Гишүүд ээ, мэдэмхийрэх биш мэргэшье

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Гишүүд ээ, мэдэмхийрэх биш мэргэшье

Гишүүд ээ, мэдэмхийрэх биш мэргэшье

Монголын парламентын үндсэн гол үүрэг бол хууль хэлэлцэн батлах явдал. Гэвч, УИХ-аар хууль хэлэлцэх процесс улам бүр чанаргүйжих болсон. Ердөө арав гаруйхан гишүүд чуулганы танхимд хууль хэлэлцэх нь ердийн үзэгдэл болжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-аар хууль хэлэлцэх процесс нь өөрөө хууль зөрчих нь байдаг л үзэгдэл болсон гэсэн үг.  Ирц нь бүрдэхгүйгээс чухал төслийг унагаах,  хууль санаачлагчид нь буцаах, эс бол гишүүд нь асуудлаа мэдэхгүй будилах, ярьж байгаа төслөөсөө хазайх,  хэн нэгний лоббид автах нь бий.

Тиймээс ч парламентын нэр хүнд гишүүдийнхээ рейтингтэй хамт унасаар л. Монголын төрийн дээд байгууллага бол УИХ. УИХ-д суугаа 76 гишүүн бүх талын мэргэжилтэй байх албагүй ч хууль хэлэлцэхэд мэргэших нь тэднийх хийх ёстой ажил юм. 

Долоо хоногт хоёрхон удаа болдог чуулганы хуралдаандаа суудаггүй, суухаараа телевизийн камерийн өмнө жүжиг тоглодог  гишүүн олон. Мэдэхгүй сэдэв, мэдэхгүй салбар гэж үгүй тэдэнд мэддэг сэдэв, мэргэшсэн салбар гэж байна уу?

Дээр нь чуулганы хуралдаандаа суудаггүй, хувийн ажлынхаа хажуугаар хууль баталдаг тэд эрх хүүхдүүд шиг аашигладаг нь үнэн. Парламентын танхимд сандал суудлын төлөө хуц, ухна, гахай нохойгоороо дуудалцдаг тэд хууль батлахдаа ингэж авирладаг бол Монголын хууль гурав хоногийн настай байхгүй байсан биз.  Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн  УИХ-ын чуулганы өхуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байснаас дэмжлэг авч чадалгүй буцсан. Түүнчлэн  УИХ-аар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд олон гишүүнээс болж  үнийн тогтвортой байдал руу тэмүүлэх зорилтыг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах болгож өөрчилсөн. 
‘Дэлхий нийт дээрх зорилт руу тэмүүлж байхад Монголбанк гагцхүү “төгрөгийн тогтвортой байдалтай” зууралдах болов. Угтаа бол үнийн тогтвортой байдлыг хангаж байж инфляци нам доор түвшинд хүрнэ. Инфляц нам доор түвшинд байснаар зээлийн хүү буурах боломж бүрдэнэ’ гэдгийг учир мэдэх гишүүд нь тайлбарласан ч бусад нь дэмжээгүй билээ. Үүнээс болж, Төв банкны тухай хууль гол зорилгодоо хүрч батлагдсангүй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлсэн юм. 
Боов, боорцог, бандаашаар алдаршиж буй энэ парламентаар хэлэлцэх дуртай ганц асуудал нь сандал суудлын асуудал гэвэл дэгсдүүлсэн болохгүй биз. Ажилдаа өдрийн од шиг ирдэг Б.Наранхүү гишүүн хүртэл албан тушаал, ашиг сонирхлын хэрүүл дээр л ганцхан гарч ирдэг болоод байгаа билээ. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг зөвшилцөх  болоход Б.Наранхүү гишүүн Төрийн ордонд ‘морилж’ “Миний найз юм чинь би ирнэ шүү дээ” хэмээн даапаалж байсан удаатай.
Сонгууль дөхөөд ирэхээр хайр зарлаж, сонгогдсон хойноо “та нараас гуйсан юм уу” хэмээн ширэв татах эрхэм түшээдээс бол Монголын парламентын нэр унахын хэрээр хэн нэгний ‘идэш’ болоход ойрхон байна шүү. Гэхдээ ийм хүмүүсийг сонгосон нь бидний буруу.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж