Монови: Нэг оршин суугчтай АНУ-ын хот

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Монови: Нэг оршин суугчтай АНУ-ын хот

Монови: Нэг оршин суугчтай АНУ-ын хот

АНУ-ын Небраска мужийн Монови хот бол ганцхан оршин суугчтай цорын ганц хот юм.

84 настай Элси Эйлер бол энэхүү хотод татвар төлдөг ганц оршин суугч төдийгүй хотын дарга нь ажээ.

Эйлерийн Монови нэртэй дэн буудал ажиллуулж, хотод зочилсон хүмүүсийг хүйтэн шар айргаар дайлдаг гэнэ.  Дэн буудлын үүдэнд “Дэлхийд алдартай Монови дэн буудалд тавтай морил. Хотын хамгийн хүйтэн шар айраг энд бий” гэсэн бичигтэй хаяг өлгөөстэй байдаг ажээ.

2004 онд нөхрөө нас барахад Эйлер хотыг орхиж явахыг хүссэнгүй.  Нөхөр нь нас барахдаа дэн буудал төдийгүй бүхэл бүтэн хотыг түүнд үлдээсэн байжээ. Эйлер бол энэ жижиг хотын дарга төдийгүй татварын байцаагч, санхүүч, номын санч, бартендер нь ажээ.

Жил болгон тэрбээр дэн буудлынхаа үүдэнд хотын даргын сонгуулийн сурталчилгааг нааж, саналын хуудсан дээрх өөрийнхөө нэрийг дугуйлдаг. Мөн дэн буудлынхаа орлогоос жилийн татварт 500 ам.доллар цуглуулан хотод ердөө гуравхан байдаг гудамжны гэрлийг сольж, усны тоолуурын төлбөрийг төлдөг.

Эйлер “Жил болгон би дэн буудалдаа ликор, тамхи зарах зөвшөөрөл хүсэхэд тэд хотын даргын нарийн бичгийн дарга руу  илгээдэг. Надад гэсэн үг л дээ.  Нарийн бичгийн хувиар согтууруулах ундаа, тамхи худалдах зөвшөөрлийг би хүлээж аваад хотын даргын хувиар гарын үсэг зурж, дэн буудлын эзний хувиар зөвшөөрлийг хүлээж авдаг” хэмээн ярьсан байна.  

Эйлер хотын хүн амын тоог хоёр дахин нэмэх хэн нэгэн ирж магадгүй хэмээн эзэнгүй, орхигдсон байшингуудыг байнга эргэдэг ажээ.

Эйлер “Би энд жаргалтай байдаг.  Энэ хотод өссөн болохоор энэ бүхэнд дасчихсан.  Хөгширсөн хойноо энэ бүхнийг өөрчлөх амаргүй шүү дээ” хэмээн ярьжээ.

Монови хотын хөгжил, хөөртэй жилүүд

1930-аад оны үед Монови  Элхорн төмөр замын хөл хөдөлгөөн ихтэй өртөөнүүдийн нэг байв. Тэр үед хот 150 орчим оршин суугчтай, хүнсний дэлгүүр, ресторан, бүр шоронтой байжээ.

Эйлер хотоос холгүй оршдог нэгэн ферм дээр бага насаа өнгөрүүлсэн бөгөөд сургуульд  нөхөртэйгээ танилцсан аж.  Тэд сургуулиа төгсөх хүртлээ сургуулийн автобусаар хамт явдаг байжээ. Эйлерийн нөхөр Рүди Солонгосын дайны үеэр АНУ-ын нисэх хүчинд алба хаасан байна. Рүдиг цэргээс халагдаж ирэхэд Эйлер дөнгөж 19 настай, цэл залуухан байжээ.  Тэд удалгүй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон юм.

Тэд 1971 оноос Эйлерийн аавын эзэмшиж байсан дэн буудлыг эрхлэх болсон байна.

Их нүүдэл

Рүди, Эйлер хоёрыг дэн буудлаа ажиллуулж эхлэх үед  АНУ-ын алслагдсан мужуудад эдийн засаг доройтож, фермийн  аж ахуй ашиггүй болсон учир Монови хотын оршин суугчид ч мөн том хотыг зорих болсон юм.

Моновийн хуучин сүмд хамгийн сүүлд 1960 онд оршуулах ёслол болсон нь Эйлерийн эцгийнх байв. Үүнээс хойш 1967-1970 хооронд Монови хотын шуудангийн газар болон хүнсний дэлгүүрүүд хаалгаа барьжээ. Сүүлд 1974 онд сургууль нь хаагдсанаар Моновид хүн бараг үлдсэнгүй. Рүди, Эйлерийн хүүхдүүд 1980-аад онд ажил хайхаар том хот руу явахад хотод ердөө 18 хүн үлдсэн юм. Үүнээс хойш 20 жил өнгөрөхөд Моновид Рүди, Эйлер хоёр хотод үлдсэн сүүлчийн хүмүүс болсон юм.

Одоо АНУ-ын Небраска мужийн Боид дүүрэгт 10 хүрэхгүй оршин суугчтай гурван хот байгаагийн нэг нь Монови юм.

Ганцаардалгүй хот

Эйлер хэдий цор ганцаараа амьдардаг боловч ганцаардал гэдгийг мэддэггүй нэгэн.

Тэрбээр даваа (Эйлер энэ өдөр амардаг) гаригаас бусад өдөр дэн буудлаа нээхээр өглөө эртлэн гэрээсээ гардаг. Монови хотоос 30-50 км-ийн зайтай Линкольн, Омахад амьдардаг хүмүүс Эйлерийг хэрхэн аж төрж байгааг харахаар хааяа түүний дэн буудалд зочилдог ажээ.

Эйлерийн байнгын зочид түүний хувьд гэр бүл шиг нь санагддаг. Тэр зочдыг ирэхэд халуун кофе эсвэл хүйтэн шар айргаар дайлж, сонин дээрх үгийн сүлжээг хамт бөглөдөг. Монови дэн буудалд  Эйлерийн үйлчлүүлэгчдийн хүүхдүүд, ач зээ, гуч нар ирж үйлчлүүлэх тохиолдол ч бий гэнэ.

“Бүр жаахан байхдаа аав ээжтэйгээ ирж байсан хүүхдүүд одоо өөрсдийн хүүхдүүдээ танилцуулахаар манайд ирдэг. Сэтгэл хөдөлмөөр биш гэж үү?” хэмээн Эйлер ярих дуртай.

““Хүмүүс намайг уйдаж, ганцаардаж байна уу?” гэж их асуудаг.  Тэгэхэд нь би “Хүмүүс ирж, буцаж л байдаг. Чи бид хоёр одоо ярилцаад сууж байна шүү дээ” гэж би хэлдэг юм”

Рүдигийн номын сан

Моновид Эйлерийн дэн буудлаас гадна хүмүүс байнга очдог газар бол Эйлерийн гэрээс хэдхэн алхмын зайд байдаг Рүдигийн номын сан ажээ.

Эйлерийн нөхөр номын хорхойтон байжээ. Рүди 2004 онд нас барахынхаа өмнө эхнэртээ хувийн номын цуглуулгаараа олон нийтэд зориулсан номын сан байгуулахыг захижээ. Харамсалтай нь Рүди номын сан байгуулахыг харж чадаагүй юм. Рүдийг нас барсны дараа хүүхдүүд болон ач зээ нар нь хамтран түүний 5000 гаруй хувийн номын цуглуулгаар нь номын сан байгуулж өгчээ.

Рүдигийн номын санд Гётегийн зохиолоос авахуулаад 1950-аад оны Үндэсний газар зүйн нийгэмлэгийн цувралууд бий. Ном уншихыг хүссэн хэн бүхэнд Рүдигийн номын сан нээлттэй бөгөөд түлхүүр нь Эйлерийн дэн буудалд өлгөөтэй байдаг ажээ.

Монови нэг оршин суугчтай АНУ-ын цорын ганц хот болсон цагаас хойш олны анхаарлыг татах болсон юм.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Эйлер дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдын гарын үсэгтэй зочдын дөрвөн дэвтэртэй болсон байна.

“Хүмүүс энэ бөглүү жижигхэн газарт ингэж анхаарал хандуулж байгаа нь сайхан санагдаж байна” хэмээн Эйлер ярьжээ.

Эйлер одоо таван ач зээ, хоёр гучтай болжээ.  Түүний хүүхдүүдийн зарим нь Небраска мужийн Понкад зарим нь Аризона бас Нидерландад амьдардаг байна.

“Би хүүхдүүдтэйгээ ойрхон амьдарч болох байсан ч шинэ найз нөхөдтэй болно гэдэг хөгшин хүнд хэцүү гэдгийг ойлгосон. Би энэ насаараа амьдарч байна. Энэ л миний амьдрах газар” хэмээн ярьжээ.

Дэн буудал онгойсноос хойш 12 цаг өнгөрөхөд ирсэн зочид буцаж, Монови ганц л хүн торойж хоцорно. 

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж