Олимпийн бэлтгэлээ базааж байсан Хойд Солонгосын тэшүүрийн тамирчин Чой Ун Сонг бэлтгэлийн үеэр бэртжээ. Өмнөд Солонгосын Гангнюн дахь мөсөн талбайд бэлтгэл хийхээр анх удаа талбайд гарсан тэрбээр тойрог хийх үедээ унаж, баруун хөлөө гэмтээсэн байна. Чойг нэн даруй ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Чойгийн дасгалжуулагч Юн Чоль, багийн хамтрагч Жон Кван Бом нар сэтгүүлчдэд ямар нэг мэдээлэл өгөлгүй шууд ордноос гарч явсан байна.
Чойгийн гэмтэл төдийлөн ноцтой биш, яс хугараагүй, өнгөц гэмтэл байсан гэж Гангнюн мөсөн ордны хэвлэлийн төлөөлөгч Ракуэл Нунез сэтгүүлчдэд хэлсэн байна. Чой нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд олимпод оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Хойд Солонгосын багийн бүрэлдэхүүнд багтсан 22 тамирчны нэг болох Чой Ун Сонг 22 настай, тэшүүрийн 500 метрт уралдах ёстой байжээ. Энэ төрлийн уралдаан хоёрдугаар сарын 20-нд болох хуваарьтай юм.
С.ЦЭЛМЭГ