Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөрт зориулж үзэсгэлэн нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөрт зориулж үзэсгэлэн нээлээ

Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөрт зориулж үзэсгэлэн нээлээ

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд МАН-аас санаачлан жанжин Д.Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги академийн захирал Г.Наранбаатар нар оролцсон юм.

  • Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавьяаг бид мартах учиргүй. Үйл хэргийг нь хойч үедээ сурталчлан таниулах учиртай” гэдгийг онцоллоо.

Уг үзэсгэлэнд тавигдаж буй түүхийн эд өлгийн зүйлсийг Очирын Баатар 1966 оноос эхлэн өнөөг хүртэл 53 жилийн турш цуглуулж иржээ. Өнөөдөр тэрбээр хувийн цуглуулгуудаа МАН-д бэлэглэж буй нь энэ юм.

Анх 1966 онд Д.Сүхбаатарын үйл хэргийг сурталчлахаар нийслэлийн хоёрдугаар сургуульд ханын сонин гаргаснаар эхэлж байсан бол одоо үзмэрүүд баяжсаар жанжин Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүх зэргийг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг зэрэг 500 гаруй цуглуулгатай болжээ.

Түүний цуглуулганд Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатарын хөшөөний анхны эскиз, “Зоос гоёл” чимэглэлийн газрын даргаас дурсгасан монгол цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль гэх мэт олон зүйл багтжээ.

Сүхбаатарыг сурталчлагч О.Баатар нь анх Наваан нэртэй байсан ба 1944 онд 9 настайдаа Жанжин клубыг шинэчлэн баригдах үед аав, ээжийн хамт оролцож клубын даргаас Баатар хэмээх нэр хүртсэнийг нь билигшээж эцэг, эх нь түүнийг Баатар хэмээн нэрийдэх болсон байна. Энэ үйл явдал түүнийг Сүхбаатар жанжны эд зүйлийг үзэсгэлэн нээх хэмжээний цуглуулах эхлэл нь болсон аж.

Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлжээ. Тэрбээр 1918 онд цэргийн албанаас халагдан хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, дараа нь “Хүрээний нууц бүлгэм”-д элсэж, МАН-ыг үүсгэн байгуулж, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, харийн түрэмгийлэгчдээс улсаа чөлөөлсөн хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн түүхэн гавьяатай хүн.

1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлаас Бүх цэргийн жанжнаар томилогдсон тэрбээр 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байв. 

Эх сурвалж: nam.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж