Хөвсгөл далайг аврах 38 сая доллар

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Хөвсгөл далайг аврах 38 сая доллар

Хөвсгөл далайг аврах 38 сая доллар

Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын зээл авах боломжтой боллоо.

УИХ-аас зээлийн ерөнхий хэлэлцээрийг баталснаар энэ эрх нээгдэж байна. Зээлийн жилийн хүү 2 хувь, хугацаа 25 жил, эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Хоёр УИХ, дөрвөн ч Засгийн газрын нүүр үзэн байж, батлагдсан энэхүү  төслөөс 38 сая ам.долларыг Хөвсгөл аймагт зарцуулахаар боллоо.  Зорилго нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх ч Хөвсгөл далайг аврах ганц гарц юм. Энд тоосжилтоос эхлээд хог хаягдал, хөрсний бохирдлыг шийдэх олон асуудал бий.  Хэдийгээр дээрх 38 сая ам.доллар энэ бүх асуудлыг нэг дор шийдэхэд хаанаа ч хүрэлцэхгүй ч олон жилийн зовлон болж ирсэн асуудлыг эхнээс нь хийх ажлын эхлэл болж буйгаараа онцгой ач холбогдолтой.

Аялал жуулчлалыг хөгжүүлсэн улс орнуудын туршлагаас харахад байгаагаа хамгаалж, цааш бүтээдэг. Харин монголчууд эсрэгээрээ, байгаагаа хайхрахгүй хаядаг, сүйтгэдэг. Аюул учраад байна гэдгийг эрдэмтэн судлаачдаасаа эхлээд иргэд анхааруулдаг ч дээд төвшиндөө  үл тоодог.  Зөвхөн тойргийн зовлон болгож, улстөржүүлэх нь бий.

Хөвсгөл далайг аврах цорын ганц найдвар болоод буй 38 сая ам.доллар ч энэ зовлонгоос ангид байж чадсангүй.

Харамсалтай нь, УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд нь хүртэл ТЭЗҮ нь бэлэн болсон энэ төсөлд тээг тавих гэж оролдов. Хамгийн хошин нь ТЭЗҮ нь боловсруулагдаагүй төслийг энэхүү 38 сая доллартай барьцалдуулж, хэрүүл босгосон.  Ичээч, МАН-ынхаан.  

Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад “Зураг төсөлгүй обьектод хөрөнгө оруулалтын зардал суулгалаа” гэж шүүмжилдэг байгаагүй бил үү.

Хөвсгөл далайг хамгаалах асуудал Монгол төрийн бодлого гэдгийг хууль тогтоогчид санаж яв. 

Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг зорилго зорилтыг мөрийн хөтөлбөртөө багтааж, Засгийн газрын хийх ажилд оруулсан л юм бол байгалиа давхар хамгаалах бодлого барьцгаа. 

Тэрний тойрог руу хөрөнгө оруулалт ‘явах нь’ гэдэг тойрог бодсон, дов бодсон аминчхан үзлээсээ салцгаа. Монголын хөгжлийг том зургаар нь хардаг бол.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж