Буянтай бас үйлтэй “Эрдэнэт”

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Буянтай бас үйлтэй “Эрдэнэт”

Ашиглалтад орсон цагаасаа хойш монголчуудын амьжиргааны нэг гол үүсвэр байсаар ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон дахин нэг дуулиан өнгөрсөн долоо хоногт анхаарлын төвд орж ирлээ. Хоёр жилийн өмнөөс тус үйлдвэрийн Оросын талын мэдэлд байсан 49 хувийг Монголын хувийн хэвшлийн “Монголын зэс” корпораци худалдан авсан. Энэ наймаа нь хууль бусаар хийгдсэн луйвар гэж Монгол Улсын Засгийн газар үзэн 100 хувь төрийн мэдэлд авч нээлттэй хувьцаат компани болгох шийдвэрийг энэ 2018 он гарангуут гаргасан. Мэдээж хувийн өмчөө булаалгасан 49 хувийнхан олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа.

Харин энэ удаад “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын төрийн мэдэлд байсан 51 хувийг барьцаалан “Жаст” хэмээх хувийн компани Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын “Ай Си Би Си Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл авсан хэрэгтэй холбоотой дуулиан дахин дэгдлээ. “Жаст” компанийн захирал Ш.Батхүү уг зээлийг 2009 онд зургаан жилийн хугацаатай авсан бөгөөд энэхүү зээлийнхээ барьцаанд “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг тавьжээ. “Жаст” компани эхэн үедээ гэрээнд харилцан тохиролцсоны дагуу графикаар зээлээ төлж байсан ч гурав дахь жилийн дунд үеэс зээлээ төлөхөө больсон учраас “Стандарт” банкныхан Лондонгийн Арбитрын шүүхэд хандан гомдол мэдүүлжээ. Арбитрын шүүх Монголын “Жаст” компани зээлээ төлөх ёстой, үгүй бол баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой гэсэн шийдвэрийг 2013 онд гаргасны дараа л монголчууд энэ хэргийн талаар мэдэн шуугилдацгаасан юм. “Жаст” компани зээл авах үед Ерөнхий сайдаар С.Баяр, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Б.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар нар ажиллаж байсан юм. Зээлийн баталгааны баримт бичигт захирал Б.Ганзориг, ТӨХ-ны дарга Д.Сугар нар гарын үсгээ зурсан байсан ч Ш.Батхүү зээлийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэмээн мэдүүлсний дагуу шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгүүлж байсныг санаж байгаа байх. Харин Ерөнхий сайд С.Баяр энэ хэрэгт огт хамааралгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Харин Өмнөд Африкийн банкны зүгээс “бид хуурамч баримт бичигт үндэслэн зээл олгоогүй” гэдгээ нэг биш удаа мэдэгдэж байсан.

Хэрэг мандах үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдон ажиллаж байсан Ц.Даваацэрэн тухайн үедээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа арбитрын шүүхийн мэдэгдэл ирсний дараа судалж үзэхэд “Жаст” компанид зээлийн баталгаа олгосон талаарх ямар ч баримт бичиг үйлдвэрийн архиваас олоогүй учраас “Стандарт” банкинд хүсэлт тавин зээлийн баримт бичгүүдийг авсан тухай ярьсан.

Хэдийгээр Ш.Батхүү биеэр ял эдэлсэн ч “Стандарт” банкны хохирол барагдаагүй явсаар ийнхүү өнөөдрийн байдалд хүрлээ. Арбитрын шүүхийн шийдвэрийг Монголын тал үл зөвшөөрөн давж заалдсан ч ялагдаж, 99 сая ам.долларыг төлөх шийдвэрийг Монголын Засгийн газар 2018 он гараад хүлээн авсан бололтой байгаа юм. Засгийн газрын зүгээс үүнийг нотолсон ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй. Харин УИХ-ын зарим гишүүн энэ бол Засгийн газарт хамаагүй, “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж байгаа хэрэг гэсэн тайлбарыг хийж хүмүүсийг төөрөгдүүлж байна. Олон улсын гэрээ гэдэг бол хэн нэгэн улстөрч тухайн нөхцөл байдалд тохируулж худал мэдэгдэл хийн галыг намжаах, салхийг өөр зүгт үлээх гэсэн оролдлоготой адилгүй. Маргаан “Стандарт” банк, Монголын Засгийн газрын хооронд болоогүй нь үнэн ч 51 хувьтай байхдаа хувийн компанийн зээлийн барьцааны дэнчин болсон үйлдвэр нь одоо 100 хувь төрийн мэдэлд байгаа гэдгийг хэлэхийг хүсэхгүй байгаа бололтой.

Одоо яах вэ? Энэ төлбөрийг хэн төлөх вэ? Татвар төлөгч бидний мөнгөөр төлөх үү? Монголын Засгийн газар энэ төлбөрийг барагдуулах нь тодорхой. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр биш хамаатай этгээдүүдээр төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ. Мэдээж юу юугүй “Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг битүүмжилж, дансыг нь дугуйлахгүй ч төлбөрөө барагдуулах боловсон хэлэлцээрт орох халуун хэрэг У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө тулгарч байна.

Амралтын өдрүүдээр “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс энэ асуудлаар тайлбар гаргаж, заргын процес хараахан дуусаагүй, үе шаттайгаар үргэлжилж байгааг мэдэгдэж, аль болох үйлдвэрт хохирол багатайгаар зохицуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Төрийн мэдэлд байгаа өмчийг хариуцлагагүй эрх мэдэлтэн хэрхэн хувийн эрх ашигтаа ашиглаж, шамшигдуулж, завхруулж болдгийн жишээ энэ юм. Хоёр өрөө байрны зээлд хамрагдах гэж аав ээж, ах дүү нарынхаа бүх л хөрөнгийг тавиад ч зээл авч чадахгүй суугаа иргэд зөндөө байхад эрх мэдэлтэй, мөнгөтэй, танилтай, бүлэглэлтэй нэг нь төрийн өмчийг барьцаалан хувийн компанидаа зээл авчихдаг, тэгээд тэрийгээ төлдөггүй байх нь шударга зүйл гэж үү. Төрийн өмчийг зээлийн дэнчинд тавьж болдог юм бол ипотекийн зээлийн дэнчинд тавиад яндангаасаа утаа гаргаж байгаа бүх өрхөө орон сууцанд оруулж, эрүүл агаарт амьдарцгаая л даа.

Социализмын үед Зөвлөлтийн тусламжтайгаар байгуулагдсан “Эрдэнэт” үйлдвэр монголчуудыг тэтгээд 40 жил болж байна. Үүнээс сүүлийн хорин жилд нь “Саалийн үнээ” гэж хочлуулан Монголын төрд гарсан улстөрчдийн тансаг хангалуун амьдрах эх сурвалж нь болсоор ирлээ. Буянтай ч юм, үйлтэй ч юм, Эрдэнэт минь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж