Ж.Эрхэмбаатар: Албан тушаалтны буруутай шийдвэрээс 25,1 тэрбумын хохирол учирсан

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Ж.Эрхэмбаатар: Албан тушаалтны буруутай шийдвэрээс 25,1 тэрбумын хохирол учирсан

Ж.Эрхэмбаатар: Албан тушаалтны буруутай шийдвэрээс 25,1 тэрбумын хохирол учирсан

2014-2017 онд төрийн захиргааны албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуй нэгж хохирч төсвөөс 25.1 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан ч уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаас төсөвт эргүүлэн нэг ч төгрөг төлүүлээгүй байна. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрээс өөрийн эрх ашиг, эд хөрөнгөө хэрхэн хамгаалах, учирсан хохирлоо нотлох, шүүхээр нэхэмжлэн төлүүлэх эрх зүйн боловсрол олгох, төсвөөс төлөгдсөн хохирлыг хууль бус шийдвэр гаргасан этгээдээс нөхөн төлүүлэх буюу санхүүгийн хариуцлагын үр өгөөжийг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж буй хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-Төрийн болон захиргааны албан тушаалтны буруутай шийдвэрээс иргэд, аж ахуй нэгж хохирсон тохиолдол цөөнгүй гардаг. Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжид хэдий хэмжээний хохирол учруулсан, ямар тохиолдол эрх ашгийг нь хөндсөн шийдвэр гаргаж байна вэ?

-Захиргааны байгууллагын албан тушаалтан төсвөөс цалинжиж нийтэд үйлчлэх ёстой, тангараг өргөсөн ажилчин. Тэд санаатайгаар иргэд, аж ахуй нэгжийг хохироох шийдвэр гаргадаггүй байх. Гэхдээ алдаа гаргаж, гаргасан алдаа нь иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарлах, эд хөрөнгөд хохирол учруулах, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоох, зарим тохиолдолд нэр төрд нь хүртэл халдах зэргээр үнэт зүйл рүү нь халдсан шийдвэр гарч байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүн таслах ажиллагааны 2017 оны тайланд Захиргааны хэргийн  шүүхээр 2017 онд 1908 нэхэмжлэх хэлэлцэж шийдвэрлэжээ. Үүнээс 49 хувьд нь захиргааны байгууллагын гаргасан шийдвэр хууль бус буюу буруутай болохыг шүүх тогтоосон бол, 10 хувьд нь захиргаа өөрөө буруутай болохоо зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авсан болон эвлэрсэн байна. Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр Захиргааны шүүх дээр хуулийн дэнсэнд орж, “чанар”-аа шалгуулдаг. Гэтэл бидний төлсөн татвараас цалинждаг албан тушаалтнуудын шийдвэрийн 60 хувь нь тэр шүүлтийг давж гарсангүй. Энэ бол маш том тоо юм.

2014-2017 оны хооронд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай болохыг тогтоосон 194 шүүхийн шийдвэрээр иргэд, аж ахуйн нэгжид учирсан хохиролд 25.1 тэрбум төгрөгийг төсвөөс олгосон байна.

Өөр нэг тоо танилцуулъя. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд захиргааны байгууллагын албан тушаалтан гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцах үүрэгтэй байгаа. 2014-2017 оны хооронд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай болохыг тогтоосон 194 шүүхийн шийдвэрээр иргэд, аж ахуйн нэгжид учирсан хохиролд 25.1 тэрбум төгрөгийг төсвөөс олгосон байна. Дунджаар 6.2 тэрбум төгрөгийн хохирлыг жил бүр учруулж, татвар төлөгчдийн мөнгөөр түүнийг нь төлж байна. Ийм л төрийн үйлчилгээ авч байна. Шүүхээр захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай болохыг тогтоолгох, хохирлын хэмжээгээ нотлох бол нарийн төвөгтэй процесс ажиллагаа. Энэ шат дамжлагыг даваад ирсэн нь 194 тохиолдол буюу 25.1 тэрбум. Тиймээс бодит байдал дээр 25.1 тэрбумаас ч илүү байх боломжтой. Зөвхөн энэ хоёр тоог харахад бидний авч байгаа үйлчилгээ чанаргүй байна гэж дүгнэж болохоор байна.  Бидний хэсэг хуульчид зөвхөн шүүмжлэх бус дээрх тоо, баримт, шүүхийн шийдвэрт анализ хийж чухам ямар тохиолдолд, ямар төрлийн алдааг илүү давамгайлж байна, аль түвшиндээ алдаа гаргаад байгааг тогтоож, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчидад уламжлах, нөлөөлөх зорилготой стратегийн өмгөөллийн төсөл эхлүүлээд ажиллаж байна. 

-Төрийн захиргааны албан тушаалтны гаргасан шийдвэрийн 60 хувь нь чанаргүй гэдгийг шүүх тогтоож.  Төрийн бодлого, шийдвэр дунд, доод шатандаа хангалтгүй байна гэж дүгнэж болох уу?

-Захиргааны хэргийн шүүхийн үндсэн чиг үүрэг нь иргэд, аж ахуй нэгжийг захиргааны байгууллагаас хамгаалах үүрэгтэй. Энгийнээр хэлбэл. Захиргаа захиргааны шүүхэд дүнгээ тавиулж байна гэсэн үг. Захиргааны үйл ажиллагаанд Захиргааны хэргийн шүүх 40 хувь гэсэн үнэлгээ өгсөн байна. 62 хувьд нь үйл ажиллагаа нь буруутай, чанаргүй байна гэсэн байна. Бид ийм л чанаргүй үйлчилгээг захиргааны байгууллагаас авч байна гэсэн үг. Төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг бол Улсын Их Хурал, Засгийн газраас гарсан хууль, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх явдал юм. Улс төрийн сонгуульд ялсан нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь хууль, тогтоол, шийдвэр болж хэрэгжих ёстой. Гэтэл тэр хөгжлийн бодлогын хэрэгжилт 40 хувьтай байна гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл Засгийн газраас дэвшүүлж буй хөгжлийн бодлого дунд, доод шатандаа ямар байгааг харуулж байна. Алдаа байвал засах л хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Бидний харж байгаагаар захиргааны байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулахад дараах хоёр асуудал дээр зөвхөн Засгийн газар бус иргэний нийгмийн байгууллагууд төвлөрч ажиллах хэрэгтэй байна.

Нэгт, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх. Хоёрт, хариуцлагын тогтолцоог сайжруулах. Хариуцлага гэхээр гэсгээн цээрлүүлэх агуулгаар ойлгоод байдаг. Хэрэв оновчтой хариуцлагын тогтолцоо бий болгоод, хэрэгжүүлж чадвал урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь илүү ажилладаг. Бидний судалгаа хариуцлагын хамгийн үр дүнтэй хэлбэр бол санхүүгийн хариуцлага болохыг харуулж байна. Ганц жишээ хэлэхэд,  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын засаг даргын нэг л захирамж иргэнд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулж, түүнийг нь төсвөөс төлсөн байна. Уг захирамж илэрхий хууль бус болохыг шүүх тогтоосон. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 хэрэгжүүлдэг бол засаг даргаас 2.7 тэрбумыг төсөвт хувийн хөрөнгөнөөс нь эргүүлэн төлүүлэх ажлыг аймгийн засаг дарга хариуцан “санхүүгийн хариуцлага” хүлээлгэж байх ёстой юм л даа. Харамсалтай нь төсвөөс төлөгдсөн 25.1 тэрбум төгрөгийн хохирлыг эргүүлэн төлүүлсэн тухай мэдээлэл огт байхгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг огт хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс бид санхүүгийн хариуцлага хүлээлгэх тогтолцоо байгаа ч захиргааны байгууллага аль ч түвшиндээ хууль хэрэгжүүлэхгүй байна, гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэгэнт хууль хэрэгжүүлэхгүй бол санхүүгийн хариуцлагын сайн үр нөлөө гарахгүй л дээ. Өөрийн гаргаж буй шийдвэр буруу байгаад иргэдэд хохирол учруулбал, санхүүгийн хариуцлагыг би үүрнэ гэдгийг ухамсар төлөвшсөн цагд үйлчилгээний чанар эрс сайжирна гэж харж байна.

-25,1 тэрбум гэдэг бол бага тоо биш. Тэгэхээр буруутай шийдвэр гаргаснаас хэн хамгийн их хохирч байна вэ?

-25,1 тэрбум төгрөг бол шүүхээр шийдэгдсэн 194 шийдвэрийн дүн. Энэ 194 шийдвэрийн тоон дүнгээрээ хамгийн их нь буюу 60 тохиолдол нь хууль бусаар цагдан хорьсон, шалгасан асуудал байна. Энэ 194 шийдвэрийн тоон дүнгээрээ хамгийн их нь буюу 60 тохиолдол нь хууль бусаар цагдан хорьсон, шалгасан асуудал байна. Мөн шүүхийн шийдвэрийг уншиж үзэхэд, хүсэл зориг байхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, зориуд хохироосон байж болох ч тохиолдол ажиглагдаж байна. Тэгвэл одоо улсын төсвөөс хохирол барагдуулсан 25,1 тэрбум төгрөгийг хэн буруутай этгээдээс буцаан төлүүлэх вэ. Уг нь Захиргааны ерөнхий хуулиар энэ ажлыг хэн хариуцахыг маш тодорхой заасан байгаа. Засгийн газар, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл хариуцан барагдуулах ёстой. Захиргааны байгууллага, албан тушаалтан буруу шийдвэр гаргаж иргэдийн нэг хохироож байгаа бол, уг хохирлыг төсвөөс буюу бидэнд цэцэрлэг, сургууль болж ирэх ёстой мөнгөнөөс төлж хоёр дахь удаа хохироож байна. Хэрэв буруутай этгээдээс төсөвт хохирлыг нь эргүүлэн төлүүлэхгүй бол гурав дахь удаагаа хохирох болчихоод байна. Иймээс л бид энэ асуудалд олон нийтийн анхаарлыг татах гээд оролдоод байна.

-Төрийн захиргааны албан тушаалтны буруу шийдвэрийн хохирлыг төр төлсөн бол буруутай шийдвэр гаргасан этгээд төсөвт учруулсан хохирлоо барагдуулдаг гэсэн үг үү. Энэ хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байна вэ?

Захиргааны ерөнхий хуулийн 103 дахь заалт өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл төрд учраас хохирлоо барагдуулсан нэг ч тохиолдол, тоо баримт олдохгүй байна. Албан тушаалтан буруутай шийдвэр гаргахын өмнө энэ шийдвэрийн үр дүн надад ирнэ гэдгийг бодохгүй байна. Санхүүгийн хариуцлага хүлээж болохыг ухамсарлахгүй байна. Иргэд ч “та шийдвэрийнхээ хариуцлагыг өөрийн хөрөнгөөрөө хүлээнэ шүү” гэж хэлж хэвшээгүй байна.  Захиргааны албан тушаалтны гаргаж байгаа шийдвэр бүр мөнгөн дүнгээр илэрхийлж болох үр дагаврыг үүсгэж байдаг. Шийдвэр зөв бол хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, ажлын байр бий болох, татвар ногдох орлого өсөх зэргээр эдийн засагт өгөөж бий болдог. Шийдвэр хууль бус бол хохирол учруулна. Гэтэл мөн гаргасан шийдвэр зөв ч хэрэгжүүлэхгүй бол мөн л сайн үр дүн үүсгэхгүй. Бид Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой туссан санхүүгийн хариуцлагын тогтолцоог бий болгосон ч хэрэгжүүлэхгүй бол сайн нөлөөлөл нь гарахгүй нь, тиймээс хариуцсан эрх бүхий байгууллагад хуульд заасан арга хэлбэрээр нөлөөлөл, шахалт үзүүлье гээд ажиллаж байна.

– Хэрхэн нөлөөлөх үү?

Нэгт, Санхүүгийн хариуцлагын тогтолцооны үр нөлөөг сурталчилан таниулах нь чухал юм байна, гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулиар хэдийгээр эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хууль хэрэгжүүлэхэд хийдэл байгаа нь харагдсан. Ажил хариуцсан албан тушаалтнуудад ойлголт өгөх, сургах шаардлага байгаа нь ч харагдсан. Иймээс хуулийн хэрэгжилт, цаашид боловсронгуй болгох чиглэлээр судлаачид олон улсын эрх зүйн харьцуулсан судалгаа хийж байна. Удахгүй судалгааны үр дүнгүүд гарна. Хоёрт, нэгэнт бид мэргэжлийн хуульчид тул “нийтийн эрх ашгийн үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх” байгааг ашиглан дээрх санхүүгийн хариуцлага хүлээлгэх ажлыг хариуцсан эрх бүхий байгууллагыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, уг чиг үүргээ хэрэгжүүлэхийг шүүхийн шийдвэрээр “даалгуулах” шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. “Шүүхэд өгөх” гэдэг тийм ноцтой асуудал биш. Хуулиар олгосон эрхийн дагуу нэгэн төрлийн шахалт үзүүлж буй соёлтой алхам гэж харж байгаа. Ийм боломж хуулиар байгаа.

-Иргэд, аж ахуй нэгж хохирлоо барагдуулахад хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Захиргааны байгууллагын буруутай эсэхийг тогтоохын тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж, тогтоолгоно гэдэг нь энгийн иргэдэд хүндрэлтэй. Хуулийн мэдлэг дутмагаас тэр бүр шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй байна. Шүүхийн процесс дунджаар нэг жил үргэлжилнэ. Үүний эцэст хохирлоо тогтоолгосон ч төсвөөс хохирлоо авахад дахин нэг жилийг зарцуулж байна. Шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг ХЗДХЯ-нд нэгтгэн Засгийн газар Улсын Их Хуралд уламжлан нэгдсэн төсөвт суулган, нэгдүгээр сарын 01-ээс төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш олгогдож байна. Энэ бүхэн хохирлоо шүүхээр нэхэмжлэн төлүүлэх хүслийг мохоож байна. Тиймээс энэ урт процессыг хөнгөлөх ямар боломж, гарц байгаа талаар судалгаа хийгдэж байна. Шийдлээ эрх бүхий байгууллагад хүргүүлэх болно. 

