Улаан асрын зүүд (42-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (42-р бүлэг)

Улаан асрын зүүд (42-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.


Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э

Дөчин хоёрдугаар бүлэг

ХУРЦ ХЭЛЭЭР ШЮЭ БАО ЧАЙ НУУЦ СЭЖГИЙГ АЛДРААЖ, ХОШИН ҮГЭЭР ЛИНЬ ДАЙ ЮЙ ДАВХАР УТГЫГ ИЛЭРХИЙЛЭВ

Өгүүлэх нь: Жя Мү, Ван Фүрэнь нарыг явсны дараа олон эгч дүү нар хүрээлэнд буцаж ирж хоол идэцгээв. Энэ хэр Лю Лаолао бас Бан Эрийгээ дагуулан ирж, Фөн Жэтэй уулзаад “Маргааш өглөө гэр рүүгээ явъя. Би энд нэг их удалгүй хоёр гуравхан өдөр байсан боловч эрт эдүгээгийн үзээгүйгээ үзэж, дуулаагүйгээ дуулж, идээгүйгээ идлээ. Лао тайтайгаас эхлээд бусад тайтай, найнаа, авхай охид цөмөөр намайг ихэд халамжилж, нигүүлсэн хайрлалаа. Яаж ачийг нь хариулна даа. Хариад өдөр болгон зул хүжээ асааж, мааниа уншиж, та бүхнийхээ насан хутаг дэлгэрэхийг бурханд даатган залбирч сэтгэл юүгээ гүйцээе” гэж хэлэв. Фөн Же инээж: 

-Чи битгий баярла. Чамаас болж Лао тайтай даараад хэвтэж байна. Манай Дажэ бас л даараад халуурсан гэсэнд Лю Лаолао шүүрс алдаж:

-Лао тайтай нас сүүдэр өндөр алжаал ядралыг даахгүй болжээ, зайлуул гэв. Фөн Жэ:

-Буурай эмээ, өчигдөр хачин их баярласан. Урьд бараг ингэж байгаагүй байх. Хүрээлэнд зөндөө ордог боловч нэг хоёр газраар ороод л буцдаг байлаа. Харин өчигдөр бол чамд хүрээлэнгийн хамаг сайхныг үзүүлэх гэж баргаар нь тойрсон. Бид чамайг эрж байх хооронд Даяагийн өгсөн боовноос гадаа байж байгаад идсэнээс ч болсон уу халуурсан. Энэ бүхэн чамаас боллоо гэсэнд Лю Лаолао:

-Бодвол эндхийн бяцхан охид хүрээлэнгээр дэмий явдаггүй байлгүй. Хөлд ормогц л хүүхдээ хүүр онгоны газраар хүртэл хамаагүй явуулдаг бидний хүүхэдтэй яаж таарах вэ. Салхи жавраас болсон байж ч мэднэ. Эсвэл бие нь ариун, нүд нь хиртээгүй энхрий “хүүхэд” тул юм учирсан ч болзошгүй. Эмчид үзүүлж, мэргэ төлгө буулгавал сайндаа гэв. Фөн Же сэртэсхийж, Пин Эрийг дуудуулж: “Хаш хайрцаг” авчруулан Цай Мингээр дуудуулав. Тэрбээр нэг сэгсрээд уншив.

-Найман сарын хорин тавны өдөр зүүн өмнө зүгээс эмгэг ологсод бол төрлийн доторх боомилж үхсэн эмс сүнс индэлж, бас цэцгийн сахиусанд учирсанаас болжээ. Таван өнгийн цаасан зоос дөчийг зүүн урагш дөчин алхмын газар өргөвөөс өлзий оршино гэжээ. Фөн Же инээж:

-Яг тийм боллоо. Хүрээлэнгийн дотор цэцгийн сахиусан байгаа. Лао тайтайч мөн учирсан байж мэднэ гээд хоёр хувь цаасан зоос авчруулж хоёр хүнээр орхиулан Жя Мү, Да Жэ хоёрын золиг болгов. Да Жэ тэр дорхноо амарлин унтсанд Фөн Же инээж: -Үнэхээр настай хүний үзсэн, мэдсэн их юм. Манай Да Жэг үргэлж өвчин ороож байдаг нь ямар юмнаас болов гэж гайхна. Лю Лаолао:

-Ийм хэрэг ч мөн байна. Баян эрхэм айлын хүүхэд бол энхрий танхи тул бага сага зүдрэлийг даахгүй нь лав. Үнэндээ, бяцхан хүнийг хэтэрхий энхрийлбэл буян нь даахгүй. Найнаа та ийм юмыг цаашид санаж байвал сайн л юм гэв. Фөн Жэ:

-Нээрэн тийм. Би саналаа. Түүнд одоо болтол нэр өгөөгүй байгаа. Чи нэг нэр өг. Чиний насан хутгийг хүртсүгэй. Та ундууцах хэрэггүй. Та нар бол тосгоны ядуу хүмүүс. Яданг дорд хүнээс хээгүйчилж нэр гуйвал бөхжих юун магад гэсэнд Лю Лаолао хэсэг зуур бодлогошроод “Хэзээ төрсөн юм бэ” гэж асуув. Фөн Же: “Муу өдөр төрсөн юм. Яг долоон сарын шинийн долоонд таарсан юм” гэсэнд эмгэн инээгээд:

-Энэ харин сайн байна. Даруй Чюо Жэ гэж дуудвал болноо. Энэ Чюо бол “Хорыг хороор дийлнэ” гэсэн утгатай юм. Найнай та миний үгээр болж энэ нэрийг охиндоо өгвөл энэ хүүхэд урт насалж удаан жаргана. Хожим том болоод айл гэр болсон ч тэр, ямар нэгэн сэтгэлд үл зохилдох хэрэг тохиолдсон ч тэр, зовлон нь жаргалаар солигдож, ёр, бэлгээр халагдах нь цөм энэ Чюо1 гэдэг үгэнд байна гэв. Фөн

Же баярлаж талархаад: “Таны хэлсэн ёсоор бэлгэ ерөөл орших болтугай” гэснээ Пин Эрийг дуудан:

-Маргааш ажил ихтэй учир зав чөлөө гарахгүй байж мэднэ. Одоо л завтай дээрээ Лю Лаолаод бэлэглэх юмыг бэлтгэ гэж тушаав. Эмгэн: “Би гээч, ямар аймшиггүйгээр та нарыгаа ядраана вэ. Хэдэн өдөр яршиг болж болж, одоо бас юмыг нь авч явна гэдэг үнэхээр хэцүү байна” гэсэнд Фөн Же инээж:

-Олигтой юм биш ээ, цөм ердийн л юмнууд. Ямар ч гэсэн миний өгснийг аваачаад айл хөршийнхэндээ сонирхууласан ч дэмий хот яваагүйгээ мэдүүлнэ шүү дээ гэв. Тэднийг ийн энэ тэрийг ярилцаж байтал Пин Эр ирээд: “Луолуо та очоод үзтүгэй” гэсэнд эмгэн дагаж тэртээх өрөөнд ортол ханз дүүрэн юм овоолсон харагдана. Пин Эр захаас нь үзүүлж эхлэв.

-Энэ бол чиний өчигдрийн авсан нэг толгой бараан шаа торго. Найнаа бас дотор хийх цулгай цэгээн шаа өгсөн. Энэ бол хоёр царсан дурдам. Цамц хормойвч хийж болно. Энэ вааданд бас хоёр толгой торго бий. Жилийн дотор хувцас хийж өмс. Энэ хайрцагт өөрсдөө хийсэн янз бүрийн боов, боорцог бий. Чиний идсэн ч бий. Идээгүй ч бий. Аваачаад таваглавал гаднаас авснаас дээр шүү. Чиний жимс хийж ирсэн энэ хоёр уутанд хаан сангийн нарийн тутарга хоёр доу хийсэн. Шингэн будаа чанахад тун зүгээр. Нэгд нь хүрээлэнд тарьсан хуурай, нойтон жимс хийлээ. Тэр нэг боодолд найман лан мөнгө байгаа. Энэ бүгдийг манай найнай өгч байгаа шүү. Энэ хоёр боодолд тус бүр таван лан, нийтдээ нэг зуун лан мөнгө байгаа. Харин үүнийг бол тайтай өгсөн юм. Чамайг энэ мөнгөөр наймаа хийнэ үү, бэл хийнэ үү, хэдэн му газар авна уу, өөрөө мэд. Аятайхан аж төрж, цаашдаа ураг төрлөө битгий зовоо гэж байна лээ. Бас энэ хоёр зах хүрэм, хоёр хормойвч, бас толгойн дөрвөн алчуур, нэг баглаа ноосон утасыг би танд өгч байгаа юм. Энэ хувцас хуучивтар боловч их өмсөөгүй юм. Таныг голохгүй болов уу гэж бодож байна гэв. Пин Эрийг юм үзүүлэх тоолонд Лю Лаолао маани уншсаар мянгантаа хүргэсэн биз. Хажуугаар нь: “Авхай минь, охин минь, яалаа гэж сайхан юмыг голох вэ. Юунд ийм үг хэлнэ вэ. Би бол ийм сайхан эдийг олохгүй, оллоо ч авч чадахгүй. Тиймээс би авхайн сайн сэтгэлийг огоорч болохгүй. Энэ бүхнийг авна гэхэд тун хэцүү байна. Авахгүй гэвэл та нарынхаа сайн сэтгэлийг тоогоогүй болно. Яая даа ер гэсэнд Пин Эр:

-Та цааргалах хэрэггүй. Би сэтгэлээсээ өгч байна. Харин тэгэхдээ чамаас юм авна. Чи дараа жил хатаасан лооль, улаан буурцаг, хавтгай буурцаг, хулууны зоргодос мэтийн хатаасан ногоо авчирч өгөөрэй. Манай эндэхийнхэн их багагүй, хатаасан ногооны борцонд дуртай. Өөр юм хэрэггүй. Түүнд санаагаа бүү зовоо гэсэнд Лю Лаолао машид баярласанаа илэрхийлээд захьсныг чинь заавал бүтээнэ гэв. Пин Эр:

-Та одоо санаа амар сайхан унт. Энэ юмыг чинь сайхан янзална. Маргааш нэг тэрэг хөлслөөд энэ юмсыг чинь хүргээд өгнө. Санаа зовох явдалгүй гэв. Лю Лаолао, Фөн Жэд бас талархаад, Жя Мүгийн тэнд унтахаар явав. Маргааш өглөө нь эртхэн босоод, угааж самнаад явах гэж байтал Жя Мүгийн бие ядруу байна. Бүгд очиж мэндийг мэдье гэсэнд тул очицгоож, эмч залахаар болов. Төдий л удалгүй: “Эмч ирлээ” гэцгээв. Жя Мүг тусгай өрөөнд аваачиж биеийг нь үзүүлье гэсэнд, дургүйцсэн учир тэнд нь эмч үзэхээр болов. Жя Жэнь, Жя Лянь, Жя Рун нар Ван отчийг дагуулан орж ирэв. Бао Юй угтан гарч ирэв. Оточ замын голоор явахгүй, зах барьж явсаар тусгай суудалд суув. Жя Мү хар дурдам өнгөтэй цагаан хурган зувцаа өмсөөд орон дээрээ төвлүүхэн сууж байв. Хоёр талд нь гэзэг тавиагүй, дөрвөн бяцхан инж, гүвүүр, нулимуурын сав барин зогсчээ. Бас тав зургаан эмгэн зарц хоёр тал болон зогсож байв. Алт сувд зүүсэн, улаан, ногоон хувцастангууд ч харагдана. Ван оточ, Жя Мүгийн амрыг эрэв. Түүнийг төрийн хувцас өмссөнийг нь хараад Жя Мү ордны эмч болж гэж бодоод инээмсэглэн: “Богдын шадар сайн уу” гэснээ, Жя Жэнигээс: “Энэ шадрын овог юү вэ” гэж асуусанд хүү нь “Ван овогтой” гэж хариулав. Жя Мү инээмсэглэж:

-Урьд эмчийг захирах яамны гол танхимд нэг Ван Жуань Шяо гэж, судсанд их мэргэн эмч байж билээ гэсэнд Ван оточ түргэнээ мэхийж инээмсэглэн:

-Тэр хүн бол өчүүхэн миний авга өвөг билээ гэсэнд Жя Мү:

-Тийм бий. Тэгвэл бид хэдэн үеийн танил байхнээ гэсээр гараа сунгаж, бяцхан дэрэн дээр тавив. Зарц эмгэн, нэг намхан сандал авч жижиг ширээний өмнө тавив. Оточ нэг хөлөө нугалж суугаад, толгойгоо далжийлган судсыг удаан барив. Нөгөө гараар мөнөөх судсыг дахин шинжээд мэхэлзэн тонголзсоор ухран гарав. Жя Мү: “Ядраачих вий, Жэнь агь хань болж очоод цай уулга” гэж хэлэв. Жя Жэнь, Жя Лянь хоёр хэдэнтээ “За” гээд отчийг дагуулан гарч гадаах бичгийн гэрт очив. Ван оточ:

-Эмгэн, хүйтэн салхинд баахан жигнүүлжээ. Чухам эм уух ч хэрэг алга. Хөнгөн хоол идээд, сайн дулаалаад байвал аяндаа зүгээр болно. Одоо би нэг эм бичиж өгнө. Настан уух дуртай бол жор ёсоор нэг удаа уу. Ядраад байвал байчих гээд цайгаа уусны дараа эм бичиж өгөв. Тэгээд явах гэж байтал, Да Жэгийн хөхүүл эх охиныг тэврээд орж ирснээ:

-Ван Лао е биднийг үзэж өгөх болов уу гэсэнд оточ, охиныг өргөж аваад судсыг нь барив. Тэгээд толгойг нь тэмтэрч хэлийг нь хараад:

-Энэ жаал намайг хараах байх даа. Хоёр цаг сайн өлсгөвөл аяндаа зүгээр болно. Чанадаг эм уух хэрэггүй. Би үрэл эм явуулъя. Унтахад нь, гаатай шөлөөр даруулаад уулгавал сайн гээд гарч одов. Жя Жэнь оточийн жорыг эмээдээ хэлээд гарч явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Эмчийг явсны дараа Ван Фүрэнь, Фөн Жэ, Ли Шэнь, Бао Чай нар байрнаас гарч ирэв. Эхлээд Ван Фүрэнь өрөө рүүгээ явав. Лю Лаолао сандрах хэрэггүй болсныг мэдээд Жя Мүтай салах ёс хийв. Жя Мү: “Бололцоо гарвал дахиад ирээрэй” гэснээ Юань Янд: “Чи явж Лю Лаолаог мордуулж өг. Би санаа байсан ч чадахгүй нь” гэв. Хөдөөний эмгэн ч талархлаа дахин илэрхийлээд Юань Янгийн хамт гарч одов. Тэд доош бууж явснаа Юань Ян, ханзан дээр байгаа боодолтой юмыг зааж:

-Энэ бол Лао тайтайгийн хэдэн зах хувцас байгаа юм. Цөм насны нь баяраар хүмүүсийн өгсөн бэлэг юмаа. Лао тайтай, хүний оёсон хувцсыг өмсдөггүй болохоор чамд өгөх гэж өчигдөр надаар гаргуулсан юм. Тэгээд өөрт чинь өгөөд, өөрөө өмссөн ч болно. Хүнд өгсөн ч болно гэсэн шүү. Тэр хайрцагт өөрийн нь чинь авна гэсэн боорцог боов байгаа. Энэ боодолтой юм бол чиний захисан эм. Хор тайлах мэ хуа диянь шэ дань, наршихад уух зи дин, за цааш нь цус төлжүүлэх зориулалттай эмнүүд байна. Тус бүрийн жор найрлага, яаж бэлдэх, уухыг цаасан дээр бичсэн байгаа. Бас хоёр хавтага байна гэснээ, боодлыг тайлаад, дотроос нь мөнгөн “Чандмань туухай” хоёрыг гаргаж үзүүлээд: “үүнийг над өгчих. Харин хавтагыг нь чи ав, болох уу” гэв.

Лю Лаолао их баярлаж, мааниа мянга түм уншаад, Юань Янгийн хүсэлтийг дор нь зөвшөөрөөд, охин минь, ав ав гэв. Юань Ян эмгэний итгэсэнийг хараад:

-Тоглосон юмаа, наадах чинь над зөндөө бий. Цагаан сараар хүүхэд шагнахад зүгээр… гэтэл нэг бяцхан шивэгчин, Тан хуа газрын нарийн шаазан хундага нэгийг барьж ирээд эмгэнд өгч: “Үүнийг Бао Эре чамд өгч байна” гэсэнд, “Яаж байгаа юм бэ дээ” гэсээр хүлээн аваад, би ер нь аль төрөлдөө буян хураагаад өнөөдөр ийм их юм авч байгаа юм бол доо гэж үглэнэ. Юань Ян:

-Та биеэ угаахдаа өмссөн хувцасууд чинь, минийхээ. Та голохгүй бол түүнийгээ чамд өгье гэсэнд эмгэн их баярласан тул хэдэн зах хувцас боогоод гар дээр нь тавив. Тэгээд Лю Лаолао хүрээлэнд орж Ван Фүрэнь, Бао Юй нар болон бусад авхай, охидод хариу талархал илэрхийлэхээр очъё гэсэнд Юань Ян: “Хэрэггүй, тэд чинь өдийд хүнтэй уулздаггүй юм. Харин би талархлыг чинь дамжуулъя. Сүүлд чөлөө зав чинь болбол ирээрэй. Тэгэхдээ уулзаж болно” гэв. Тэгээд зарц нарыг дуудуулж Лю Лаолао эмгэний ачаа барааг тэргэнд ачуулж явуулсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Бао Чай нар өглөөний хоолоо идэж, дараа нь Жя Мүгийн амрыг эрээд, хүрээлэнд очихоор явахдаа замын салаанд хүрүүт Дай Юйг дуудахдаа: “Пин Эр нааш иртүгэй чамаас юм асууя” гэж хашгирав. Дай Юй инээсээр хүрч ирэв. И Хун Юаньд хүрээд байрандаа оруут Бао Чай инээж:

-Чи надад сөгдөхгүй юм уу, би чамайг байцаах гэж байна гэсэнд Дай Юй ойлгохгүй байгаа царайтай инээн

-Хөөе хараарай та минь. Энэ Бао охин солиорчихож. Миний юуг шалгах юм бэ гэв. Бао Чай хүйтнээр инээмсэрч:
-Юутай мянган лангийн эрхэм авхай ажээ. Юутай ордны доторх бяцхан охин ажээ. Амны зоргоор юу ярина вэ. Үнэнээ хэл гэсэнд Дай Юй ойлгохгүй, дэмий л инээмсэглэхдээ, дотроо баахан сэжиг төрсөн боловч

-Надаас өө эрээд байна уу, үгүй юү. Би юу хэлэх юм. Чи мэдэж байгаа юм бол хэлээд өг л дөө гэв. Бао Чай:
-Чи бас тэнэг царай гаргаж мэхлэх санаатай байна уу. Өчигдөр архины дүрэм гаргахад чи юү хэлсэн бэ. Хаанаас олж авсаныг чинь мэдэхгүй байна гэсэнд, Дай Юй сая ойлгов. Өчигдөр санаандгүй “Му Даньтин”, “Ши Хянжи” бичгээс хоёр бадаг уншсанаа санаад, нүүр нь улайж, ухасхийн Бао Чайг тэврэн авав.

-Сайн эгч минь, би мэдэхгүй байсан юм. Тэгсэн мөртөө амны аяар хэлчихжээ. Чи намайг сургаж өгвөл би дахиж хэлэхгүй гэв. Бао Чай инээж:

-Би бас мэдэхгүй. Чиний хэлэхийг сонсоод маш сонирхсон тул чамаас асууж сурая гэж бодсон юм гэв. Дай Юй:

-За эгч минь, хүнд битгий хэлээрэй. Би ч дахиж сөхөхөө больё гэв. Дай Юйн царай улайгаад, дахин дахин гуйсанд, дахиж асуух байтугай, татаж суулган цай бариад их л ёсорхогоор:

