Монгол 3-4 сая ам.долларын кофе, цай импортолж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Монгол 3-4 сая ам.долларын кофе, цай импортолж байна

Монгол 3-4 сая ам.долларын кофе, цай импортолж байна

Монгол Улс кофе үйлдвэрлэдэг болжээ. Импортын кофенд зарцуулж буй валютыг эх орондоо шингээх зорилготой ажиллаж байгаа "Содон фүүдс" компанийн захирал Г. Ганбаяртай ярилцлаа


-“Содон фүүдс” компани Монголдоо цай, кофены үйлдвэрлэлийг эрхэлж байна. Энэ чиглэлд үйл ажиллагаагаа эрхэлж буй анхдагч компаниудын нэг гэж ойлгож байна. Монголчуудын кофены хэрэглээний зах зээлийг хэрхэн харж байна бэ? Яагаад энэ зах зээлд хүчээ үзье гэж бодов?

-Кофе бол монголчуудын хувьд шинэ бүтээгдэхүүн. Сүүлийн жилүүдэд дундаас дээш насны иргэд бүгд кофе хэрэглэж байна. Мөн залуу үе кофег маш ихэд сонирхох болжээ. Ингээд харахаар, кофе бол монголчуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон байна. 

Энэ хэрэгцээг хангахын тулд Монгол Улс жилдээ 3-4 сая ам.долларын үнэ бүхий кофе, цайг гадаадаас импортолж байна. Бид Монгол Улсын импортын цай, кофены зах зээлийн 40-50 хувийг үндэсний үйлдвэрлэлээр хангах зорилготой энэ бизнесийг эхлүүлсэн. Ингэсэн цагт гадагшаа урсаж буй валют дотооддоо шингээх боломжтой гэж харж байна. 

Үүнээс гадна, Монгол Улсад импортоор орж ирж байгаа инстант кофе сүү, чихэр ихтэй кофены агууламж багатай байдаг. Иймээс илүү чанартай, монгол хүний таашаах кофе үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. 

-Өнөөдрийн байдлаар хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна бэ?

-Бид монголчуудын ууж байгаа кофены төрлийг судалж үзсэн. Иргэдийн 60-70 хувь нь инстант буюу сүүтэй, чихэртэй кофе ууж байна. 20-30 хувь нь дунд зэргийн кофе, харин үлдсэн 10 хүрэхгүй хувь нь чанга, хар кофе ууж байна. Энэ судалгаандаа үндэслэн дөнгөж кофе ууж сурч байгаа хэсэг бүлэг хүмүүст зориулаад зөөлөн, сүү ихтэй "Sodon white", тогтмол сүүтэй кофе уудаг хүмүүст зориулан "Sodon classic", зөөлөн хар кофе уудаг хүмүүст зориулан "Sodon black" кофег зах зээлд нийлүүлээд байна. Цаашид чанга, хар кофе уудаг цөөнх бүлэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байгаа.

Үүнээс гадна, бид зургаан төрлийн жимстэй цай, эрүүл мэндийн тоникийг тус тус үйлдвэрлэж байна.

-Цай, кофеныхоо түүхий эдийг хаанаас нийлүүлж байна бэ? 

-Кофены түүхий эдийг импортоор авч байгаа. Түүхий эд гэдэг бол импортолж оруулж ирээд шууд савлачихдаг зүйл биш. Үүнд тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн процесс явагддаг. Хүмүүс танайх үйлдвэрлэхгүй байна, зүгээр савлаж байна гэсэн хандлага ажиглагддаг. Монголд кофе ургадаггүй, та нар яагаад үйлдвэрлэж байна гэж яриад байгаа юм бэ гэж асуудаг. Үүнд би тодорхой хариулт өгье. Солонгост ч гэсэн кофе ургадаггүй шүү дээ. Гэхдээ бид өнөөдөр Солонгос кофе гээд худалдан авч, хэрэглэж байна. Солонгосчууд ч гэсэн түүхий эдээ импортолж, боловсруулаад кофе үйлдвэрлэж байна.  Солонгос кофе гэж ярьдаг болохоос биш яг хаанаас ирсэн гэдгийг бид асуудаггүй, мэддэггүй. Харин бид яагаад энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэж. Эх орондоо үйлдвэрлэсэн кофег ядаж, хаана үйлдвэрлэснийг мэдэх боломжтой. Гарт баригдаж, нүдэнд харагдах зүйлтэй гэдгээр давуу талтай шүү дээ. 

Харин цайны хувьд Монголоосоо авч болохоор түүхий эдээ үндэсний үйлдвэрлэгчдээсээ худалдан авч нийлүүлж байна. Тухайлбал, зөгийн балтай, жимстэй цайны зөгийн балыг Монголоосоо нийлүүлж байна. Цаашид бид Монголдоо тарьж ургуулж байгаа жимсийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. 

-Монгол Улсын импортын кофе, цайны зах зээлийг халж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр зах зээлээ хангахаар ажиллаж байгаа гэдгийг та дээр дурдлаа. Мэдээж, бизнес эрхэлж байгаа хүн гадаад зах зээлд монгол кофе экспортлох боломжийг судалж үзсэн үү?

-Мэдээж тэгэлгүй яахав.  Бид гарал үүслийн гэрчилгээгээ аваад, Монгол Улсын татваргүй барааны бүсээр дамжуулаад туршилтын журмаар Өвөрмонголын зах зээлд монгол кофегоо экспортолж эхэлсэн. Амт, чанар нь таалагдаж байна, захиалга эхнээсээ ороод ирсэн. Өвөрмонголчууд монголчуудын бизнесийг дэмжих сонирхол их байна. Тэд монголчуудын бүтээгдэхүүнийг илүү чанартай, найдвартай гэж үзэж байна. 

Үүнээс гадна, өнөөдөр ОХУ кофены хэрэглээгээрээ дэлхийд нэг, хоёрт бичигдэж байна. Оросын буриадууд Nescafe, Jacobs их хэрэглэдэг. Хэрвээ бид тэдгээр кофеноос илүү амт, чанартай кофе үйлдвэрлээд тэдэнд таалагдах юм бол Оросын зах зээл бидэнд нээлттэй байна. 

-Кофены зах зээлд үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг бол монголчуудын хувьд цоо шинэ салбар. Энэ салбарт үйл ажиллагаа эрхлэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна бэ?

-Зөвхөн энэ салбар гэлтгүй, бизнес эрхэлж буй хүн бүрт эргэлтийн хөрөнгийн асуудал тулгамддаг. Бид зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ шууд мөнгө болгоод авчихдаггүй. Тодорхой хугацаанд борлуулагдсаных нь дараагаар мөнгөө олж авдаг. Үүнийг хүлээгээд суух хүндрэлтэй байдаг. Иймээс бизнес эрхэлж буй хүн бүрт энэ асуудал гол бэрхшээл юм болов уу гэж харж байна. Бизнес эрхлээд зургаан сар болсны дараа банкнаас зээл авах эрх нь нээгддэг. Гэхдээ барьцаа хөрөнгө шаарддаг тул эргэлтийн хөрөнгө босгоход хүндрэлтэй. Харин  Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтраад бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдэх өгөх үүднээс зээлийн батлан даалтын сангаас тодорхой хэмжээнд тусламж үзүүлэх асуудал яригдаж байна. Бид энэ асуудлыг судалж байгаа.

Гэхдээ төр засгийн тусламж гэхээсээ илүүтэй монголчууд өөрсдөө бие биенийгээ дэмжих нь хамгийн чухал. Монгол хүн үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж заншсан цагт монголчуудын аж амьдрал илүү сайжирч, үйлдвэрлэл хөгжинө шүү дээ.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй эсвэл чанарын шаардлага хангадаггүй байх тохиолдол бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг бэ?

-Монголчууд маань шинэ зах зээл рүү орж байна. Өмнө нь хийж үзэж байгаагүй зүйлээ хийгээд бүтээгээд явах боломжтой юм байна гээд тухайн зах зээл рүүгээ орж байгаа. Мэдээж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бол туршлага хэрэгтэй. Хөрөнгө, мөнгөнөөс шалтгаалаад тодорхой хэмжээгээр бага түүхий эд татах асуудал бий. Монголчууд бүгд л чанартай зүйл хийхийг оролддог гэж би бодож байна. Мэдээж, үйлдвэрлэж байх явцад тодорхой хэмжээний алдаа, дутагдал эсвэл туршлага  дутах зүйл гардаг байх. Гэхдээ бид хийж, хэрэгжүүлж, оролдож үзэж байж засаад, сайжруулаад явах боломжтой. Бид шууд франчайз хийгээд гадаадын том хөрөнгө оруулалтаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэлээ өөрсдөө дэмжихгүй юм бол Монгол Улсад хэзээ ч үйлдвэрлэл хөгжихгүй, монголчуудын амьдрал ахуй сайжрах нөхцөл улам л хойшилсоор байх болно.

Монголчууд маань монгол үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг тэвчээртэйгээр дэмжээд, авч хэрэглээд, санаа оноогоо хуваалцаад явах юм бол илүү чанартай, хямд үнэтэй болоод явах нөхцөл нь бүрдэнэ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж