Нийслэл хотод 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36.8, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193.8 тэрбум, гадаадын зээл тусламжаар 51 тэрбум буюу нийтдээ 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Дээрх ажлаас нийгмийн салбарын бүтээн байгуулалтанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт түлхүү хувийг эзэлж байна.
- Тухайлбал, энэ онд 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барьж, өргөтгөнө. Ингэснээр ЕБС-ийг 2 ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.
- Эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Шүд эрүү нүүрний төвийг зориулалтын байртай болгоно. Мөн Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгана.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтэц болон газар чөлөөлөх, нөхөн олговор олгох арга хэмжээнд тус бүр 30 тэрбум, шинээр барих барилгын инженерийн шугам сүлжээний зураг төсөвт 0.5 тэрбум, нийтдээ хот байгуулалтад 74.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
- БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 2.0 тэрбум юаниар гэр хорооллыг орон сууцжуулах инженерийн болон дэд бүтцийн ажлуудыг хийж, 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 200 ажлын дэд төвийг /сервис центр/ гэрэлтүүлэг камержуулалт, цэвэр, бохир усаар хангах системээс бүрдсэн орчин үеийн шийдэлтэй “хаус” хороолол болгох ажлыг эхлүүлнэ.
- Автозамын салбарт 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 18.5 тэрбум төгрөгийг 13.1 км авто зам шинээр барихад, 12.5 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулна. Хот доторх замын засварт 3.8 тэрбум, орон сууц, гэр хорооллын доторхи зам засварт тус бүр 2.0 тэрбум төгрөг зарцуулна. Мөн энэ онд Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлнэ.
- Гэр хороололд жишиг гудамж бий болгох, 6 эмнэлгийн гадна тохижилт, Энэбишийн өргөн чөлөөний тохижилт, төвлөрсөн хогийн цэгт хашаа барих, хогийн цэгт ажиллах тусгай зориулалтын машин техник худалдан авах зэрэгт нийтдээ 8.4 тэрбум төгрөг төлөвлөөд байна.
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 132 төсөл арга хэмжээнд 11.4 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс хот тохижилтодд 3.2 тэрбум, гэрэлтүүлэг, камержуулалтад 724 сая, автозамын засварт 961 сая, ус түгээх цэгт 330 сая, орон сууцны дээвэр, цахилгаан шат, гадна дулаалгад 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан.
- Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөөр 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 68 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбоход 11.9 тэрбум, дулааны төв шугамын шинэчлэлд 2.0 тэрбум, Багануурын дулааны станцын шинэчлэл, өргөтгөлд 750 сая төгрөгийг зарцуулах юм.
- Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот айл өрхүүдэд цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум, гэр хорооллын 110 мянган айл өрхийг цахилгаанаар халаах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2.9 тэрбум, 80 мянган тонн хагас коксжсон түлшийг хөнгөлөлттэй үнээр зарахад үнийн зөрүүнд 3.1 тэрбум төгрөг олгохоор болсон.
Т.НОМИН