Өвлийн спортын хамгийн үзүүштэй төрлийн нэг бол уран гулгалт. Энэ удаагийн өвлийн олимп болох Пёнчан хотод олон шилдэг гулгагч иржээ. Тэдний дунд Хойд Солонгосын Ким Жү Сик, Лём Дэ Уг нар багтсан. Энэ наадмын нэгэн чимэг болсон тэд өнгөрөгч баасан гаригт багийнхаа хамтаар олимпийн тосгонд байрласан байна. Тэгвэл хосууд өнгөрөгч амралтын өдөр мөсөн талбайд бэлтгэлээ хийжээ. Тэдний бэлтгэл ч олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсаар байна. Бэлтгэлийн үеэр өмнөдүүд тэднээс болон багийнхнаас яриа авахыг хүссэн ч бүтэлгүйтжээ.
Ким Жү Сик, Лём Дэ Уг нар хосын төрөлд 2015 оноос эхлэн өрсөлдөж эхэлсэн бөгөөд Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж, “Cup of Tyrol 2016”, “Asian Winter Games 2017” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэд өнгөрөгч онд Германд болсон тэмцээнээс гуравдугаар байранд орсноор Пёнчаныг зорих эрхтэй болсон байна. Хэдийгээр олимпийн эрхээ авсан ч оролцох эсэх нь тодорхой бус байсан. Харин гулгагчид нэгдүгээр сарын 9-д болсон хоёр Солонгосын уулзалтын үр дүнд Пёнчаныг зорих болсон юм.
Өвлийн олимпийн уран гулгалтын төрөл нээлтийн өдөр болох ирэх баасан гаригт багийн үзүүлбэрээр эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана.
Хосын төрлийн үзүүлбэр хоёрдугаар сарын 14-д богино үзүүлбэрээр эхэлж, 15-ны өдөр чөлөөт үзүүлбэр болсноос медальтнууд тодорно.
Энэ төрөлд Австрали, Австри, Канад, БНХАУ, Чех, Франц, Герман, Изриаль, Итали, Япон, АНУ, Өмнөд болон Хойд Солонгосын хослол орох аж. Хэдийгээр ОХУ-аас гурван хос оролцох ч Олон улсын олимпийн хорооны нэрийн дор Пёнчанд өрсөлдөнө.