Х.Хаш-Эрдэнэ анх удаа олимпод дасгалжуулагчаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Х.Хаш-Эрдэнэ анх удаа олимпод дасгалжуулагчаар ажиллана

Х.Хаш-Эрдэнэ анх удаа олимпод дасгалжуулагчаар ажиллана

БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн XXIII олимпийн наадам ирэх баасан гаригт нээлтээ хийснээр албан ёсоор эхэлнэ. Одоогоор Монголын үндэсний олимпийн хорооны төлөөлөгч Пёнчанд очоод байгаа бөгөөд баг тамирчид болон албаны хүмүүсийн түрүүч маргааш БНСУ-ыг зорино.

Гүйлтийн цанын хоёр тамирчин энэ удаа эх орноо төлөөлөн оролцох бөгөөд дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна. “Турин 2006”, “Ванкувер 2010” наадамд тамирчнаар оролцож байсан гүйлтийн цанын дасгалжуулагч түүнтэй цөөн хором ярилцлаа.

Х.Хаш-Эрдэнэ энэ жил 36 настай бөгөөд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч юм.

-Та өмнө нь олимпийн наадамд тамирчныхаа хувиар хоёр удаа оролцсон. Харин дасгалжуулагчаар анх удаа оролцох гэж байна. Таны сэтгэгдэл ямар байна?

-Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд гүйлтийн цанын тамирчид эрхээ авч олимпийн буухиаг тасалсангүй. Миний хувьд анх удаа дасгалжуулагчаар оролцохоор болсон. 2008 оноос хойш гүйлтийн цанын дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Шигшээ багийн дасгалжуулагчаар сүүлийн нэг ажиллаж байна.

-Олимпийн наадамд дасгалжуулагчаар оролцох, тамирчны хувьд оролцох хоёрт ялгаа бий юу?

-Олимпийн наадамд эрхээ авахын тулд маш их зүйлийг зарцуулдаг. Эдийн засгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй зүйл байсан. Мөн цанын тос тосолгооноос эхлээд саад их байлаа. Одоо бол төр засгаас тамирчдын бэлтгэл сургуулилтад их анхаардаг болсон болохоор харьцангүй өөр болсон. Үүнээс шалтгаалаад тамирчдын цагийн амжилт нэмэгдэж, урьд нь “В” ангилалаас эрх авна гэдэг байсан бол одоо “А” ангилалаас эрх авах боломжтой болсон.

-Олимпийн уралдаан болохоос өмнө та бүхэн Пёнчанд очоод ирсэн. Бас тэмцээнд оролцсон шүү дээ?

-Пёнчан сэрүүн газар юм билээ. Цанын баазын хувьд манай Скай ресорт баазтай ойролцоо. Бидэнд тэмцээний өмнө зам талбайг судалж, уралдах боломж гарсан. Хамгийн дутагдалтай асуудал бол цанын тос тосолгоо байдаг. Үүн дээр их анхаарч туршлага судлаад ирлээ.

-Таны хамгийн дурсамжтай олимпийн наадмыг нэрлээч?

-Олимпийн наадам бүр сайхан сэтгэгдлийг үлдээсэн. Гол нь эрхээ авч оролцоно гэдэг өөрөө нэр төрийн хэрэг байдаг. Мэдээж дурсамжтай мөчүүд олон ч  2016 оны олимпийн наадамд тугчаар ажилласан. Бүгд л сайхан болж байсан.

 

 


“ПЁНЧАН 2018” МОНГОЛЫН БАГ: (2018.02.9-25)

Багийн ахлагч: Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, 1988, 1992, 2000 оны зуны олимпийн наадамд жүдо бөхийн тамирчнаар оролцож байсан бөгөөд тугчаар ажиллаж байсан /

  • Тамирчин: ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг
  • Дасгалжуулагч: Х.Хаш-Эрдэнэ (Гүйлтийн цанын тамирчин, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч)
  • Төлөөлөгч: Э.Очирсүрэн (Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон)

ХУВААРЬ:

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д уралдана. 

 

Ч.БОЛОР, Н.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж