлөгөөний талаар өгүүлдэг.  WannaCry халдлагын ард Пхеньяны эрх баригчид байгааг АНУ зарласан.

Энэ халдлагаас хойш Хойд Солонгосын хакеруудын хорлон сүйтгэх ажиллагаа улам идэвхжиж, олон улсад том кибер аюул заналхийлэх болсон билээ.

2016 оны эхээр тэд Бангладешийн төв банкнаас 81 сая ам.долларын гүйлгээг хакердаж, дараа нь БНСУ, Вьетнам, Польш, Мексик зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Хакерууд хамгийн найдвартай технологид үндэслэсэн биткойны арилжааг ч мөн хакердаж амжсан юм.

2017 оны тавдугаар сарын байдлаар хакерууд АНУ-ын тагнуулын агентлагаас алдагдсан кибер төхөөрөмж ашиглан, дэлхийн 150 гаруй оронд кибер халдлага үйлдсэн. WannaCry вирус Windows үйлдлийн систем бүхий компьютерт хадгалсан мэдээллийг барьцаалж, мөнгө нэхдэг. Хамгийн аюултай нь ийм вирус маш хурдацтайгаар олон компьютерийг хамрах эрсдэлтэй.

2017 оны есдүгээр сард  АНУ-ын цахилгаан түгээх сүлжээний нэгдсэн системд нэвтрэх гэж оролдсон хакерууд саяхан Торонто хотын төмөр замын сүлжээг хакердах гээд бүтэлгүйтсэн.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн Зүүн Өмнөд Ази дахь кибер аюулгүй байдлын шинжээч асан Присцилла Мориучи хэлэхдээ  “Хакеруудын учруулж буй аюул, хорлон сүйтгэх ажиллагаа бидний төсөөлж байснаас ч ноцтой болж байна” гэжээ.

Кибер аюулгүй байдлын зарим шинжээчид Хойд Солонгосын хакеруудыг дутуу үнэлж болохгүй гэж анхааруулжээ.

Шинжээчид Хойд Солонгосын хакеруудыг Хятадын Шэньян хотын нэгэн зочид буудлын тэнгэр баганадсан өндөр барилгаас дэлхий нийтийг хамарсан хорлон сүйтгэх ажиллагааг явуулдаг байж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ тэд мөрөө буруулж, төөрөгдүүлэхийн тулд байршлаа Африк, Зүүн Ази болгож харагдуулдаг. “Silicon Valley”-ийн чөлөөт соёлоос ялгаатай нь Хойд Солонгост бүх сургалт коммунист дэг журмаар явагддаг. Шинжээчдийн таамаглаж буйгаар Хойд Солонгост математикт сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг багаас нь сонгон авч, шинжлэх ухаан, техникийн мэдлэг олгож, тэднээс хамгийн шилдэг нэг хоёр хүүхдийг их сургуульд тусгайлан бэлддэг. Шинжээчдийн таамаглаж буйгаар тэдгээр хакеруудыг Ким Ир Сений нэрэмжит их сургууль болон Ким Чэкийн нэрэмжит их сургуульд бэлтгэдэг ажээ.

Төгсөгчдийн дийлэнх нь Бюро 121 хэмээн алдаршсан кибер халдлага явуулдаг нууц байгууллагад ажилладаг. Мөн тэднээс хамгийн шилдгийг нь Хятадын зүүн хойд мужийн Шэньян хот руу Хойд Солонгосын хилийн хотоос ердөө нэг цаг яваад очдог галт тэргээр илгээдэг байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар Шэньян хотын Чилбосон зочид буудал бол Хойд Солонгосын гадаад дахь хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд тэнд хакеруудын ур чадварыг сорьдог ажээ.

Шэньян хот нь эртнээс Хойд Солонгосын хил дамнасан хууль бус үйл наймаа, үйл ажиллагаа явуулдаг газар байсаар иржээ. Олон жилийн өмнөөс Пхеньян өндөр түвшинд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн хакеруудыг гадаад улс оронд ресторан зэрэг бизнесийн халхавч дор суулгадаг байжээ.

Хойд Солонгосын иргэд байнга болон түр оршин суудаг тэдгээр орнуудын тоонд Хятадаас гадна Энэтхэг, Индонез, Малайз, Кени, Мозамбик, Балба болон Шинэ Зеланд зэрэг улс багтдаг. Тэдгээр иргэд ямар нэгэн жижиг бизнес эрхлэх нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулах магадлал өндөр байдаг.

АНУ-ын Конгрессын судалгааны төвөөс явуулсан Хойд Солонгосын кибер чадвар, нөөц бололцоо нэртэй судалгаанд дурдсанаар Хойд Солонгост одоо кибер хорлон сүйтгэх үйл ажиллагаанд бэлтгэгдсэн 3000-6000 хакер байна гэжээ.

Тэдний дийлэнх нь хилийн чанадад байдаг.

2016 оны хоёрдугаар сард хакерууд Бангладеш төв банк болон зүүн өмнөд Азийн банкуудаас асар их хэмжээний мөнгө дээрэмдэж, Пхеньяны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн гэж шинжээчид таамагладаг. Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох үүднээс АНУ болон НҮБ тус улсад ээлж дараалан эдийн засгийн хориг арга хэмжээ авч буйгаас болж эдийн засаг нь хүнд байдалд орсон билээ.

Хойд Солонгосын хакерууд олон улсын банкны систем рүү чөлөөтэй нэвтэрч, Swift (дэлхийн банк, санхүүгийн цахим сүлжээ) буюу мессеж үйлчилгээг хакердсан.  Энэ үйлчилгээг дэлхий даяар 11,000 банк, санхүүгийн байгууллага мөнгөний шилжүүлэг хийхэд ашигладаг.

Бангладешийн төв банкийг хакердахдаа тэд төв банкны өмнөөс Нью Йоркийн Холбооны нөөцийн санд нэг тэрбум ам.доллар шилжүүлэх хүсэлт хуурамчаар илгээж, Филиппин дэх банкны дансаар шилжүүлгийг авсан байдаг.

Нью Йоркийн банк хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан боловч нэг тэрбум ам.доллар ор сураггүй алга болсон билээ. Энэ үер хакерууд мөн Польш, Вьетнам, Мексикт Swift ашиглан дараагийн хохирогчоо анаж байжээ.

Олон улсын эдийн засгийн хоригт орж, эдийн засаг нь хүнд байдалд орсон Пхеньян ингэж асар өндөр зардалтай цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлж байгаа ажээ. Хойд Солонгосын хакеруудын кибер халдлага идэвхтэй явуулдаг орнуудын нэг нь хөрш Өмнөд Солонгос юм. Өмнөд Солонгосын АТМ-ууд хакеруудын олз болох нь олонтаа.  2017 онд цахим мөнгө биткойн хүчээ авч эхэлснээс хойш хакерууд Лондон, Сөүл дэх биткойны цахим гүйлгээг хакердах болсон юм.

2017 оны хоёрдугаар сард Сөүлийн “Bithumb”-аас тэд долоон сая ам.долларын цахим мөнгө хулгайлсан билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж