Л.Болд: Цэргийнхний тэтгэмжийг бууруулсан төсөл оруулж ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Л.Болд: Цэргийнхний тэтгэмжийг бууруулсан төсөл оруулж ирлээ

Л.Болд: Цэргийнхний тэтгэмжийг бууруулсан төсөл оруулж ирлээ

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2018.02.02/ хуралдаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж орж ирж буй Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тэтгэвэрт гарахаас өмнө нь тасралтгүй таван жил ажиллах ёстой гэсэн хугацааг долоон жил болгох санал тусгаж байгаа аж. Үүнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Засгийн газраас маш буруу алхам хэрэгжүүлж байна. Олон төрлийн татвар нэмэгдүүлж, түүнийгээ буцаах шийдвэр гаргасан. Тэр дундаа цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжтай холбоотой асуудлыг улс төрийн харалган бодолтойгоор оруулж ирж байна. Цэргийн албан хаагчдын тэтгэвэрт гарахын өмнө тасралтгүй ажиллах хугацааг долоон жил болгох нь буруу. Амьдрал дээр энэ өөрчлөлт цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг бууруулж байна. Гэтэл Засгийн газар болон Батлан хамгаалахын сайд нь бууруулахгүй гэж яриад байх юм. Гэтэл бодоод үзэхээр нэг хүнд 2-3 сая төгрөгөөр тооцогдон, тэтгэвэр, тэтгэмж нь буурч байна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаасаа асуухгүйгээр нийгмийн хамгаалалд нь халдаж болохгүй. МАН нийгмийн олон чиглэлээр ард түмэн рүүгээ дайрч байгаа. Түүндээ заавал цэргийн буюу онцгой салбарыг  багтаах шаардлага байна уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу оруулж ирж байгаа. Цэргийн албан хаагчдын тэтгэвэрт гарахын өмнө тасралтгүй ажиллах хугацааг үе шаттайгаар нэмэгдүүлснээр тэдний авах тэтгэвэр, тэтгэмж буурахгүй. Бид бууруулахгүй байх арга хэмжээг авч, хуулиа боловсруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар буюу долоон жилээр тооцох аргачлал бүхий төсөл өргөн барьсан байна. Сангийн сайд чуулганы хуралдааны үеэр тэтгэвэр, тэтгэмж нь буурахгүй гэж хэлсэн. Гэвч ахлагч, дунд тушаалын офицер, хошууч нарын цалингийн дүнгээр тэтгэмжийг бодож, 36 сараар тооцож үзээд, таван жилийн дунджаар бодоход хошууч 40,8 сая төгрөгөөр тооцоо хийгдэж байсан. Тэгвэл долоон жилээр тооцвол 37,3 сая болж, тэтгэмжийн зөрүү нь 3,4 саяар унаж байна. Ахлагч дээр гэхэд 2,2 сая төгрөгийн зөрүү гарч ирнэ. Энэ албаны онцлогийг Сангийн яам дахин судалж, анхаарах хэрэгтэй. Цэргийн албан хаагчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, төр төлдөг. Цэргийн салбарынхан тушаалаар ажлаа гүйцэтгэдэг хүмүүс. Тэд энгийн биш хүмүүс.  Засгийн газар бодлогын арга хэмжээ гаргаж байна гээд тооцооллын алдаа гаргасан байна харж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

-Сангийн яам алдаа гаргаагүй. Та нар цэргийн албан хаагчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохтой хольж ойлгоод байх шиг байна. Энэ хуульд өөрчлөлт оруулснаар цэргийн албан хаагчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг огт хөндөхгүй. Цалингийн хэмжээг тооцвол, ахлагч, офицеруудын цалин 2014 онд нэмэгдсэн, түүнээс хойш нэмэгдээгүй. Тэтгэвэр, тэтгэмжийг долоон жилээр бодох аргачлалыг 2019, 2020 онд тус тус нэг жилээр нэмнэ.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, О.Содбилэг нар хуулийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан тул гишүүдээс санал хураав. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжсэн тул Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болж, санал, дүгнэлтийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Төгсгөлд нь Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Үүгээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал өндөрлөв. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж