Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Долоо хоногийн онцлох үйл явдал

"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна


-У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА-

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын 100 хоног тохиолоо. Энэ хугацаанд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын бодлого, зорилтынхоо талаар мэдээлэл хийв.

“Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Иргэдийн илүү төлсөн татварын мөнгийг буцааж олгох юм байна.

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өсч, төсвийн орлого, Дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн, зээлжих зэрэглэл ахисан, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, малын тоо өссөн зэргийг Ерөнхий сайд дурдав.

Иргэдээ эрүүл хүнсээр хангаж улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай хангамж, сүлжээ бий болгох, газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь улс орны хөгжлийн тулгын гурван чулуу гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

дэлгэрэнгүй


-СӨРӨГ ХҮЧИН ГУДАМЖИНД ГАРАВ-

Ардчилсан намынхан Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа болоод Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг эсэргүүцэн хоёрдугаар сарын 1-нд жагсаал зохион байгууллаа.  Жагсагчид Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж ирсэн юм. 

Ажилгүйдэл, ядуурал, татварын дарамт, үнийн өсөлт гэсэн бичигтэй томоос том ачаа үүрсэн  залуучууд Ардчилсан намын жагсаалын тэргүүн эгнээнд алхсаар Сүхбаатарын талбайд орж ирсэн юм. Гадаах хүйтнийг үл ажран “Хонхны дуу”-г цуурайтуулж, Монгол Улсын төрийн далбаа, Ардчилсан намын далбааг намируулсаар тэд төв талбайг бүрхэв.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:

-Бид тэвчихээ байсан тул арга буюу энд цуглалаа. Бидний шаардлагын хариуд эрх баригчид түр аргацаах замаар хариу өгсөн. Бид дөнгөж саяхан чуулганы танхимд байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь 65 хотны ноход шиг “боорлож”, биднийг доромжилсон. Гэхдээ бид тэдний доромжлолыг үл хайхрах болно. Монголчуудыг, Монголын ард түмнийг үргэлж мөнх хуурч болно гэж бодож байгаа эрх баригчдыг сэрээх цаг болсон. Монгол түмэн тэвчиж ханалаа. Улсын гадаад өр өдрөөс өдөрт нэмэгдэж, эрдэс, баялаг цөөн хэдэн хүний халаасыг зузаатгаж байна. энэ бүхнийг тэвчиж суухуу: одоо бид мориндоо мордох цаг болсон. Хүлцэнгүй номхон тэвчээртэй байдлыг ашиглах эрх баригчид даварлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг харлуулах замаар эрх дархаа нэмэгдүүлэх гэж байна. Эд нар идэж, ууж, хагартлаа баяжиж цаг хугацааг өнгөрүүлсэн. Одоо болно, Монголчууд эх орныхоо эзэн болох цаг ирсэн.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


-‘ЭРДЭНЭТ’-ИЙН 51 ХУВИЙГ ‘ЖАСТ’-ААС БОЛЖ АЛДАХ УУ?-

"Эрдэнэт" үйлдвэр Английн дээд шүүх дэх арбитрын маргаанд ялагдсантай холбоотойгоор тус үйлдвэрийн гадаад данс, санхүүгийн гүйлгээг өнгөрч буй долоо хоногт хаасан байна.

2009 оны долдугаар сарын 9-нд Жаст Группийн ерөнхийлөгч Ш.Батхүү  “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн өмчит 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн ‘Стандарт’ банкнаас 110сая ам.долларын зээл авсан нь олон жил үргэлжилж буй арбитрын маргааны  үндсийг тавьсан юм. Өнгөрсөн хугацаанд арбитрын маргаанаар дөрвөн шүүх хуралдаан болсон бөгөөд сүүлийнх нь 2017 оны сүүлчээр болсон байна. Шүүх хуралдаанд хариуцагч талаас төлөөлөгч оролцоогүй бөгөөд Английн дээд шүүх ‘Эрдэнэт’ үйлдвэрээс ‘Стандарт’ банкинд  90 сая ам.доллар төлүүлэх 2016 оны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр Английн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тус үйлдвэр ‘Стандарт’ банкны адил Монголын бизнесмен Ш.Батхүүгийн өдүүлсэн энэ хэргийн хохирогч болсон гэж үзэж байна. Английн дээд шүүх дээрх шийдвэртээ “Хэрэв ‘Эрдэнэт’ үйлдвэр, удирдлагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзвал шүүх тогтолцоог үл хүндэтгэсэнд тооцож, баривчлан хорих, торгууль ноогдуулах буюу хөрөнгийг битүүмжилнэ” гэжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


-ПЁНЧАНЫ ОЛИМПИОС БИД ЯМАР АМЖИЛТ ХҮЛЭЭХ ВЭ?-

Пёнчан-2018 өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд тав хоногийн хугацаа үлдлээ. XXIII өвлийн наадамд Монгол улсын гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өрсөлдөх бөгөөд баг тамирчдыг үдэх арга хэмжээ хоёрдугаар сарын 1-нд БСШУСЯ-нд болов.  Монголын баг тамирчид хоёрдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ыг зорино.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллахаар болсон. Тэрбээр зуны олимпийн наадамд (1988, 1992, 2000) жүдо бөхийн тамирчнаар гурван удаа оролцож, бүгдэд нь тугчаар ажиллаж байсан бол анх удаа өвлийн олимпийн наадамд баг тамирчдаа ахлан оролцохоор боллоо. 

ДЭЛГЭРЭНГҮЙ


-САНГИЙН ЯАМНЫ САР ШИНИЙН ‘БЭЛЭГ’-

Сар шинийн өмнөхөн Сангийн сайд хэвлэлээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт болох 78.1 тэрбумыг тарааж байгаагаа дуулгав. Мөн хүүхдийн мөнгө, “Насны хишиг”, НӨАТ-ын буцаан олголт орж эхэллээ. Энэ бүх халамж, тэтгэмж, буцаан олголтыг  цагаан сарын өмнөх Сангийн яамны ‘бэлэг’ гэж хэлж болохоор.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78.1 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголт өгч байгаа бөгөөд  уг мөнгийг Монголбанкаар дамжуулан олгож эхэллээ. Өчигдрөөс ‘Голомт’ банкны харилцагчдын дансанд буцаан олголтын мөнгө нь орсон бол өнөөдрөөс ‘ХААН’ иргэдийн дансанд шилжүүлж байна. Яагаад ийнхүү хоногийн дараа шилжүүлж байгаагаа ХААН банкныхан системийн алдаагаар хаацайлав.

Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай юм байна. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг Сангийн сайд сануулсан. Магадгүй буцаан олголтынх нь мөнгө дансанд нь ороогүй хүмүүс бүртгэлийн мэдээллээ шалгаад үзэхэд гэмгүй.

Цаашид НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш улиралд тутамд олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх аж.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж