97,92 болон 86,52 каратын хоёр том очир эрдэнийг өнгөрсөн нэгдүгээр сард Якутаас олборлолоо хэмээн “Алроса” компани мэдээллээ. Энэ нь дэлхийд томд орох хэмжээ юм.
Якутын Айхалийн уулын баяжуулах үйлдвэрийн “Юбилейная” уурхайгаас эдгээр очир эрдэнийг “Алроса” компани олборлосон байна.
Хоёр эрдэнэ хоёул шар туяатай, үл ялиг хөндлөн зураастай, октаэдр хэлбэртэй. 97,92 каратын очир эрдэнэ нь 26х17х21 миллиметр, хоёр дахь буюу 86,52 каратынх нь 27,89х27,20х27,14 миллиметрийн харьцаатай.
“50 каратаас дээш очир эрдэнэ цулаараа олдох нь маш ховор. Том хэмжээтэй цулаараа олдсон ийм очир эрдэнийг гол төлөв дуудлага худалдаагаар зардаг. Их ч эрэлттэй байдаг” хэмээн “Алроса” компанийн Борлуулалтын захирал Евгений Агуреев хэлжээ.
“Юбилейная” уурхай нь 1975 онд ашиглалтад орсон Якутын очир эрдэнийн томхон ордын нэг.
“Алроса” компани нь Оросын очир эрдэнийн зах зээлийн том олборлогч. Оросын очир эрдэнийн зах зээлийн 95 хувь, дэлхийн 29 хувийг олборлодог. Якутаас гадна Архангельск мужид мөн олборлолт хийдэг. Өнгөрсөн 2017 онд 39,6 сая карат очир эрдэнэ олборлосон нь өмнөх 2016 оноос олборлолтоо зургаан хувь өсгөсөн гэсэн үг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