Ачааны машинд нуугдаж хилээр нэвтэрсэн Төв Америкийн 200 орчим бичиг баримтгүй цагаач иргэдийг илрүүлсэн тухай Мексикийн талаас мэдэгджээ. АНУ-ын Техас мужтай хиллэдэг Мексикийн зүүн хойд хэсгийн Тамаулипас мужид ачааны машины буланд чихцэлдэж нуугдсан, хоол хүнс, уух ус ч үгүй болсон хүмүүс байсан гэнэ. Тэдний дотор эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд ч байжээ.
Тэд Гватемал, Гондурас, Эль Сальвадорын иргэд байсан бөгөөд Мексикээр дамжин АНУ-ын хил нэвтрэх зорилготой байсан гэнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг хүний наймаанд оролцсон байж болзошгүй гэж саатуулжээ.
Мексикийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр,ачааны машин хянан шалгах цэгээр нэвтрэх үед машинд хүмүүс нуугдсан байсныг олж, илрүүлсэн байна. Тэд хоол хүнс, уух усгүй, агааргүй орчинд шахцалдан нуугдсан байжээ. Тэдний дунд 24 хүүхэд харгалзах хүнгүй явж байсан гэнэ.
АНУ-ын хилтэй ойр орших Мексикийн Коахуила, Тамаулипас мужуудаас өнгөрсөн сард Төв Америкийн орнуудаас ирсэн 170 гаруй бичиг баримтгүй иргэнийг илрүүлж, саатуулсан байна. Тэдний дийлэнх нь Гватемал, Гондурас болон Эль Сальвадорын иргэд байжээ.
С.ЦЭЛМЭГ