2016-2017 онд төрийн албанаас хууль бусаар халагдсан 660 гомдол шүүхээр шийдвэрлэгдсэн

-Нам, Засгийн газар, дарга солигдоход төрийн албанд халаа, сэлгээ хийгддэг. Сонгууль бүрийн дараа өчнөөн мянган төрийн албан хаагчийг хоморголон халсан гэх яриа байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчийг хууль бусаар халсан нь тогтоогдвол хохирлыг төр адил барагдуулдаг уу?

-Хариуцлага гэдэг бол гэсгээн цээрлүүлэхээс илүү урьдчилан сэргийлэх зорилго нь илүү чухал болохыг дахин хэлье. Санхүүгийн хариуцлагыг хэрэгжүүлж чадвал төрийн алба тогтвортой байдал хангагдаж болох эерэг хүлээлттэй байна. Яагаад гэвэл, 2016-2017 оны шүүн таслах ажиллагааны тайланд тусгасан захиргааны шүүхэд хянагдсан 1908 хэргийн 660 тохиолдолд нь төрийн албан зөвлөлтэй холбоотой буюу үндэслэлгүйгээр ажлаас халсан маргаан хамгийн их хувийг эзэлсэн байна. Энэ тоо 2016 онтой харьцуулахад 58.9 хувиар өссөн.  Сонгуулийн жилтэй холбогдолтой өссөн гэж харж байгаа. Хууль бусаар ажлаасаа халагдсан гэсэн 660 гомдлын 60 хувийг хууль бусаар халагдсан гэж шийдвэрлэсэн байна гэж үзэж болох юм. Тэгэхээр төрийн албан тогтвортой байх ёстой гэдгийг шат шатандаа ярьдаг. 660 албан хаагчийн 60 хувийг нь үндэслэлгүй халаад байвал төрийн алба тогтвортой байх боломжгүй.  Хууль бусаар халагдсанаас учирсан хохирлыг төсвөөс төлж байгаа. Хэрэв төсвөөс төлсөн мөнгийг буруутай шийдвэр гаргасан этгээдээр төлүүлдэг болчихвол хууль бусаар халах шийдвэр эрс буурна. Хэн л тэр хүн бүрийн цалинг өөрөөсөө өгье гэж бодох вэ дээ. Төрийн албан тогтворгүй байгаа нь төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанар шууд нөлөөлж байна гэж үзэж болох юм. Төрийн бодлогын залгамж чанар, мэргэжлийн ур чадвар, мэдлэг тэдгээр төрийн албан хаагчдын тархинд л байгаа. Иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь мөн л төрийн шийдвэрийн чанарт сайнаар нөлөөлнө. Адаглаад ажлаас үндэслэлгүй халагдаж байгаа төрийн албан хаагч даргадаа “Та миний цалинг өөрийн хөрөнгөнөөсөө эргүүлнэ төлдөг хууль байгаа”-г сануулж мэддэг болох шаардлага байна. Тиймээс үр нөлөө нь гинжин урвалаар бүгд хамааралтай болохыг ойлгож болно.

-Иргэд, аж ахуй нэгж буруутай шийдвэр гаргаж байгаа ажилтан ч гэсэн хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас хохирол учруулж, хохирч байна.  Хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна уу?

-Бид хууль засагладаг нийгэмд амьдарч байна. Бидний амьдрал хуулиар зохицуулагдаж байгаа бол хуулийн мэдлэг сайн байх нь эргээд нийгэмд эрх ашгаа хөндүүлэхгүй байх үндэс нь. Бидний гол зорилго бол санхүүгийн хариуцлага, түүний хууль зүйн үндэслэлийн талаар чадах хирээрээ иргэдэд эрх зүйн мэдлэг олгохоор ажиллаж байна. Шүүхэд нэхэмжлэлээ хэрхэн гаргах, шүүхийн процессыг энгийнээр зурагласан гарын авлага бэлтгэж байна. Эрх зүйн мэдлэгтэй иргэн, иргэний нийгэм байгууллагуудын дуу хоолой хүчтэй байж захиргааны эсрэг зогсч чадна. Бид үүнд тэмүүлж, зорьж байгаа юм. Иргэд эрх зүйн мэдлэгтэй болохыг хирээр захиргаа өөрөө ч чанаржина.  Бид иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлж, захиргаанд нөлөөлөх, чанар, үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Удахгүй Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хороон дээрээ судалгааны эхний үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэх юм. Эндээс бас тодорхой үр дүн гарах байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж