Улаан асрын зүүд (41-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (41-р бүлэг)

Улаан асрын зүүд (41-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч ЦаоШюэчиньийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гаднатуйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. ЦаоШюэчинийөвөө нь Манж Чин улсын КанСиДи буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цаоовогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандааЦаоШюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэжөнгөрүүлжээ. Өтлөх насандаа ЦаоШюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэгбичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг.ЦаоШюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн ЦаоШюэчинийзохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАОШЮЭЧИНЬ ГАО Э

Дөчин нэгдүгээр бүлэг

ЖЯБАО ЮЙ, ЛҮН ЦҮЙ АНЬ ДОР ЦАЙ АМТАЛЖ,ЛЮЛАОЛАО, И ХУН ЮАНЬД ХӨЛЧҮҮРХЭН ХЭВТЭВ

Өгүүлэх нь: ЛюЛаолао хоёр гараараа дохиж зангасаар “Цэцэг нь зулгараад нэгэн бүдүүн лянхуа үлдчихжээ” гэсэнд бүгдээр нижигнэтэл хөхрөлдөв. Тийнхүү нэг хундага уугаад “Би одоо үнэн үгээ нуулгүй хэлье. Хөгшин миний хөл гар тамиргүйн дээр бас архи уусан тул энэ шаазан хундагыг алдаж хагалжээ. Модон хундага байвал над өгч үз. Би алдаж газар унагалаа ч хагарахгүй шүү дээ” гэсэнд бас л хөхрөлдөв. ФөнЖе инээж:

-Модон хундага авчир гэвэл би авчиръя. Гэвч бид урьдаар хэлэлцэн тогтоё. Тэр модон хундага гэгч шаазан хундагатай адилгүй. Цөм угсраа тул эрхбиш нэг угсраа хундага уух хэрэгтэй болно гэж хэлэв. ЛюЛаолао дотроо, би зүгээр л алиалж хэлсэн байхад эд нар итгэчихэж. Тэгээд модон хундага бий гэнэ. Би баяд ноёдын найр хуримд сууж, алтан мөнгөн хундага үзсэнээс биш модон хундага харсангүй. Эд нар ер нь хүүхдийн модон аягыг хундага гэж намайг хуурч илүү их уулгах санаатай байгаа байх. Энэ дарс бас балт ус мэт сул юм чинь, илүү хэдэн хундага уусан ч яадаг юм гэж бодоод: “Авчирсаны чинь дараа тохиролцъё” гэв. ФөнЖетэр даруй Пин Эрийг дуудаад:

-Манай дотор өрөөний бичгийн тавиур дээр, хулсны үндсээр хийсэн угсраа арван хундага байгаа, аваад ир гэсэнд цаадах нь явах гэтэл Юань Ян:

-Чиний тэр хундаганууд чинь жаахан. Модон хундага гэж захиж байхад хулсан хундага авчирна гэж юү гэсэн үг вэ. Харин манайд шар улиасны үндсээр ухаж хийсэн угсраа хундагануудыг авчирч арав уулгая гэсэнд ФөнЖэ: “Зүйтэй” гэв. Төдөлгүй Юань Янгийн захисан хундагыг аваад ирэв. Эмгэн түүнийг хараад айх ч шиг, баярлах ч шиг болов. Айх нь бол дараагаар арван хундага ууж чадахгүй. Их нь бяцхан түмпэнгийн хэрий, бага нь өөрийн нь гарт байгаа хундаганаас том байв. Баярлах нь гэвэл, уул ус, өвс ургамал, хүн амьтан тэргүүтнийг их уран нарийн сийлсний дээр, бас таталган бичиг, тамга тэмдэг зэргийг урласан харагджээ. Тэгээд “Тэр жижгийг нь авчирвал болно” гэв. ФөнЖе инээж:

-Энэ хундагаар ууж чадах хүн ер үгүй тул хэрэглэхгүй байсан юм. Одоо ЛюЛаолао авчир гээд, нэгэнт авчирсан учир эрхгүй дэс дараалан нэгмөсөн уувал зохино гэв. ЛюЛаолао:

-Энэ яаж болох вэ. Найнай та энэ удаа намайг хэлтрүүлж хайрла гэсэнд Жя Мү, Ван Фүрэнь, ШюэИма нар түүнийг настай хүн болохоор хэтэрхий их ууж чадахгүй гэж өмгөөлөн:

-Ярилцаж хөхрөлдөх ч яамай. Хамаагүй их уулгаж болохгүй. Ганцхан, тэр эхний нэг туушааг уулгаж болох юм гэцгээв. ЛюЛаолао: “Бурхан минь, би зүгээр л энэ жижиг хундагаараа ууя. Тэр их тушааг түр хойш тавиад харин хариад ууж болох юм” гэсэнд цаадуул нь бас л хөхрөлдөв. Юань Ян, мөнөөх их тушаанд архи хийгээд хоёр гараар өргөж ЛюЛаод барив. Тэрбээр гардан аваад ууж эхэлсэнд Жя Мү, ШюэИма нар: “Тайван уу. Яарч байж буцаагаад гаргачихав” гэж тайвшруулав. Эмгэн ууж л байна. ШюэИма:

-Ногоо ойртуул. Ногоо үмхэг гэсэнд ФөнЖэ:

-Та ямар ногоонд дуртай вэ гэж асуув. Эмгэн:

-Би наадуулын чинь нэрийг сайн мэдэхгүй юмаа. Цөмөөрөө л сайхан юм билээ гэсэнд Жя Мү:

-Хатсан загаст хясаанаас үмхүүл гэв. ФөнЖехэсгийг хавчиж өгөөд:

-Та нар дандаа л иддэг биз дээ. Бидний амталж базаасан ямар байна даа, амт нь… гэсэнд цаадах нь инээж:

-За битгий намайг хуураад бай. Хясаа ийм амтттай байдаг бол бид хясаа тарьж амьдрахгүй юү. Бас тариа тарихын хэрэг юүн гэсэн цөм хөхрөлдөөд: “Бид юунд ЛюЛаог хуурах вэ, үнэхээр мөн шүү” гэцгээнэ. ЛюЛаолао цочисхийн гайхаж:

-Нээрэн мөн үү. Би мэдэхгүй л идээд байжээ. Алив найнай дахиад нэг үмхүүлээтэх. Сайн зажилж амталж үзье гэсэнд ФөнЖе аманд нь хийв. ФөнЖэ:

-Хоол хийхэд хэцүү биш шүү дээ. Шинэ хясааны хальсыг аваад дөрвөлжин хэрчээд тахианы тоосоор хуураад, мөөг, тахианы мах, шинэ хулсны соёо, таван халууны хатаамлаас хийгээд, жимсээ дөрвөлжлөн хэрчээд тахианы шөлөнд чанаж шаргаагаад гүнжидийн тостой хольж бажмагийн шүүстэй хутгаад шаазанд хийж таглана. Идэхдээ хуурсан тахианы махтай холивол ийм л амттай болдог юмаа гэсэнд ЛюЛаолао толгой сэгсэрч хэлээ гаргаад: “Бурхан минь” гэснээ: – өчнөөн тахиа орох нь. Амтттай бололгүй яахав гээд өнөөх туушаатай архиа аажуухан уугаад, туушаагаа үзэж магтав. ФөнЖесэтгэл ханахгүй байвал дахиад нэг туушаа уугаарай гэсэнд эмгэн:

-Яаж болох вэ. Дахиад уувал согтоод үхнэ. Би энэ туушааны уран гоё угалз хээг л харж байна гэв. Юань Ян:

-Архиа нэгэнт уулаа. Та энэ хундагыг ямар модоор хийснийг мэдэх үү гэсэнд ЛюЛаолао

-Охин минь, танихгүй нь зөв. Та нар цөмөөр энэ алган ордон, хашийн өргөөнд суудаг болохоор яаж мод мэдэх вэ. Харин бид бол ямагт ой модтой нөхөрлөж, унтахдаа хүртэл мод дэрлэж, амрахдаа түүнийг түшин, гачиг жил түүнээ идэх ч бий. Өдөр болгон амаар дурдан байх тул яс чанар, сайн мууг нь яагаад мэдэхгүй байхав даа. Алив би таниадахъя гэсээр эргүүлэн тойруулж үзээд, танай мэтийн айл яалаа гэж хямд мууг хэрэглэх вэ дээ. Амархан олдохоор юмыг ч тоож авахгүй шүү дээ. Ийм хүндийг нь үзвэл улиас биш шар нарс л бололтой гэв. Хүмүүс түрхийтэл хөхрөлдөв. Тэгтэл нэг эмгэн ирж Жя Мүд: “Хөгжмийн охид тэнд хүлээж байна. Одоо эхлэх үү эсвэл хүлээзнэх үү гэж байна” гэсэнд “Ээ би мартчихаж. Тэднийг хөгжмөө тогло гэж хэл” гэв. Эмгэнийг явснаас хойш төдий л удалгүй уянгат бишгүүр, эгшигт биларын уран нэмүүн аялгуу усан дээгүүр, ойн дундуур, урьхан хонгор салхинд хөвж нисэн ирэхүйеэ үнэхээр өвчүү цээжийг уужруулан өрц зүрхийг уяруулна. Бао Юй архины хундага шүүрч ганцхан хөнтрөөд, дахин уухыг завдсанаа Ван Фүрэний халаалгасан дарс иртэл хундагаа тосов. Дараа нь ШюэИма, Ли Шэнь цөм дарс хундагалуулсанд Жя Мү:

-Бүгдээр дарс ууцгаа. Өнөөдөр үнэхээр сайхан байна гэсээр хундагаа өргөн ШюэИмад найр тавин Дай Юй, ШянЮнь, БаоЧай нарт, танай эгч дүү хоёр мөн нэг, нэг хундага ууж болно. Линь охин дүү чинь, дэмий ууж чадахгүй боловч яахав, ээлж өнгөрөөг гээд нэг хундага татав. Цаадуул нь хэлсэн ёсоор нь ууцгаав.

Энэ хэр, ЛюЛаолао архинд халаад хажуугаар сайхан хөгжим сонсоод баярлахдаа учир алдан ааш гаргахад Бао Юй ухасхийн босож Дай Юйд: “Чи ЛюЛаолаогийн царайг хар даа” гэж шивнэв. Дай Юй инээж эрт цагт “Богдын хөгжим нэгэнт дуурсвал буман адгуус даган бүжиглэнэ” гэж байдаг. Одоо бол ганцхан үхэр л байх шив дээ” гэсэнд дуулсан хүмүүс хөхрөлдөв. Хөдөөний эмгэнийг жаал аяглаж байгаад намдсанд ШюэИма инээн: “Бүгдээрээ л халцгаажээ. Гарч жаахан сэрүүцээд орж ирвэл яана даа” гэв. Жя Мү, ЛюЛаолаог дагуулан гарч сэтгэл сэргээе гээд хоёул явсаар уулын бэлийн модон дунд очиж тэрүүгээр явж, мод чулуу сонирхож, өвс ургамлыг нэрлэн заав. ЛюЛаолао нэг бүрчлэн хэлж тогтоож авна. Тэгээд Жя Мүд:

-Хотын хүн, энэ бүхнийг эрхэм гэж мэдсэн байхад болжмор шувууд нь эрхэм гэж санадаггүй юм байх даа. Хөдөөний энэ шувууд энд ирээд өнгө зүс нь хувирсан төдийгүй бас хүний үг хэл ч төсөөлөх болсон байхаа янз нь… гэсэнд, Жя Мү: “Ямар шувууны өнгө зүс өөр болоод, үг хэлтэй болчихож вэ” гэж асуув. ЛюЛаолао “Тэр хонгил дээрх алтан торонд байгаа ногоон үстэй, улаан хошуутай шувууг би танина. Тэр бол тоть. Тэр чингэлэг дотор байгаа хон хэрээнд бас цацаг ургаад, бас үг хэлж чадах болсон шиг байна1 гэсэнд бас л хөхрөлдөв.

Гэнэт хэдэн шивэгчин ирээд: “Боорцог зооглоно уу” гэж урьсанд Жя Мү: “Дарс нилээд уусан тул өлсөөгүй байна. Гэвч аваад ир. Эд нар тааваараа идэцгээг” гэв. Шивэгчид хоёр ширээ дамнаж ирээд хоёр багвар тавив. Тагийг авч үзвэл, хэд хэдэн янзын юм багварт байв. Бас лянхуан цардуул, гавирын цэцгээр хийсэн чихэртэй боорцог, галууны төстэй самрын гурилан ороомог зэрэг жигнэсэн идээ байв. Нэг багварт нь, тосонд хайрсан жижиг баншнууд харагдана. Жя Мү: “Ямар банш вэ” гэсэнд нэг эмгэн: “Наймалжийн банш” гэв. Тэгтэл Жя Мү: “Ийм үед тийм хурц хоолыг хэн идэх юм бэ” гэснээ, шар тосонд чанасан жоохон боорцог хараад хорхой нь хүрсэн янзтай, алив Има: “Энэ боорцогноос аваач” гэв. Цаадах нь хэдэн боорцог авангуут Жя Мү нэг боорцог авч амсах төдий болов. ЛюЛаолао, янз бүрийн хэлбэрээр хийсэн боов боорцгийг хараад, мандарваа хэлбэртэй нэгийг сонгож аваад:

-Манай хөдөө газрын хамгийн уран хүүхэн, цаасаар хайчилсан ч ийм хөөрхөн хэлбэртэй болгож чадахгүй. Би идмээр байвч идэж чадахгүй байна. Харин үүнээс чинь хэдийг боож аваачаад тэдэнд сонирхуулбал зүгээр юм уу даа” гэсэнд Жя Мү: “Би чамайг харихад чинь нэг ваар боорцог өгье. Харин одоо бол халуун дээр нь ид” гэж зөвлөв. Хүүхнүүд дуртай зүйлээс авч амандаа хийцгээв. Харин ЛюЛаолао л хийсэн, хайрсныг нь магтаад л Бан эрийнхээ хамт идсээр байгаад нилээн дундруулав. ФөнЖе үлдсэнийг нь саванд хийлгээд ВэньГуаньд аваачиж өг гэж шивэгчинд хэлэв. Энэ үед ФөнЖэгийн охин ДаЖэг тэврэн орж ирсэнд бүгд өхөөрдөн наадав. Охин жүрж барьж байснаа хаяад Бан Эрийн тоглоомыг хараад түүнийг авна гэж орилсонд, жүржийг нь авч хөдөөгийн хүүхдэд өгч солио хийж дуу шууг намдаав. Тоглоомноосоо уйдсан хөдөөний хүүд, сайхан үнэртэй, амтлаг бөөрөнхий жимс сонин байх нь мэдээж.

Тэд тэндээсээ яваад ЛунЦүйаньд очсонд Мяо Юй угтаж авав. Хүрээлэнгийн цэцэг ногоо цэцэглэн дэлгэрсэнийг сонирхож эхэлсэнд Жя Мүгийн сэтгэл хөөрч: “Үнэхээр таны бясалгал хийгчид чөлөө заваараа үргэлж засан оролдох тул бусад газраас давуу сайхан болжээ” гэсээр зүүн этгээдийн Тяныдуганад очиход тэднийг дотогш орохыг урив. Жя Мү

-Бид бүгдээрээ архи, мах хэрэглэсэн тул бодьсадвагийн тэнд очвол алдас болно. Зүгээр л эндээ жаахан сууя. Чи сайн цайгаа авчир. Нэг аяга ууя гэж Мяо Юйд хэлэв. Бао Юй, Мяо Юйг ажиглаж байвал нэг хайтан цэцгийн хэлбэртэй, луугийн хуартай алт шигтгэсэн шарын сийлмэл2 пял таваг дээр Тан Хуа газрын3 таван өнгийн будагтай тагтай бяцхан цөгц тавьж Жя Мүд барив. Тэгтэл Жя Мү: “Би Лю Ань цай уудаггүй” гэв. Мяо Юй инээгээд: “Би мэдэлгүй яахав. Энэ чинь “Дилавын хөмсөг”4 гэдэг цай юмаа” гэж хариулав. Жя Мү:

-Ямар усаар буцалгасан бэ гэхэд цаадах нь:

-Ноднингийн цуглуулж хураасан хурын усаар хийсээн гэв. Жя Мү цайг жаахан ууснаа, ЛюЛаолаод өгөөд, алив чи үүнийг нэг ууж үз дээ гэв. Эмгэн тэр дор нь хөнтрөөд:

-Сайн нь сайн цай юмаа. Даанч шингэдэж. Одоо баахан эхүүн болсон өвс нэн сайн шүү гэв. Жя Мү нар хөхрөлдөв. Энэ зуур энгийн шаазан аяганд цай хийж бүгдэд барив. Мяо Юй, БаоЧай, Дай Юй хоёрыг дагуулан гараад, хажуугийн жижиг байшинд оруулж сүлжмэл зэгсэн олбог дээр суулгав. Тэгээд өөрийн гараар хийсэн цайгаар цайлав. Бао Юй сэмхэн орж ирээд: “Та нарыг энд аминыхаа цай ууж байгааг мэдсэн юмаа” гээд инээв. Бао, Дай хоёр зэрэг инээд алдаж: “Чи бас биднийг дагаж амины цай завшихаар ирэв үү. Чиний хувь байхгүй” гэв. Мяо Юй шаазан авахаар эргэтэл, нэг эмгэн гол байранд хэрэглэсэн аяга тавгийг хураасаар орж ирсэнд: “Тэр Тан Хуагийн шаазанг битгий хураа. Ил тавь” гэсэнд Бао Юй, хөдөөний хөгшний ам хүрч бузартсан гэж сэжиглэж байна даа гэж бодов. Саяын авчирсан цөгцний нэг нь хажуудаа сэнжтэй, дээр нь “Хул хэмхлэг хундага”5 гэсэн гурван үг сийлээстэй, бас “Ван Кайн хайрт сав” гэсэн жижигхэн үгс харагдаж байлаа. Бас “Сүн улсын Юань Фөнгийн тавдугаар оны дөрвөн сард Мэй шан уулын СүШы бээр эчнээ хүрээлэнд үзэв” гэсэн үгнүүд харагдав. Тэр аяганд цай хийгээд БаоЧайд барив. Нөгөө нэг нь бадар аяганы хэлбэртэй бөгөөд жижигхэн. Дээр нь “Толбот хирсийн цөгц”6 гэх мурилзан үргэлжилсэн гурван үг сийлжээ. Түүнд цай хийгээд Дай Юйд өгөөд, өөрөө байнга хэрэглэдэг ногоон хаш аягандаа цай хийгээд Бао Юйд барив. Тэрбээр инээж:

-“Аяганы алаг муухай” гэж үг бий шүү. Энэ хоёрт, эртний гайхалт аяга хэрэглээд, надад ийм аль эртийн өтөл саванд хийж өгч байна уу гэсэнд Мяо Юй:

-Наадах чинь өтөл сав гэж үү. Дэмий хэлэх нь биш, танай гэрээс энэ мэтсийн өтөл савыг олоход хэцүү шүү гэв. Бао Юй инээж:

-Хуучны үгэнд, “Хаа хүрвэл тэр газрын дуу дуулна” гэдэг шиг чиний энд ирвэл даруй алт, сувд, хашийг даруй өтөл эд болгох юм байна гэсэнд цаадах нь ихэд баярлан, ес муруйж, арав цагирагласан зуун хорин үетэй зулзаган лууг хулсны үндэс дээр бүхлээр нь сийлсэн туушаа айрагны хул гаргаж ирээд:

-Энэ ганцхан байгаа юм. Чи үүгээр нэг ууж барах уу гэж асуув. Бао Юй баярлан хөөрч “Ууж чадахгүй яах юм” гэсэнд Мяо Юй:

-Чи хэдий ууж баравч, чамаар үгүй хийлгэх их цай надад алга. “Нэг аягыг амталж, хоёр аягад умд харьж гуравдах аягаар илжиг усална” гэдэг үг байдгийг дуулаагүй юү. Чи энэ туушаагаар уувал юу болохыг бодов уу гэсэнд, БаоЧай, Дай Юй, Бао Юй нар дэмий хөхрөлдөцгөөв. Мяо Юй, тэр туушаа хуланд, нэг хундага хэрийн цай хийгээд Бао Юйд өгсөнд тэрбээр амсаж үзээд, үнэр амтыг нь гайхав. Мяо Юй төв царайлж:

-Чи энэ цайг, мань хоёр авхайн ачаар олж уулаа шүү. Ганцаар ирсэн бол би чамд өгөхгүй шүү дээ гэсэнд Бао Юй:

-Би мэдэлгүй яахав. Тэгэхээр энэ цай уусны хариу талархлыг чамд биш, энэ хоёрт хүргэвэл болох юм шив дээ гэсэнд цаадах нь:

-Чи харин нэг ухаантай үг хэллээ дээ гээд инээв. Бао Юй:

-Энэ мөн л ноднингийн хураар хийсэн биз гэсэнд:

-Чам шиг ийм хүн, усны амтыг яаж мэдэх вэ.Энэ бол би таван жилийн өмнө Шюань Мү газрын ПаньХянсы хийдэд байхдаа, тэргүүлэгч цэцгийн дээр хуралдсан цасан бамбарыг хамж аваад газарт булж хадгалсаар энэ зун гаргаж авсан юм. Би ганцхан удаа уусан бөгөөд сая хоёрдохоо уулаа. Чи яагаад амталж мэдэхгүй байна вэ. Ганц жил өнжсөн хурын ус яаж энэ мэт ариун сайхан амттай байж чадах вэ. Яаж ууж болно гэв. БаоЧай, түүний төрөлхийн этгээд зантайг мэдэх учир дэмий олон юм ярилцалгүй цайгаа ууж дуусмагц Дай Юйг дагуулан гарав. Бао Юй Мяо Юйг харан инээж:

-Тэр аяга хэдий бузартсан боловч хаялтай нь биш, тэр уусан ядуу эмгэнд нь өгөөд явуулчихвал ямар вэ, юү гэж бодож байна вэ гэсэнд Мяо Юй бодолхийлснээ, толгой дохиж,

-Ямар золоор би тэр аяганд уусангүй вэ, нэгэнт уучихсан бол хагалж хаяад ч нэмэргүй ядаж түүнд өгөх юмгүй болох байж дээ. Чи түүнд өгмөөр байгаа бол түргэн аваачиж өг гэв. Мяо Юй нөгөө аягыг авчруулаад Бао Юйд өгсөнд цаадах нь:

-Бид хариад хэдэн зарц явуулж, голоос хэдэн сав ус авчруулаад, шалыг чинь угаавал болох уу гэж асуусанд Мяо Юй инээж:

-Ингэвэл тун сайн. Авчирсан усаа уулын хаалганы гадаах хэрмийн ёроолд тавиарай. Битгий хүрээнд оруулж ир гэж тэдэнд захигтун гэв. Бао Юй: “Тэгэлгүй яахав” гээд гарч Жя Мү-гийн бяцхан шивэгчинд ханцуйлж явсан аягыг гаргаж өгөөд “Маргааш ЛюЛаолаог явахад нь өгөөрэй” гэж захиж байтал Жя Мү нар явахаар гарч ирэв. Мяо Юй ч тэднийг үдэх гэж хөл болсонгүй, үүдэнд хүргээд эргэж ирж хаалгаа даруулсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Жя Мү баахан алжаасан тул Ван Фүрэнь болон Ин Чүнь эгч дүү нарыг ШюэИмад хань болж найрт суутугай гэж илгээгээд өөрөө амрах болов. ФөнЖетэвдэн хулсан исэр авчруулж Жя Мүг суулгаад хоёр эмгэнээр дамнуулж, Ли Шэнь болон шивэгчин охидыг дагуулан явуулав. ШюэИма ч төдөлгүй явахаар болж, Ван Фүрэнь үлдэж ВэньГуань нараар багвартай боов боорцгийг зарц шивэгчдэд түгээлгэв. Тэгээд Жя Мүгийн амарч байсан орон дээр хажуулж, түр амрая гээд хөшиг буулгуулж нэг бяцхан охиноор хөлөө бариулж “Лаотайтайгийн тэнд ажил гарвал намайг сэрээгээрэй” гэв. Бао Юй, ШянЮнь хоёр бяцхан шивэгчид багвартай боов боорцогийг хэрхэн зэдэлж байгааг харж байв. Тэд багвартай идэх юмаа чулуун дээр тавьчихсан зарим нь хадан дээр сандайлж, нэг хэсэг нь зүлэг дээр сууж, нөгөө нэг нь мод түшиж, бас нэг хэд нь голын хөвөөнд зогсоод их л хөгжөөнтэй байв. Юань Ян, ЛюЛаолаог дагуулан зугаалах гэж ирсэнд тэд дагаж инээдэм наргиан болгоно. Тэд төдөлгүй, хатны төрхөмчилж ирсэн тусгай хүрээлэнгийн үүдний илэрхийллийн тэнд очиж, сонирхсонд ЛюЛаолао “Эвий хөөрхий, энд бас нэг хийд байна” гэж дуун алдаад сөхрөн мөргөв. Хүмүүс хөхрөлдсөнд эмгэн,

-Инээх юү байна. Тэр илэрхийллийн үсгийг би танина шүү. Манай тэнд ийм сүм хийд олон байдаг. Цөм ийм илэрхийлэлтэй. Тэр нь сүмийн нэр байдаг юм гэсэнд бас л хөхрөлдөв. Тэгээд мэдэмгий эмгэнээс “Та гуай. Энд ямар сүм байдгийг мэдэх үү” гэж асуув. ЛюЛаолао, илэрхийллийг заагаад:

-Энэ чинь, “Хан хурмастын сүм” бишүү гэсэнд бас л доог тохуу хийн, хөхрөлдөв. Энэ зуур эмгэн: “Гэдэс дуугарах нь юу вэ” гээд, алив цаас гэж хэлэн, шивэгчнээс цаас аваад тэлээгээ тайлах гэтэл сандарцгаан: “Энд яаж болох вэ” гээд хөтлөн, очих газарт нь хүргэв. Эмгэн, их идэж уусандаа бие нь хямарч сандарсан бололтой жорлонд ихэд удсаны дараа баяртай гарч ирвэл гэнэт салхи авсан архи нь сагаж, толгой нь дүйрэв. Дөрвөн зүгийг ажиглавал, уул хад, ой шугуй, асар тагт, байшин хашаа харагдаж, хаанаас ирсэн, хаагуур буцахаа мэдэхээ больжээ. Бодож байгаад нэг чулуун замыг дагаад гэлдэрч явсаар нэг бяцхан байшингийн үүдэнд очоод хаалгыг нь олохгүй мунгинаж байтал нэг хулсан хашаа харагдав. Эмгэн дотроо, энд буурцгийн сүр байдаг юмаа гэсэн шиг бодсоор урагш явж нэг дугариг үүдээр орж үзвэл, хөвөөг нь чулуугаар хашсан долоо найман тохой хэрийн өргөн нуур цэнхэрлэн туналзаж, хөвөөнд нь хэсэг цагаан чулуу харагдана. ЛюЛаолао, чулуун дээгүүр алхан гараад зам даган явж байтал бас нэг үүд харагдав. Шууд яваад ортол нэг бяцхан охин инээсээр угтан ирсэнд эмгэн баярлаж: “Авхай нар намайг орхиод явсан тул би мөргөлж тэмтэрсээр яваад энд ирлээ” гэсэнд охин хариу дуугарсангүй. Тэгэхээр нь гараас нь татаад дуугаргачихъя гэж бодоод атгаад авах гэсэн чинь, түс хийж дуугарангуут толгой нь дүүрэхээр сая л юм мөргөснөө мэдэв. Тархиа даран зогсож байхдаа л зураг байгааг ойлгов. Тэрбээр ийн зүдрэх зуураа “Зураг яахаараа ингэж товойж байдаг юм бол гэж бодоод тэмтэрснээ түвийж товойсон юмгүй болохоор нь дэмий л шүүрс алдаад эргэтэл цацмал хуартай ногоон дурдам орхиул өлгөсөн хаалга харагдаж байв. Эмгэн, орхиулыг өргөөд орвол, эргэн тойрон сийлмэл угалзлан, хана туурганд ятга, сэлэм, лонх, шанлу мэтийн чимэглэл өлгөж, магнаг хөшиг, шаа бүрхүүл унжин, шүр сувд гялалзана. Газраар л нэл оюу номин дэвссэн тул нүд нь улам ч бүрэлзэв. Гаръя гэтэл үүд хаалга нь олддоггүй. Зүүнш эргэхээр бичгийн ширээ тулна. Цааш явах гэтэл ташаалавч хөшиг хорино. Оролдож байтал түүний ард нэг үүд харагдана. Тэгтэл өөдөөс нь нэг эмгэн ирж явав. ЛюЛаолао гайхан: “Манай худгай шив дээ” гэж бодоод: “Чи маань хүрээд ирэв үү. Бодвол, намайг харихгүй хэд хоног алга болчихоор чи минь ирж байна уу. Ямар охиныг дагаж энд орж ирэв дээ” гэснээ, толгойгоороо баахан цэцэг хатгасныг нь хараад: “Юун ч шинжгүй аашлах юм бэ дээ. Эндэхийн сайхан цэцгүүдийг хараад л хэмжээ хэргүй юм зүүчихээ юү дээ энэ чинь” гэсэнд өнөөх эмгэн нь дуугарахгүй инээгээд байх юм гэнэ. Мань эмгэн, тоглоод хацрыг нь зөөлхөн алгадаатахъя гэж бодоод гараа сунгатал тэр бас гараараа нүүрээ халхлаад, өөдөөс нь давшлав. ЛюЛаоЛао урьтаад нүүрэнд нь гараа хүргэсэн чинь, хав хатуу, хөв хүйтэн байсанд цочихын ихээр цочив. Гэнэт санаанд нь, баяд ноёд их айлд хүнтэй чацуу толь байдаг гэж сонссон нь зурсхийсэнд “Одоо харин би чинь толинд орчихсон юм бишүү” гэж бодоод гар сунган тэмтэрч үзвэл, үнэхээр нэг том толийг сийлбэртэй модон хүрээнд суулгаж, байшингийн ханыг тэр аяар нь эзлүүлсэн байв. Гэнэт инээд алдаж: “Одоо яаж гарах билээ” гэж бодоод тэмтэрч байтал түрхийх чимээ гарсанд цочин сандарч нүд нь гөлийчихэв. Тайвшираад харж байвал, нээгдэж хаагддаг нууц оньстой эд байжээ. Эмгэн дэмий л тэмтчиж байтал, зайлах оньс нь таарсан юм байлгүй, өнөөх толь хажуу тийш болтол цаана нь хаалга харагдаж байв.

Эмгэн, сонирхон баясаад, хаалгаар гартал их нарийн хийцтэй ор, ширээ, орхиул хөшиг харагдав. Тэрбээр нилээд хөлчүү, бас баахан ядарсан тул ор дээр хэвтэж, жаахан амсхийе гээд суутал, хамаг бие нь сулран, хоёр нүд нь анилдаад ирснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Тэд ЛюЛаолаог хүлээж байтал Бан Эр эмээгээ үгүйлэн сандарч сүүлдээ уйлав. Тэгэхэд нь тэд шоолон хөхрөлдөж: “Жорлонд унасан байхаа. Хурдан очиж үзье” гээд хоёр эмгэнийг явуулсанд “Жорлонд алга” гээд буцаж ирэв. Тэгээд бүгд гайхалдаж байтал ШиРэнь,

-Согтоод төөрсөн байх. Аягүй бол явсаар манай хойт хүрээнд очсон байлгүй. Цэцгийн сүрээр явж хойт үүдэнд очвол, бага охидтой таарна. Тэрүүгээр оролгүй шууд баруун тийш явбал зүгээ алдаж мунгинана. Би очиж үзье гээд гарч явав. И Хун юаньд ороод хүн дуудвал бяцхан охид хүнгүйн далимаар тоглохоор явчихсан ажээ. ШиРэнь байшинд ороод магнаг ташаалавчийг тойрон дотогш ортол хурхирах дуун тэнгэрийнх шиг хүржигнэж байв. Дотогш хэд алхахад архи идээний эвгүй үнэр амьсгаа бүттэл ханхална. Харвал ЛюЛаолао, гараа алдлан хөлөө жийгээд унтаж байв. ШиРэнь хараад айчихав. Гайхан харж байгаад биед нь хүрч татав. Тэгтэл эмгэн цочин сэрээд, орноос гулган мөлхөж:

-Авхай минь ээ, би үхэх ял хийжээ. Харин золоор орыг нь бузарласангүй гээд орыг үнсэхэд нь ШиРэнь, агийг цочоохоос айж, гараар сэжээд үг дуугаруулсангүй. ШиРэнь яаран сандран утлага ариутгал хийж, арчиж цэвэрлэв. Харин бөөлжис, хайлжис болоогүй нь яамай. Тэгээд эмгэнийг тэндээс гарган бага охидын байранд аваачив. Түүнийг суулгаад “Тэдэнд очоод, согтоод уулын чулуун дээр хэвтээд, түр зүүрмэглэжээ л гэж хэлбэл боллоо” гэсэнд цаадах нь за гэж зөвшөөрөв. Түүнд, хэдэн ага цай уулгасанд бие нь овоо сэргэв. ЛюЛаолао бузгай сэргээд:

-Энэ хэнийх гэдэг гэгээнтнийх вэ. Үнэхээр сайхан засчээ. Яг л тэнгэрийн ордонд орсон мэт санагдсаан гэхэд нь ШиРэнь инээмсэглэж:

-Энэ үү, БаоЭрегийн унтлагын өрөө гэсэнд эмгэн айгаад дуугарч чадахаа болив. ТэгсгээдШиРэнь эмгэнийг дагуулж, урд үүдээр гараад, цаадуултайгаа уулзахдаа: “Эмгэнийг зүлгэн дээр унтаж байхад нь сэрээгээд аваад ирлээ” гэсэнд бүгдээр ойшоосонгүй өнгөрөв. Жя Мү сэрээд ДаоХянцүньд оройн хоол идэв. Их ахайтан өнөөдөр ихэд алжаасан тул хоол төдий л идсэнгүй. Хулсан сандалтай бяцхан сүйхэнд сууж гэртээ хариад ФөнЖенарыг харьж хоолоо ид гэж хэлүүлэв. Тэгтэл эгч дүү нар дахиад хүрээлэнд орж ирэв. Юу болсныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй.

 

Тайлбар:

1.Энд ЛюЛаолаог тоть шувууг танихгүй гэж элэглэжээ.

2.Шарын сийлмэл-Цаасан саванд шар будгийг олон давхар түрхэж хатаасан хойно нь хээ хуар сийлж урласан эдийг шарын сийлмэл гэнэ.

3.Тан хуа газар-Мин улсын үед Тан хуа гэдэг газар шатааж боловсруулсан нарийн шаазан эд их ховор, үнэтэй зүйл гэдэг юм.

4.Лю Ань бол Ань Хуй мужийн нэг хошууны нэр. Эндээс нэртэй сайн цай гардаг тул Лю Ань цай гэнэ. “Дилавын хөмсөг” бол цайны нэр. Цайны навч нь уртлаг хөмсөг хэлбэртэй тул ийн нэрлэжээ. Домог яриагаар бол дилавыг хамгийн урт настай гэж хэлэлцдэг тул Мяо Юй энд Жя Мүг нас буян их гэж өргөж бялдуучилж байхаа хамтад илтгэжээ.

5.Хул хэмхлэг хундага-Гуа хэмхийн янзыг дууриаж хийсэн хуучны том хундага. Завсрын үсэг хятад үсгийн бичлэгийн тиг болно. Ван Ки-ШэМазаогийн хүр дүү. Нэртэй их баян хүн. СуШи-хойт Сүн улсын алдарт уран зохиолч, зураач.

6.Толбот хирсийн цөгц-Эртний аяга савны зүйл. Хирс гэж заанаас ялимгүй бага биетэй, хамар дээрээ ганц эвэртэй, үхэрэрхүү том амьтан. Эврээр нь хундага хийж, дээр нь элдэв хээ угалз сийлнэ. Хөндлөн хэрчвэл дундаа цагаан толботой тул толбот хирсийн цөгц гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж