БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулахад хүргэсэн авлигын дуулианд нэр холбогдож, хорих ялаар шийтгүүлсэн “Samsung” группийн өв залгамжлагч И Жэ-Ёны хэргийг давж заалдах шатны шүүх даваа гаригт /2018.02.05/ хэлэлцэх ажээ.
Өмнөд Солонгосын хамгийн том, нөлөө бүхий группийн харьяа “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан И Жэ-Ёныг экс-Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотнын найз Чой Сун-шил нарт их хэмжээний авлига өгсөн хэргээр ялласан юм. Анхан шатны шүүхээс түүнд өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд таван жилийн хорих ялаар шийтгэсэн. Түүнийг “Samsung” группийн харьяа хоёр компанийг нэгтгэхийн тулд нэг компанийн үнэлгээг бууруулахад экс-Ерөнхийлөгчийн туслалцааг авч, хариуд 8.8 тэрбум воны хахууль өгсөн хэрэгт гэм буруутай болохыг тогтоожээ.
И Жэ-Ёны хамт “Samsung”-ийн дөрвөн ч захирлыг хэрэгт холбогдуулан шалгаж, ялласан юм. И Жэ-Ён шүүх танхимд өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж, Ерөнхийлөгчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн учраас “Samsung” тэр мөнгийг гаргаж өгсөн гэж мэдүүлж байжээ.
И Жэ-Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч И Кун-Хигийн дөрвөн хүүхдийн том нь, ганц хүү нь аж.
С.ЦЭЛМЭГ