“Пёнчан-2018” өвлийн 23 дахь удаагийн олимпийг зохион байгуулагчид тамирчдын тосгонд их хэмжээний бэлгэвч тараана гэж Business Insider мэдээлжээ. Тодруулбал, энэ жилийн олимпийн тамирчдад нийт 110 мянган бэлгэвч тараах гэнэ. Тэгэхээр олимп болох хоёр долоо хоногийн хугацаанд тамирчин тус бүрт 37 ширхэг бэлгэвч ногдож байгаа юм.
CNN мэдээлснээр Пёнчаны олимпийн тамирчдын тосгонд 24 цагийн ажиллагаатай фитнесс төв, хоолны хэсэг, мөн мөргөл үйлдэх танхим байрлах аж. Бас өргөн сонголттой дэлгүүртэй гэгдэж байгаа. Гэхдээ түүнээс илүүтэйгээр орон нутгийн хэвлэлийнхний анхаарлыг татсан зүйл бол тамирчдад их хэмжээний бэлгэвч тараах тухай асуудал юм.
Korea Biomedical Review-д мэдээлснээр тамирчдад үнэгүй тараах бэлгэвчний дийлэнхийг дотоодын үйлдвэрлэгч “Convenience” дангаар хангах гэнэ. Урьд хожид олимпийн түүхэнд бэлгэвчинд ингэж ач холбогдол өгсөн тохиолдол байгаагүй аж.
“Convenience” брэнд нийтдээ 93370 ам.долларын үнэ бүхий бэлгэвч хандивлаж байгаа юм. Түүнийг нь зохион байгуулагчид тамирчдын тосгонд тараах гэнэ. Тамирчдын тосгон дахь өрөөнөөс гадна Гангнюн болон Пёнчан дахь Хэвлэл, мэдээллийн төв, тэмцээн, уралдаан болох цэнгэлдэхүүдэд ч мөн “бэлгэвчтэй сагс” байрлуулахаар төлөвлөсөн байна.
Бэлгэвчийг олимпийн тамирчдад үнэ төлбөргүй тарааж, сурталчилсан анхны тохиолдол 1988 оны зуны олимпиор гарч байжээ. Түүнээс хойш жилээс жилд улам идэвхжсээр байгаа ба сүүлд 2014 онд Сочид болсон олимпийн үеэр нийт 100 мянган бэлгэвч тараасан гэнэ.
С.ЦЭЛМЭГ