-Чи намайг ямар хүн гэж үзнэ вэ. Би чинь алиа хүн шүү. Долоо наймтайгаасаа хүнийг багагүй гасалгажээ. Манайх ч мөн бичиг судрын уламжлалтай айл. Өвөг аав бичиг ном хадгалах дуртай хүн байсан. Тэр үед манай ам бүл олуул, эгч дүү нар маань гэртээ байсан. Цөмөөр ном үзэх, бичиг сурах дургүй. Ах дүү нарын дотор шүлэг найрагт дуртай хүн байсаан. Зарим нь дуу хууранд дуртай байлаа. Энэ “Ши Хян бичиг” “Пи пагийн дуулал”, “Юань улсын ерөнхий утга” мэт зохиолыг ер үлдээсэнгүй. Тэд биднээс нууж үзэхэд бид бас тэднээс нуугаад үзчихнэ. Сүүлээр нь, их бага хүмүүс мэдээд занчихыг нь занчаад, хараахыг нь хараагаад, шатаахыг нь шатаасанаар сая дууссан юм. Тиймийн тул манай охид үсэг бичиг үзэхгүй нь харин дээр байх. Эр хүн ном бичиг үзээд, ес зүйг ойлгохгүй бол үзэхгүй нь дээр байтлаа биднийг илүү үзэх нь юү ч билээ. Шүлэг дуу уянгалуулах мэтийн явдал мөн манай хэрийн доторх үйл биш байсан. Бас ч эр хүний төв үйл биш бөлгөө. Эр хүн бичиг ном үзэж ёс зүйг ухаараад төрд туслан, түмнийг засвал энэ сая түүний төв үйл болно. Харин одоо ийм хүн ер дуулдахгүй юм. Бичиг ном үзээд улам гажуу болсон нь л дуулдаж байна. Энэ бол ном бичиг түүнийг уруу татсан биш. Тэд ном бичгийг гутаасан хэрэг. Тийнхүү амуу будаа тарьж, арилжаа наймаа эрхлэхийг хүрэхгүй. Энэ бол тийм хортой газаргүй болой. Бид гэгч үйл утас, ээрэх нэхэхийн зүйлд хичээвэл зохих байтлаа бас хэдэн үсэг таньчихжээ. Нэгэнт таньсан бол гол бичгийг үзвэл зохино. Тэдгээр самуун бичгийг үзсээр ааш зан нь хувирч авашгүй замд орвол аюултай бишүү гэж ярив.

Түүнийг сонсож суугаад Дай Юй дотроо бишрэв. Тэгээд хааяа цайгаа оочоод “Тиймээ” гэхээс өөр үг хэлсэнгүй. Тийн байтал Сү Юнь гэнэт орж ирж: “Манай найнай та хоёр авхайг залж чухал хэрэг зөвлөлдөе гэнээ. Хоёр, гурав, дөрөвдүгээр авхай, Ши авхай Бао Юй нарыг хүлээж байна” гэсэнд Бао Чай “Бас ямар хэрэг болчихоо юм бол” гэсэнд Дай Юй: “Тэнд очихоор аандаа мэдэгдэнэ дээ” гэв. Тэд төдөлгүй Дао Хян цүньд очвол цаадуул нь ирчихсэн байв. Ли Шэнь тэр хоёрыг орж ирэхэд инээн: “Цуглаанаа байгуулах гэсэн чинь хойш суудаг хүн бас байна. Дөрөвдүгээр авхай нэг жилийн чөлөө гуйж байна” гэсэнд Дай Юй инээж: “Цөмөөрөө л Лао тайтайг, хүрээлэнгийн зураг зуруулна гэхээр баярлаад чөлөө эрэх болох нээ” гэсэнд Тань Чүнь: “Лао тайтайд гомдох хэрэггүй. Цөм Лю Лаолаогийн нэг үгнээс болжээ. Тэр бас аль төрлийн Лаолао болчиховоо. Харин шууд “Эмэгчин царцаахай” гэж дуудвал зохино” гэсэнд нирхийтэл хөхрөлдөв. Бао Чай:

-Орчлон дэлхийн охидын урныг хоёрдугаар бэргэн бүртгэсэн боловч завшаанаар тэр бичиг мэдэхгүй тул тэгтлээ урлаж чадахгүй. Ганц хөдөө газрын болхи үгсээр инээдэм гаргах төдий бөлгөө. Харин энэ хурц хэлтэй Пин Эр бол бас “Үлгэрчиний” аргаар, энгийн бүдүүлэг ярианы содыг нь түүж авч сулыг нь хаяад, бас өнгө будаг оруулж, тов тод дүрсэлдэг болохоор үг бүр нь үнэхээр оновчтой болдог. Энэ “Эмэгчин царцаахай” гэх үг бол өчигдрийн явдлыг нүдэнд харагдтал дүрсэлжээ. Бодож, сэтгэх нь тун түргэн юмаа гэсэнд цаадуул нь хөхрөлдөж:

-Чиний энэ ялган шүүмжилсэнээр үзвэл, мөн тэд хоёрын хойно орохгүй гэцгээв.

Ли Шэнь: “Түүнд хэдий хугацааны чөлөө өгөх вэ. Бүгдээр зөвлөлдөе. Би бол нэг сарын чөлөө өгье гэсэн чинь, бага гэж чамалж байна. Та нар саналаа хэл” гэв. Дай Юй:

-Үнэндээ нэг жилийн чөлөө өгсөн ч ихдэхгүй. Энэ хүрээлэнг байгуулахад нэг жил болсон. Одоо түүнийг зурахад хоёр жил орно. Бэх зууртал бийр идүүлнэ. Бас цаас дэлгэж будаг оруулна. Бас… гэснээ инээд алдаад, бас мөн ёсоор алгуур тайван зурвал яагаад хоёр жил орохгүй вэ… гэтэл цаадуул нь алга ташиж шуугилдав. Бао Чай инээж:

-Сонин байна, сонин байна. Гайхалтай нь, хамгийн сүүлд “Алгуур тайван зурна” гэсэн үгэнд байна. Зурахгүй бол яаж зураг бүтэх юм бэ. Тийнхүү өчигдрийн тэр хошин үг хэдий инээдэмтэй боловч эргүүлж бодвол бас ч учиргүй үг биш. Та нар энүүний хэлсэн үгийг эргүүлж бодтугай. Хэдий тийм сонин биш боловч эргүүлээд бодвол харин сонин байна. Би бол хөхөрсөөр байгаад хөшихөд хүрлээ гэв. Ши Чүнь:

-Бао эгч магтсаар байгаад улам чангаруулчихсан учир одоо надаар тоглоом хийхэд хүрчээ гэсэнд Дай Юй түүнийг татаж:

-Хөөе, чамаас асууя. Чи ганцхан энэ хүрээлэнг зурах юм уу. Бид бүгдийг оруулаад зурах юм уу? гэсэнд Ши Чүнь:
-Уг нь ганц хүрээлэнг зурна гэж бодсон юм. Өчигдөр Лао тайтай“Ганцхан хүрээлэнг зурвал байшин сууцны тухай болчихноо” гэсэн.

Хүмүүстэй нь зураад зугаа цэнгэлийн зураг мэт болговол сайн гэж ярьж байна. Би бол тэр уран нарийн асар тагтыг зурж чадахгүй л дээ. Гэхдээ түүнийг бас орхиж болохгүй. Тиймээс бэрхшээж байна гэв. Дай Юй: “Хүн зурах чинь харин хялбар юм бишүү. Харин хорхой шавьжийг бол чи зурж чадахгүй байлгүй” гэсэнд Ли Шэнь
-Чи бас дөгөөгүй юм ярилаа. Зурах юм бол гойд содонгоос нь зурна уу гэхээс юуны хорхой шавьж зурж суух вэ дээ гэсэнд Дай Юй инээж:

-Өөрөө хорхой эс зуравч, өчигдрийн тэр “Эмэгчин царцаахайг” зурахгүй бол яалаа гэж бүрэн болж чадах вэ гэсэн нь бусдынхаа инээдийг хүргэв. Дай Юй аюулхайгаа даран хөхрөөд “Чи хурдан зур. Би нэрийг нь өгье. Зүгээр л “Эмэгчин царцаахайн эрэмшин зажилсан хөрөг” гэчихэе гэв. Бас л хөхрөлдөв. Тэгтэл нэг юм түсхийн дуугарав. Харвал, Ши Шян Юний суусан сандлын түшлэг мултарч гэдрэг унасан байв. Арай ч шал дээр ойлчилгүй, хана түшээд тогтжээ. Бао Юй сандран босож Ши Шян Юнийг татан босгов. Тэгээд Дай Юй рүү нүд ирмэж дотоод өрөөнд ороод толины хөшиг сөхөж харвал гэзэг үс нь сэгсийчихсэн байв. Үсээ засаад буцаж орж ирүүт Ли Ванийг зааж,

-Бидэнд ёс дүрэм сургаж, үйл утас заах гэсэн нь харин ихэд инээд наргиан болголоо гэсэнд цаадах нь инээн:

-Та нар үүний энэ хортой үгийг сонсов уу. Энэ өөрөө түрүүлэн түйвээж, олныг уруу татан наадаад байсан мөртөө одоо намайг буруутгаж байна. Надад их хорсож байгаа юм байхдаа. Залбирах минь, хожим чи нэг хэцүү халтай хадам эхтэй учирч, бас хэдэн харгис хадам эгч, охин дүүтэй болтугай. Тэр цагт чиний яаж аашилж байхыг үзэх юмсан гэв. Дай Юйн царай улайж Бао Чайг татан: “Бид түүнд нэг жилийн чөлөө өгье” гэж шивнэв. Бао Чай:

-Та нар сонсооч. Би нэг голч үг хэлье. Дөрөвдүгээр авхай хэдий зураг зурдаг боловч үнэндээ таталбар зураг бага сага зурах төдий шүү. Өвчүү цээжиндээ нэг их эрдэм хураагаагүй байж яаж энэ их хүрээлэнг зурж чадах вэ дээ. Энэ хүрээлэн бол даруй зураг мэт уул хад, ой мод, асар тагт, байр байшингийн ойр хол, нягт сийрэг нь илүү ч үгүй, дутуу ч үгүй яв цав тохирчээ. Чи хэрэв мөн ёсоор нь цаасанд буулгавал лавтай сайхан зураг болж чадахгүй. Цаасны хэмжээ хэрийг үзэж, хол ойр, олон цөөнийг тэнцүүлж, гол, гол бишийг ялган, нэмэхийг нь нэмж, хасахыг нь хасаж, гаргахыг нь гаргаж, далдлахыг нь далдалж уг эхийг бүтээгээд дахиж нарийн боловсруулбал сая зургийн төлөв гарна. Дараа нь эдгээр өндөр асар, өргөө ордны зай завсар, хэмжээ дүрмийг зохицуулах хэрэгтэй. Үгүй бол хашлага нь хэлбийж, багана нь хазайж, үүд цонх нь солигдон, яндар дэгтэр нь ангайгаад, бас ширээг хананд шигтгэж, цэцгийн савыг орхиул дээр гаргавал харин нэг янзын шог зураг болоход хүрнэ. Цааш нь гэвэл, хүн зурна гэтэл мөн л олон цөөн, өндөр намыг нь тэнцүүлэх хэрэгтэй. Хувцас дээлийн атираа хуниас, хормойвч бүсний чанга сул, хөл гарын хөдлөл байдлыг гаргах нь маш чухал. Нэг зураасыг эвгүй зурвал гар нь хавдартай биш болбол хөл нь нарийсна. Үс гэзэг нүүр царайд өнгө оруулах нь харин тийм чухал биш. Надад адбиш бэрхтэй мэт санагдана. Одоо нэг жилийн чөлөө өгвөл арай их, нэг сарын чөлөө бол баахан бага тул хагас жилийн чөлөө өгч, дээр нь бас Бао дүүгээр хамжуулж болох юм. Энэ бол Бао дүүгээр багшлуулах гэж байгаа хэрэг биш. Хэрэв тэгвэл ажил саатуулахад хүрнэ. Мэдэхгүй, чадахгүй зүйл тохиолдвол Бао дүү авч яваад зураг мэддэг чаддаг улсаас асууж байвал зурахад хялбар болж мэднэ гэв. Үүнийг сонсоод Бао Юй их баярлаж байх янзтай: “Энэ үг маш зүйтэй” гэж хашгираад, Жан Зы Лянгийн асар тагт асар нарийн уртай хийгдсэн. Их үзэмжтэй. Чөн Ры Шингийн гоо хүний хөрөг ч гойд уран. Одоо би тэднээс асуухаар очно” гэсэнд Бао Чай “Би чамайг адгуу гэдэг. Тиймээ. Нэг үг хэлмэгч л даруй асуухаар явна гэнэ. Урьдаар ярьж тогтсоны дараа очил доо. Одоо яаж зурахаа л яръя” гэв. Бао Юй: 

-Манай гэрт лавай гэгч цаас байна. Бэх сайн даадаг их цаас бий… гэсэнд Бао Чай:

-Би чамайг бүтэхгүй гэсэн бишүү. Тэр лавай цагаан цаас үсэг бичих, таталган зураг зурах, уул усны зураг зурахад бэх сайн сууж будаг дэлгэрэхгүй болдог. Түүгээр энэ зургийг зурвал будаг суухгүй, бас хатаахад хэцүү. Зураг сайн болж чадахгүй мөртөө цаас бас хайран болно. Би харин чамд нэг арга зааж өгье. Энэ хүрээлэнг анх байгуулах үед нэг нарийн тодорхой зураг зурсан юм. Тэр хэдий барилгад зориулж зурагдсан боловч хэмжээ дүрэм нь зөрөхгүй. Чи очиж тайтайгаас аваад бас Фөн Жэгээс түүнтэй адил хэмжээтэй нэг хэсэг сайн хэв авч гадагш өгөөд тэр янзаар эх гаргуулж авчирч дээр нь хүн нэмж болох юм. Хөх ногоон будаг найруулах, алт мөнгөн будаг найруулах зэргийг мөн тэднээр хийлгэнэ. Та нар бас өөртөө нэг хөөрөг, зуух бэлтгэж, цавуу дэвтээж чанан, бийр угаахад хэрэглэх хэрэгтэй. Бас нэг том ширээн дээр эсгий дэвсэх хэрэгтэй. Аяга тавагны зүйл ч бас гүйцэлдэхгүй. Бийр лав дутна. Цөмийг шинээр төхөөрөх хэрэгтэй болно доо гэв. Ши Чүнь:

-Надад зургийн хэрэгсэл яаж байх вэ. Гарын үзүүрт хэрэглэдэг хэдэн бийр л бий. Будагны хувьд бол ороонгын тунрай, энгэсэг, Гуань дүнгийн хөх төдий л байгаа. Хэдэн бийр байгаа гэсэнд Бао Чай:

-Эрт хэлэхгүй яасан юм бэ. Энэ хэрэгсэл чинь надад бүгд бий шүү. Ганцхүү чиний хэрэглэх зүйл биш. Хэдий чамд өгөвч талаар тавина. Түр хадгалж байгаад хожим хэрэглэх цагт чинь өгнө. Ганцхан дэвүүрийн зурагт тохирно. Энэ их зурагт хэрэглэхэд хайран л юм. Би чамд нэг хаяг бичиж өгье. Чи энэ хаягаар Лао тайтайгийн тэндээс очиж авна. Та нар мэдэхгүй бол би хэлж өгөмз. Бао дүү тэмдэглээд аваарай гэв. Цаадах нь тэр бүрийг тогтоож чадахгүй тул бичиж авах гээд бийр бэх зэхсэн байжээ. Бао Чай, “Бүдүүн зэрэгцээ бийр дөрөв, арай бага бийр бас дөрөв, будгийн их бийр дөрөв, бага бийр дөрөв, их наймалжийн бийр арав, бага наймалжийн бийр мөн арав, нарийн бийр арав, будаг тавих их бийр хорь, бага бийр бас хорь, хөнгөн татах бийр арав, найлзуурын бийр хорь, Живан улаан будаг дөрвөн лан, өмнө орны зос дөрвөн лан, шар хөгц дөрвөн лан, чулуун тунрай дөрвөн лан, чулуун ногооц дөрвөн лан, хэй наний шар дөрвөн лан, Гуань дүнгийн хөх дөрвөн лан, хорголжийн нунтаг арван дөрвөн хайрцаг, энгэсэг арван хоёр хэсэг, шунх хоёр зуун хэсэг, хар алт хоёр зуун хэсэг, сайн цавуу дөрвөн лан, цэвэр байван дөрвөн лан авах жишээтэй. Хивийг гадагш өгч цардуулах тул түүнд хэрэглэх цавуу, байванг бичих хэрэггүй. Эдгээр будгийг бид хэмхчин арилгаж, тунгаан боловсруулбал их удаан хэрэглэнэ дээ. Цааш нь нарийн, бүдүүн хив торго, том шаазан аяга, таван ямхын таваг, гурван ямхын цулгуй цагаан таваг, хөөрөгт зуух /лав хоёр хэрэгтэй/ их бага шорооны тогоо гэхэд л дөрөв, шинэ ган хувин хоёр, усны сав хоёр, нэг тохой урт цагаан бөс уут, хөнгөн нүүрс хорин жин, удын нүүрс хоёр жин, гурван татуургатай модон хорго нэг, цулгуй шаа нэг хос алд, түүхий гаа хоёр лан, жиян таван лан… гэтэл Дай Юй хажуунаас нь: “Ширмэн тогоо нэг, төмөр хусуур нэг” гэж нэмэв. Бао Чай:

-Наадахаар чинь юү хийх юм бэ гэсэнд Дай Юй:

-Будгаа гаа, Жянтай хуурч идэхгүй юү гэсэнд бүгд хөхрөлдөв. Бао Чай:

-Пин Эр чи юү мэдэхэв. Энгийн шаазан таваг гал даахгүй. Гааны шөлийг Жянтай хамт ёроолд нь түрхэж халаахгүй бол гал хүрмэгц хагарна… гэтэл, нээрэн тийм шүү гэцгээв. Дай Юй тэр хаягийг дахин нэг үзээд, Тань Чүнийг татаж: “Чи үүнийг үз. Нэг зураг зурахад, усны ган, авдар хорго хүртэл авна гэнэ. Үүний ухаан мунхраад, хадамд очихдоо хүртэл авч явах юмаа оруулжээ” гэсэнд цаадах нь хөхөрч хөхөрч Бао Чайд: “Чи үүний уруулыг чимхэхгүй юү хүлээгээд байгаа юм бэ. Чамайг юу гэж муулж байгааг сонсооч” гэсэнд Бао Чай:

-Асууж яах юм бэ. Энэ муугийн амнаас ямар л олигтой юм гарааж… гэснээ Дай Юйг дарж хацрыг нь чимхэх гэв. Дай Юй: “Ганц удаагийн үгийг минь уучилчихдаа, сайн эгч минь. Пинь Элийн нас бага учраас хэлэхийг мэдээд хэрэг учрыг үл ойлгоно. Эгч болсон та намайгаа сургатугай. Эгч минь уучлахгүй бол одоо би хэнийгээ гуйх билээ гэсэнд бүгдээр охины санаанд юм байсныг мэдсэнгүй л хөхрөлдөж: “Хэлсэн нь юутай хөөрхийлэлтэй вэ. Бид бүгдээр уярчихлаа, уучлагтүн” гэцгээв.

Бао Чай уг нь түүнтэй тоглосон байтал гэнэт түүнийг садар самууны юм уншив гэж хэлснийг сөхөж гаргасныг мэдээд цааш явуулалгүй орхив. Дай Юй инээж: “Хаашдаа л эгч болсондоо… би болсон бол хэрхэвч хэлтрүүлэхгүй” гэсэнд Бао Чай түүнийг зааж инээж: “Лао тайтай чамайг энхрийлж, бүгд чамд хайртай байжээ. Одоо би чамайг их өрөвдөж байна. Наашаа ир, үсийг чинь даруулж өгье” гэв. Дай Юй эргэн зогсож Бао Чайгаар засуулав. Бао Юй хажуунаас нь хараад харамсан бахардаж, “Тэр санчигаа түүгээр засуулахын оронд надаар засуулсан бол сайн байсан юм” гэж бодож байтал Бао Чай

-Тэмдэглэж авсан бол маргааш тайтайд хүргэж өгөөрэй. Гэрт байвал ч яахав. Байхгүй бол худалдаж авна биз. Би та нартай хамжилцаж найруулна гэв. Бао Юй санд мэнд бичиж явсан юмаа эхмлэж аваад, энэ тэрхэнийг ярьж жаахан сууж байгаад, оройн хоолны дараа Жя Мүгийн амрыг эрэхээр очив. Жя Мү өвдсөн юм биш, салхинд жаахан даарахын хамт явдалдаа ядраад чилээрхсэн учир бага сага эм уугаад сайн дулаалсанаас хойш бие нь тавираад илааршжээ. Дараачийн өдөр ямар явдал болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт унштугай!

Тайлбар:
1.    Чиао-долоон сарын шинийн долоон гэсэн утгатай. Хятадын эртний домогт тэнгэрийн нэг дагина газарт бууж ирээд үхэрчин хүүтэй суужээ. Түүнийг тэнгэр мэдээд, дуудсанд дагина арга буюу буцжээ. Үхэрчин хүү хойноос нь хөөгөөд тэнгэрт гартал мөнөөх дагина гэзэгний хавчаараа аваад нэг зурсанд тэнгэрийн гол /монголоор тэнгэрийн оёдол/ бүтэж, үхэрчин хүү голын цаана үлджээ. Тэгээд мөнөөх дагина жил бүрийн долоон сарын долоонд нэг удаа учрахаар болзжээ. Энэ нь даруй хэнгэрэг, хэдрэг хоёр од юм. Тиймээс хятадын заншлаар, энэ өдрийг муу өдөр, энэ өдөр төрсөн хүүхэд хожим урт удаан, сайхан амьдрахгүй гэж мухар сүсгийн үүднээс цээрлэдэг байжээ.
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж