Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, хуулийн төслүүдийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, хуулийн төслүүдийг баталлаа

Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.02.02/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийлээ.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр 17 зорилт, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 6 зорилтыг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр өнөөгийн байдлаар зарим нааштай үр дүнд хүрээд байна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байгаа аж.

Малын тоо 2017 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 66.2 сая болж, өмнөх оноос 7.6 хувиар өсч, малын тоо 5 төрөл бүрт өсчээ.

Мал аж ахуйн салбараас 2016 онд нядалгааны жингээр 400,0 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, 14,0 сая ширхэг арьс ширийг тус тус үйлдвэрлэсэн байна.

Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 89,3 сая ам.доллар буюу 20,0 орчим хувиар өссөн дүн гарчээ.

Малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг шинээр байгуулж, 65.5 мянган үрийг дотооддоо үйлдвэрлэж, өндөр ашиг шимт малын 10.0 мянган тун үрийг гадаадаас авч 5.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, монгол малын 3 үүлдэр, омгийг шинээр баталгаажуулан, Монгол Улс нийт 47 үүлдэр, омгийн малтай болсон байна.

Бэлчээр, байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд 15 аймаг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн нийт 670 мянган га бэлчээрт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж бэлчээрийн доройтлыг бууруулжээ.

Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвөөс 107, гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 35, орон нутгийн төсвөөс 213 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачлагаар 319 гар худаг, нийт 674 худаг шинээр гаргасан байна.

Шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг, малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бруцеллёзын вакцинжуулалтад 2016 онд 13.3 сая, 2017 онд 22.0 сая толгой малыг хамруулсан байна.

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 83,3 мянган малчин айл өрхийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангаж, ЕБС-д сурч байгаа малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд 3,0 мянга гаруй малчны хүүхдийг хамруулсан байна. 

Мал хамгаалах сангаар дамжуулан 129,9 сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр малчин хүн өөрийн хотноос бэлтгэсэн мал, түүхий эд, бүтээгдэхүүнээ баталгаажуулах, эдийн засгийн аливаа харилцаанд оролцоход өөрийн баталгааны тэмдэгтэй байх боломжийг бүрдүүлжээ. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 652 малчин өрхөд 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.

Малчдыг эрчимжсэн аж ахуй эрхлэхэд зориулан 218 тэрбум төгрөг, малын тэжээлийн хангамжийг сайжруулахад 3,5 тэрбум төгрөг, малчдын бүлгийг дэмжихэд 1,3 тэрбум, малчдын хоршоог дэмжихэд 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн аж.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд малчдыг эрүүл мэндийн даатгалд бусад даатгуулагч нараас ялгамжтай, хөнгөлөлттэй үнээр хамруулж, Хүний хөгжил сангаас 1,2 тэрбум төгрөг зарцуулан төрөөс малчдыг 100 хувь эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан байна.

Ойрын хугацаанд юуны өмнө саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан Малын эрүүл мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог шийдвэрлэхээр ажиллаж байгаа хэмээн Ерөнхий сайд хэллээ.

Мөн байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг авах, хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх, жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоог улам сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд малын индексжүүлсэн даатгалд малчдыг хамруулах асуудал, махны үйлдвэр байгуулах ажил ямар шатанд яваа талаар тодруулсан. Мөн Хөдөө аж ахуйн парк байгуулах, Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-ын Засгийн газрын 78 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр махны дөрвөн үйлдвэрийг байгуулахаар талуудтай ярилцаад байгаа гэлээ. Махны үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг өмнөд хөрш рүү экспортлох асуудлаар мөн Хятадын талтай санал солилцон, дэмжсэн хариу аваад байгаа хэмээсэн.

БНУУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр болж, энэ асуудлаар тус улсаас манай улсад суугаа Элчин сайдтай удаа дараа уулзсан гэж сайд Б.Батзориг мэдээлсэн. Биокомбинатыг өргөтгөн жилдээ 5-10 сая тун шингэн, 15-25 сая тун хуурай вакцин үйлдвэрлэх шугам, лаборатори байгуулахаар төлөвлөн, ажлыг ирэх зургадугаар сараас эхлүүлнэ гэж тэрбээр хэлсэн. Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдсанаас хойш 2016 онд 21 мянган өрх 6 сая малаа, 2017 онд 24.8 мянган өрх 8,9 сая малаа даатгуулжээ. Иргэд малын индексжүүлсэн даатгалын ашиг тусын талаар мэдээлэл авч, үр шимийг нь хүртэж буй болохоор цаашид даатгуулах малын тоо өснө гэсэн мэдээллийг салбарын сайд өгсөн.

Түүнчлэн сайд Б.Батзориг энэ жил эхний ээлжинд Эмээлтийн хөдөө аж ахуйн парк байгуулах ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа хэмээн мэдээлсэн.

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс тус банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, нийтдээ 9 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Тухайлбал, уг зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт 24 сургууль, хүүхдийн 16 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр 2 сургууль, 8 цэцэрлэгийн барилга барьж гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Мөн энэхүү зээлийн санхүүжилтээр хэд хэдэн аймагт нарны, салхины болон нар-салхины хосолсон станц барих, гүний халаалтын систем суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх, төсөв, санхүү, татварын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, нийслэлийн Сэлбэ, Баянхошуунд дэд төвүүд байгуулах замаар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, 5 аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг лабораторийн хамт барих, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн цогц үйлчилгээг төвлөрүүлэх зорилгоор Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Архангай, Дорноговь аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор барих, Улаанбаатар хотод инкубатор төв байгуулах зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх аж. Түүнчлэн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 130 сая ам.долларыг нь улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулийг баталлаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх горимын саналыг дэмжсэн учир хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж